УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын тайлангийн сэтгүүлдээ нийтэлсэн ярилцлагыг манай сайт цувралаар хүргэж байна.
Энэ 2020 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд ямар зорилтууд тавьсан бэ?
Үүнийг ярихаас өмнө 2018 оны биелэлтийг 2019 оны 4-р улиралд хэлэлцдэг шүү дээ. Ер нь бид хаана нь алдав, орлогоо үнэхээр олж авч чадсан уу, зарлага тодорхой хэмжээнүүддээ очсон уу, хөрөнгө оруулалтын зардал хүрсэн үү? Хөрөнгө оруулалтын зардлуудаа бид тодорхой хэмжээнд хүргэж, зарим нь тендерүүдээ яг цаг хугацаанд нь зарлаж чаддаггүй шүү дээ. Хөрөнгө оруулалтууд буцдаг ч юм уу, иймэрхүү зүйлүүд гардаг. Тэгвэл 2018 онд орлого бодож байсан хэмжээнээсээ давж орсон юм байна. 2019 онд ч гэсэн төлөвлөж байсан хэмжээнээс илүү орлого орсон байна. Энэ юуг хэлж байгаа вэ гэхээр, Монгол Улсад потенциал байгаа. Харин зарлагынхаа хувьд бид үнэхээр үрэлгэн, баян улсуудаас илүү үрэлгэн байна. 2020 оны Нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийн хувьд дан ганц уул уурхайн бүтээгдэхүүнээс үл хамаарсан байх ёстой гэсэн чиглэл гарсан. Ялангуяа эдийн засаг солонгорсон байх ёстой гэж тусгасан гэж ойлгож болно.
Уул уурхайн салбарын дараагаар эдийн засгийн нөөц бүрдүүлэхэд чухал оролцоотой ямар салбар байна?
Улс орны эдийн засгийг солонгоруулах асуудал бол хамгийн чухал. Би түрүүн Австралийн эдийн засгийн бүтцийг ярьсан. Ерөнхийдөө уул уурхайн салбарыг гол болгохоор их олон эрсдэл үүсдэг. Жишээлбэл, Австралид үер их болдог, гал түймэр их гардаг. Үүнээс болоод эдийн засагт сөрөг нөлөө нь их байдаг юм байна. Тийм болохоор дан ганц уул уурхайгаас хамааралгүй эдийн засгийг бий болгохын төлөө тэмцдэг. Жишээлбэл, Арабын Нэгдсэн Эмиратад ганцхан нефтийн үнээс хамааралтай байхгүйн тулд гадны бизнес сегментүүдийг ихээр татаж байна. Тэнд хүмүүс очиж орон сууц барьж байна, орон сууц худалдаж авч байна. Компаниуд очиж агуулахаа барьж байна. Тэнд компаниуд үүд хаалгаа нээхэд ямар ч татваргүй, зөвхөн талбайн хэмжээгээр нь төлбөр авдаг. Танай үйлдвэр тэдэн метр квадрат талбай эзэллээ, эндээ хэдэн мянгын орлого олсон ч гэсэн та нар зүгээр газрынхаа төлбөрийг л төлнө шүү гэдэг. Гэхдээ мэдээж бизнесийн чиглэлийг нь зааж өгнө. Учиргүй дайн байлдааны онгоц хийгээд байж болохгүй, хортой химийн бодис хийгээд байж болохгүй гэх мэтээр чиглэл зааж өгнө. Тэнд нээлттэй учраас дэлхийн хөрөнгө ер нь тийшээ урсаж байна шүү дээ. Түүнтэй адилаар уул уурхайн салбарын дараа, миний бодлоор, аялал жуулчлалын салбар орох боломжтой. Монгол Улсад аялал жуулчлал хөгжих бүрэн суурь байгаа гэдгийг бид олон жил ярилаа. Чөлөөт бүсээ сайн хөгжүүлэх хэрэгтэй байна. Хятад, Америкийн хоорондын худалдааны дайнаас шалтгаалаад Хятадын үйлдвэрүүд Вьетнам, Бангладеш зэрэг зүүн Өмнөд Азийн чиглэл рүү нүүж байгаа. Энэ их нүүдэл дундаас ядаж 1,2 хувь нь Монголд ирж суурьших ёстой. Энэ талаар бид бас тодорхой арга хэмжээ авах ёстой. Үүнийг бас үндсэн чиглэл дээрээ заасан. Мэдээж Уул уурхайн салбар, Хөдөө аж ахуйн салбарын араас явж байгаа салбар бол Аялал жуулчлалын салбар, үйлчилгээний салбар гэж шууд утгаараа ойлгож болно.
Эх сурвалж: УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын
2016-2019 оны ажлын тайлан сэтгүүлээс
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250