Хүн, байгаль хоёр хүйн холбоотой гэдэг үгийг Монголчууд бид дэмий нэг хэлж, ярьдаг юм биш. Байгаль, экологийн зүй зохист тэнцвэрт байдлыг хадгалахын төлөөх тэмцэл бол Монгол орны нутаг дэвсгэрт үеийн үед монгол хүмүүс тайван, амгалан амьдрах ёстойг сануулсан үйл ажиллагаа билээ.
ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлэг, “Өглөөний сонин”, “Зиндаа.мн” мэдээллийн сайтын “Экологийн цаг” булан энэ зорилгод тулгуурласан цуврал нийтлэл, нэвтрүүлгийг үзэгч, уншигчид болоод бодлого боловсруулж, шийдвэр гаргагчдад хүргэсээр байгаа юм.
“Экологийн цаг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын домогт Алтан уул орчмын байгаль экологи уул уурхайн үйл ажиллагааны улмаас хэрхэн сүйдэж буйг газар дээрээс нь сурвалжиллаа. БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК-ийн хууль зөрчсөн, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж “Торомхон” нэрээр алдаршсан нүдний рашаан ширгэж, хайлаас мод олноороо харангадан, хатаж, Гурвантэс сумын малчид хэдэн үеэрээ нутагласан өвөлжөөнөөсөө хөөгдөж, орон нутгийн удирдлагуудын хүч мөхөсдөж буйг “Экологийн цаг” баримттай дэлгэлээ.
“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр нэвтрүүлгийн эхэнд хэлэхдээ:
“Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн энэ сайхан газар шороог бүтэн үлдээх үүрэг та биднийх... 2018 оноос Торомхоны алтны уурхай гэж энд гарч ирж, өнгөрсөн жилээс газар сэндийчилж, ийм сайхан байгалийн тогтоцтой газар орныг сүйтгэж байна. Торомхоны “нүдэн” рашаанд гар хүрч, хөндөж зүрхэлсэн байна. Харийн хүн бол энэ нутгийг ухах гэж, энэ нутгаас юм авах гэж л ирнэ. Бид өгөхгүй байх үүрэгтэй. Энд Монголчууд бид өөрсдөө буруутай гэж хэлмээр байгаа юм. Байгалиа хамгаалж төдийгөөс өдийг хүрсэн малчин ардын сэтгэл, зүтгэл рүү дайрч байгаа энэ үйл явдлыг “Шуналын дэв нүдийг чинь сохолсон байна” л гэдэг үгээр тодорхойлж хэлмээр. Эрх мэдэлтнүүд, шийдвэр гаргагчид нэг удаа энд ирээд үзсэн бол арай ч ийм шийдвэр гаргахгүй байх байсан болов уу” гэсэн юм.
БНСУ-ын хөрөнгө оруулалттай компани одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 2009 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн нутагт анхны лицензээ авчээ. Улмаар хуурай аргаар алт олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Торомхоны уурхайг нээсэн байна. Үүний дараа МV-017452 дугаартай Ямаан усны хярын алтны үндсэн орд, МV-020519 дугаартай Тамгатын зэс, цайрын орд (Шанд I)-ын тусгай зөвшөөрлүүд тус компанийн мэдэлд очсон байдаг. Эдгээр лицензийн талбайд Говь гурван сайхны дархан цаазат газрын заагт орших Монгол орны говийн гайхамшиг болсон газар орон байрладаг гэдгийг тодотгоё.
“АГМ Майнинг” ХХК Алтан ууланд уул уурхайн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш ойр хавийнх нь булаг татарч, малчдын малаа усалдаг худагнууд олноороо ширгэжээ. Нутгийн иргэд үүнийг компани дур мэдэн олон худаг ухаж, газрын гүний усаар алт угаасантай холбоотой гэж үзэж буйгаа “Экологийн цаг”-т ярьсан байна.
