...
...

"СТРАТО"-гийн гэх 430 км шороон замын хууль бус тээврийг БҮРЭН ЗОГСООЛОО

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд, аймаг, сумдын удирдлагууд, иргэдийн хамтарсан ТЭМЦЛИЙН үр дүнд Зам, тээврийн  хөгжлийн яам 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр чухал шийдвэр гаргалаа.

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “Их дэлгэмэл ингүүмэл” ХХК-ийн зам эзэмших түр гэрээг цуцалж, Цогтцэцийгээс Чойр хүртэлх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоолоо.  Иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн иргэд, аймаг сумдын удирдлагуудын тэмцэл, шаардлагаар “Страто” ХХК-ийн эхлүүлсэн гурван  аймгийн долоон  сумын нутаг дэвсгэрээр 430 км үргэлжилсэн шороон замтай газар дээр нь танилцсан ЗТХЯ-ны ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлийн хурлаар ийнхүү шийдвэрлэсэн  юм. Төрийн байгууллагын энэхүү шийдвэр гарах хүртэлх өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гурван аймгийн, долоон сумын 13 багийн газар нутаг экологийн хохирол үзэж, малчид, иргэд, мал амьтад шороон замын тээврийн улмаас тоосжилт дунд амьдарч байсныг сануулах нь зөв байх.  “Страто” ХХК Тавантолгой ордын нүүрсийг Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын хоёрдугаар  багийн нутагт байрлах нүүрс угаах үйлдвэртээ хүргэхийн тулд Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт, Өндөршил, Гурвансайхан, Баянжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр гэсэн сумдын нутгаар дайран 430 км шороон замаар тээвэр хийх замыг анх 2018 онд анх үүсгэсэн байдаг.

ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлгийн сурвалжлах баг Говьсүмбэр аймгийн Шивээговь, Дундговь аймгийн Баянжаргалан, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж, шороон замын нүүрсний тээвэрлэлт нутаг оронд, иргэдэд, мал амьтанд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар цуврал сурвалжилгуудыг хүргэж байсныг сануулах нь зөв байх. Түүнчлэн  “Страто”-гийн зам гэх нэршилтэй болсон нүүрсний тээврийн шороон зам зөвхөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт гуравхан километр зайд гэхэд 39 салаа байгааг “Экологийн цаг” нэвтрүүлгийн сурвалжлах баг энэ сарын 7-ны өдөр газар дээрээс нь сурвалжлан, мэдээлж байв.   Өмнөговь аймгийн Цогтцэций сумын малчид бэлчээр, газар нутгаа хамгаалахын тулд тайван замаар тэмцэж эхэлсэн тухай мэдээлэл орон нутгаас “Экологийн цаг”-т  ирж байсан юм.

"Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ, "Хил хязгааргүй алхам" ТББ-ын зүгээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн нутаг хийгээд Дундговь, Говьсүмбэр аймгийн сумдаар шороон замаар нүүрсний тээвэр хийхийг  таслан зогсоох шаардлагыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтан, сайд нарт хүргүүлсэн.

Мөн дээр дурдсан иргэний нийгмийн байгууллага, Өмнөговь, Дундговь аймгийн сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон иргэдийн төлөөлөл шороон замын тээврийг зогсоох, тус улсын чанартай зам болгон өөрчилсөн нүүрс тээврийн замын ангиллыг өөрчлүүлэх албан шаардлагыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд гуравдугаар сарын 30-ны өдөр хүргүүлсэн юм.  Мөн тухайн өдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд уг хууль бус  үйлдлүүдийг холбогдох баримттай нь танилцуулж, шаардлага гардуулсан. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 7-ны өдөр  Өмнөговь аймагт нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгаагаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж, хохирол учруулж байгаа асуудалтай Байгаль орчны аялал жуулчлалын яамны холбогдох мэргэжилтнүүд болон “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Хил хязгааргүй алхам” ТББ-ынхан газар дээр нь танилцсан юм.  Улмаар дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэл гурван аймгийн долоон сумын нутаг дэвсгэрийг дамнасан 430 км үргэлжлэх шороон замын хууль бус тээвэр бүрэн зогслоо.

Гурван аймгийн  нутгийг дамнасан нүүрсний шороон замын тээврийг зогсоохын тулд тэмцсэн "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр “Эх нутгаа хамгаалах, иргэдийнхээ эрх ашгийг дээдлэх, хуулийг сахин биелүүлэхийн төлөөх иргэдийн шударга тэмцэл ялалтад хүрлээ. Энэ асуудлыг анхлан гаргаж тавьж тэмцлийг эхлүүлсэн “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан болон тэмцэлд нэгдэн орсон Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай, Дундговь аймгийн Өлзийт, Баянжаргалан, Гурван сайхан, Өндөршил, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэд, удирдлагууддаа баяр хүргэж, аз жаргал, ажлын амжилт хүсье” хэмээсэн юм.

 “Хил хязгааргүй алхам" ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан хэлэхдээ  “Говийн иргэд, малчид, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлэг, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын хамтарсан тэмцэл “Страто” ХХК-ийн үүсгэсэн шороон замын тээврийг зогсоолоо. Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Цогтцэцийгээс Чойр хүртэлх шороон замын хууль бус тээврийг бүрэн зогсоосон шийдвэр гарчээ. Ингэснээр Их газрын чулуу, Загийн усны хоолой, Уул хадаргана аврагдлаа. Харин экологийн нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн үүргээс “Страто” ХХК чөлөөлөгдөхгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