Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас өнгөрсөн онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт байх Тост, тосон бумбын нуруунд уул уурхайн чиглэлээр хууль бус үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг гаргасан билээ. Тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжийн дунд "Сауд Гоби Коэл Транс" ХХК ч багтсан юм. Өөрөөр хэлбэл, тус компанийн MV-038, MV-019036 дугаар тусгай зөвшөөрлийг өнгөрсөн оны наймдугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын захирамжаар цуцалсан байдаг.
Тухайн үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Сүүлийн үед уул уурхайн салбарт ажиллаж байгаа зарим нэг олигархууд Монгол төрийн хуулийг их зөрчиж байна. Уул усыг хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурвантэс сумын иргэд газар нутгаа хамгаалж, уйлаад ярьж байна. Тэд байгалийнхаа эко систем, онгон дагшин байгалиа хамгаалж тэмцэж байна. Төрөөс юу ч гуйгаагүй. Ард түмэн нь газраа ухуулахгүй гээд байхад яагаад ухаад байдаг юм. Анхнаасаа хууль зөрчиж олгогдсон гэж ойлгож байна. Тэр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд хэд, хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан цадаж, ханадаггүй шунал вэ. Тэр “Сауд Гоби Коэл транс” компанийн лицензийг хуурамчаар үйлдсэн байна. Багийн Иргэдийн төлөөлөгчийн хурал хуралдаж тогтоол, шийдвэрээ гаргах ёстой байтал хуралдуулаагүй гарын үсэг зураад салбар яам руу нь явуулчихсан байна. Хууль зөрчиж ашигт малтмалын зөрчлийг олгосон байна. Үүнийг цагдаа, тагнуулынхан хэрэг үүсгэж шалга” хэмээн ярьж байлаа.
Тэгвэл хоёр тусгай зөвшөөрлөө цуцлуулсан "Сауд Гоби Коэл транс" компани Засгийн газрын шийдвэрийг үл огоорч, шүүхэд хандаад байгаа билээ. Өөрөөр хэлбэл, тэд өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газраас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан байна. Ингэхдээ шүүхийн шийдвэр эцэслэн гартал ямар ч нөхөн сэргээлтийг хийх боломжгүй гэдгээ мэдэгдсэн байх юм.
Харин эл мэдээлэлтэй холбогдуулан "Говийн иргэдийн санаачилга" төрийн бус байгууллагын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр өөрийн цахим хуудаснаа "Чойжилсүрэнтэнгүүд Тост, Тосон бумбыг дахин ухах гэж улайрч буй баримт энэ байна. Даравч дардайна, булавч бултайна. Захиргааны хэргийн шүүхэд өнгөрсөн оны аравдугаар сард “Сауд Гоби Коэл транс” ХХК-ийн гомдлоор захиргааны хэрэг үүсгэжээ. Яагаад энэ мэдээллийг иргэдээс нуув. Энэ асуудалд хамаарах бүх шатны төрийн байгууллага, захиргааны хэргийн шүүхээс ч мэдээлэл задрахгүй хэдэн сар дарагджээ. Эцсийн хүчээ шавхаад тэмцэх болно. Эх орон, газар шорооныхоо төлөө эрслэн босох уриалгыг олон сонсож байсан. Ийм л учраас иргэд эцэстээ тултал гомдож, бухимдаж байна. Тост, Тосон бумбад нөхөн сэргээлт хийхгүй байсны цаад шалтгаан ийм байжээ. Одоо яах вэ?! Үнэн хаана байна!?..." хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Нөхөн сэргээлт хийхгүй бол удамаараа сүйрнэ гэсэн үг.