Хамгийн харамсалтай нь нутгийн иргэд олон жил дээдлэн сүсэглэн хүртэж ирсэн Торомхоны нүдэн рашаан энэхүү уурхай нээгдсэнээс хойш татарч, өдгөө ширгэж алга болжээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн иргэн Т.Хүүбаяр “Уг нь энд зэгсэн дунд нүд шиг оргилоод, буцалж байгаа юм шиг урсаад байж байдаг байсан рашаан одоо юу ч үгүй ширгээд байхгүй болсон. Уурхайгаас л болсон болов уу. Хажуугаар нь зам гаргачихсан. Өчигдөр явж үзэхэд байгаагүй хайс өнөөдөр ирэхэд хийчихсэн байна. Нутгийн иргэд нүдний өвчин, нүдний ханиад тусахад эндээс ирж рашаан авч, ууж эмчилдэг байсан алдартай рашаан. Уурхай эхэлсний дараа рашаан байсан. Уурхайн үйл ажиллагаа явагдаж, гүний усыг соруулж ашиглаж эхэлснээс болж л рашаан сэргэсэн гэж үзэж, хардаж байна” гэсэн юм.
Нөхцөл байдлыг газар дээр нь харсан сэтгүүлч Х.Мандахбаяр “Ингэхээр чинь байгаль яаж бүтэн үлдэх юм бэ. Рашаанаар алт угаана гэж сонссон уу, та бүхэн минь... Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг л энд болж. Бид алтаараа рашаан авч чадахгүй. “АГМ Майнинг” ХХК “Торомхон нүдний рашаан. Булаг шандыг хайрлан хамгаалцгаая” гэсэн бичигтэй самбар тавьсан байгаа юм. Тэгсэн мөртлөө яг рашааныхаа тархин дээгүүр гарч яваад ширгээчихсэн. Яг энэ самбар шигээ л үйл ажиллагааг энэ хүмүүс явуулж байгаа. Энэ самбар бол зүгээр л доромжилж байгаа хэрэг” гэж байлаа.
“Монгол төмөрлөг” нийгэмлэг ТББ-ын тэргүүн Ц.Бээжин “Монгол Улсын Рашааны тухай хуулийн дагуу рашааны бүртгэлд орсон байх ёстой рашаан, энэ бол. Рашаанаар алтаа угааж байгаа ийм цаг үе ирсэн нь арай ч дээ л гэж хэлмээр байна. Одоо ингээд рашаан байхгүй. Иргэд рашаан хаана байна гээд ирцгээгээд байна” гэсэн юм.
Нэвтрүүлгийн баг “АГМ Майнинг” ХХК –ийн кемп менежер Л.Энхбатаас “Алтаа ямар усаар угаадаг юм бэ” гэдгийг тодруулахад “Ашиглалтын талбайн доод талд манайх үйлдвэрлэлийн зориулалтаар гурван худаг зөвшөөрөлтэйгөөр, тоолууртайгаар ашигладаг. Тэндээсээ усаа татаад, богино эргэлтийн усны нөөц сан байгуулчихаад ашигладаг” гэж байлаа. Сэтгүүлч түүнээс “Газрын гүний усаар алт угааж байна, тийм үү?” гэж асуухад “Тийм” гэсэн хариултыг өгч байлаа.
Торомхоны нүдэн рашаан байсан хэсгээс доошоо явахад хайлаасны төгөл үхэж, хатсан байгаа нь ямар шалтгаантай болохыг, компанийн удирдлагууд үүнийг мэдэх үү гэдгийг кемп менежерээс асуухад “Хажуугаар нь байнга явж байсан болохоор мэдэж л байгаа байх. Миний тухайд хэлж мэдэхгүй” гэв.
“АГМ Майнинг” ХХК байгаль экологийн хууль зөрчсөн үйл ажиллагаанууд явуулж байсан нь аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар тогтоогджээ. Тиймээс тус уурхайн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргаж, лицензийг нь цуцлах саналаа БОАЖЯ-нд хүргүүлсэн ч одоо хэр нь хариу ирүүлээгүй байгаа аж.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй үйл ажиллагаа явуулсан. Усыг баяжуулах үйлдвэрт зөвшөөрөлгүй, их хэмжээгээр ашигласан гэсэн зөрчил байгаа. Багийн ИНХ-аар нарийвчилсан үнэлгээгээ хэлэлцүүлээгүй гэсэн зөрчил гарсан байна. Шороон замаар ашигт малтмалын тээвэр хийсэн, тусгай зориулалтын авто зам ашиглаагүй, барьж байгуулаагүй гэсэн зөрчлүүд гаргасны улмаас аймгийн Засаг даргын саналыг байгаль орчны газрууд руу хүргэсэн. 2019 оны наймдугаар сарын 22-ны өдөр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын нэр дээр санал явуулсан. “АГМ Майнинг” ХХК-ийн ашиглалтын гурван лицензийг хүчингүй болгох, цуцлах шийдвэрээ гаргаж өгөөч ээ. Үүний хариу ирээгүй байна” гэлээ.
Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн шалгалтаар тус уурхай лицензийн талбайгаа хэтрүүлэн олборлолт хийсэн нь тогтоогдсон байдаг. Нөхцөл байдлыг газар дээр нь очиж үзэхэд уулын бэл, сайрыг хусаж, алт угаасан нь харагдаж байлаа.
Гурвантэс сумын Гоёот багийн Засаг дарга О.Батмөнх “2019 онд олборлолт явуулахдаа хууль бусаар олон газар ухсан, олборлолт хийсэн” гэж байлаа.
Лицензийн талбайгаасаа хэтрээд алт олборлосон асуудлыг нь уурхайн кемп менежерээс тодруулахад “Миний мэдэхийн тийм юм огт байхгүй” гэсэн хариултыг өгч байв.
Компанийн геологич М.Оюунбат өгсөн тайлбартаа “Би 2019 оноос ажилд ороод ажиллаж байгаа. Энэ хэсэг газарт нинжанууд гар аргаар олборлочихсон байсан. Манайхаас сүүлд энэ хавьд тэгшлэх үйл ажиллагаа явуулсан” гэсэн юм.
Гурвантэс сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Атар:
“Энэ газар бол энэ компанийн лицензийн талбай. Гэхдээ тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан зураг төслийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой шүү дээ. Гэтэл төлөвлөгөөнд тусгагдсан талбайгаасаа хэтрүүлээд ашиглачихсан байна гэсэн үг. 2019 онд аймгийн Засаг даргын захирамжаар тус компанийн тэр жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянах, үнэлгээ өгөх ажлын хэсэг байгуулагдаад ажилласан. Шалгалтаар тухайн компани ашиглалтын талбайгаа хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсныг газар дээр нь тогтоож, ашиглалтын талбайгаас хэтрүүлсэн бүх газрыг хэмжилт хийсэн. Үйл ажиллагааг нь зогсоосон. 2020 оны гуравдугаар сарын 5-ны үед бид мэргэжлийн байгууллагад хандаад илүү ашигласан талбайд хэмжилт хийгээд хохирлын үнэлгээ тооцуулаад явж байна” гэсэн юм. Тэрбээр уулын бэл, сайрыг ухсан нөхцөл байдлын талаар хэлэхдээ “Энд илт хэн ч харсан техникээр орчихсон, зассан, түрсэн нь харагдаж байгаа биз дээ. Уулын сайрыг хамаад хоёр талын хөвөө рүү нь гаргачихсан байна. Бодвол сайрыг нь угаасан байлгүй. Энэ бол зураг төслөөс гадна” гэж байв.
Сэтгүүлч Х.Мандахбаяр хэлэхдээ “Нинжа нар ухчихсан байсан талбайг бид засаж байгаа гэж худлаа ярьж байна. Ингэж засдаг юм уу. Уулыг хажуугаас нь хэдэн зуун метр мэрээд хаячихсан. Ингэж худлаа ярьж байгаа. Ингэж Монголын төрийг доромжилж байгаа. Монголын иргэдийг, орон нутгийн иргэдийг ингэж доромжилж байгаа. Ичих ч үгүй, залуучууд нь энд ирж зогсчихоод, бодвол цаанаас нь эзэд нь зааж өгдөг байлгүй. Нинжа орсон байхад нь засаж байгаа юм аа гээд байж байна. Уулыг нурааж засдаг уу. Маш ноцтой хууль зөрчсөн энэ асуудлыг Экологийн цагдаа анхааралдаа авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ёстой. Иргэний нийгмийн байгууллагууд экологийн цагдаад хандана” гэв.
“АГМ Майнинг” ХХК Алтан уулаа тойрын олон үеэрээ малаа маллан амьдарч өнөөг хүрсэн малчдыг өвөлжөөнөөс нь хөөж эхэлснийг “Экологийн цаг” мэдээлснийг тодотгоё.
2019 онд нэг иргэний өвөлжөөг булааж авсан бол одоогийн байдлаар найман малчин өрхийн өвөлжөөний газрыг булааж авахаар, шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа аж.
Гурвантэс сумын Гоёот багийн Засаг дарга О.Батмөнх “Өнгөрсөн жил Ц.Мөнхнасан гэдэг айлын Ногоон буурь гэж өвөлжөөний газрыг хүчингүй болгож, авсан. Дандаа малчдыг зав чөлөөгүй хаврын ид ажилтай байх үед шүүхийн асуудал хөндөж гаргаж ирдэг. Малчин ард түмнийг дорой гэдэг юм уу, яадаг юм” гэж байлаа.
Өвөлжөөгөө алдах эрсдэлд орсон Гоёот багийн иргэн Д.Лхагва хэлэхдээ “Шүүхэд дуудаж байна гэсэн бичиг ирсэн. Тэрийг нь уншиж танилцаад гарын үсэг зураад явуулсан. Одоо юу болж байдаг юм. Сайн мэдэхгүй. Та бүгд явж байх юм. Танилцаж байгаа байх л гэж бодож байна. Өвөлжөөгөө алдах гээд хэцүү байна” гэж байв.
Гоёот багийн иргэн Б.Мягмарханд “Манай гурваас дээш үе амьдарч байсан нутаг усыг минь зүгээр нэг ганц цаасаар далайлгаад булааж аваад ухна, төнхөнө гээд явж байгаа. Солонгос, Хятад хэдэн янзын эзэнтэй энэ компанид үнэхээр их гомдож, харамсаж байна” гэлээ.
Малчдыг хөөж тууж байгаа энэ асуудлыг кемп менежерээс нь асуухад “Компанийн зүгээс малчдыг нэгдүгээрт тавьж байгаа” гэсэн үгийг хэлсэн юм.
Үнэхээр тэгж малчдыг нэгдүгээрт тавьж байгаа бол тэрэг техникээ аваад энэ нутгаас зайлах хэрэгтэй, тэгвэл үнэхээр нэгдүгээрт тавьсан хэрэг болно гэж сэтгүүлч Х.Мандахбаяр хэлж байлаа.
Гурвантэс сумын Гоёот багийн 530 иргэн “АГМ Майнинг” компанийн Торомхоны алтны ордын үйл ажиллагааг зогсоох асуудлаар байр сууриа нэгтгэн гарын үсгээ зурсан өргөдлөө сумынхаа ИТХ-д гаргаад байгаа юм.
“АГМ Майнинг” ХХК-ийн үйлдвэрлэл явагддаг, алт угаадаг хэсгийг “Экологийн цаг” харуулсан. Гүний усыг сорж аваад, хиймэл нуур үүсгэсэн. Ашиглалтын таван нуур үүсгэснээс болоод рашаан ус ширгэж, хайлаас төгөл хатаж, харангадаж байгаа зэрэг олон ноцтой асуудал байгааг “Экологийн цаг” нэвтрүүлэг хөндлөө.
Энэ сэдвээр үргэлжлүүлэн мэдээлнэ.
НЭВТРҮҮЛЭГ
(БҮРЭН ЭХЭЭРЭЭ)
yu l bolood baina daa mongol ulsad, tor ni sohorchihson umuu ???