...
...

Малчид нутгаа, овоот хайрханаа хамгаалан тэмцэж байна

Уул уурхайн салбар Монголын эдийн засагт нэн чухал оролцоо, нөлөөтэй ч хариуцлагагүй уул уурхай эрхлэгчид байгаль орчинд ихээхэн хор хохирол учруулж буйг “Экологийн цаг” цувралаар мэдээлж байгаа.

Тэгвэл ТВ8 телевизийн “Экологийн цаг” нэвтрүүлэг энэ удаа Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Баянхошуу багаас үзэгчдэд хүрлээ. “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд, “Экологийн цаг” нэвтрүүлгийн баг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын малчдын хүсэлтээр тус сумын Баянхошуу багт ажиллажээ.

Мандал-Овоо сумын нутагт “Олон-Овоот”, “Зөв зүг” зэрэг компаниудын хайгуулын ес, ашиглалтын 13 тусгай зөвшөөрөл байгаа аж.

Энэхүү 22 тусгай зөвшөөрлийн ихэнх нь алтных юм. Хэдийгээр уурхайнуудын зарим нь албан ёсоор олборлолтын үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч хууль бус буюу хулгайгаар алт ухаж, жонш олборлон том тэргээр ачиж байгаагаас шалтгаалан байгаль орчин сүйдэж, олон салаа зам гарч, Мандал-Овоо, Цогт-Овоо зэрэг сумдад хөрс ихээр сүйдэж буйг нутгийн удирдлагууд хэлсэн байна.

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Засаг дарга Ц.Санжаа “Баянхошуу багт  2003 оноос хойш алтны уурхай эрчимтэйгээр ажиллаж байгаа. Алдартай Олон-Овоотын уурхай байдаг баг. Энэ уурхайн үйл ажиллагаа 2009 оноос зогссон. Нөхөн сэргээлт байхгүй. Хэдэн ухсан нүх, эвдэрсэн зам үлдсэн байна даа. Үүний дараагаар “Алтжин”-гийн Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн  “Зөв зүг” компани 2015 оноос өнөөдрийг хүртэл жонш олборлох үйл ажиллагаа явуулж байна. Үүний хор нөлөөгөөр бэлчээр, зам харгуй сүйтгэгдэж байна. Уурхайн яг хажууд бидний өвөг дээдсээс уламжилж, тахиж ирсэн Овоот хайрхан гэж байгаа. Энэ хайрханд бараг хүрчихсэн ингээд явж байна.

Мөн уурхайтай ойрхон Хүннүгийн үеийн булшнууд байдаг. 2015 оноос энд жоншны  уурхай ажилласнаас хойш орон нутаг, нутгийн иргэдэд наалдсан юм байхгүй. Шаардлага тавихад оруулахгүй гэдэг, зэрлэгшсэн нэг уурхай байдаг” гэлээ.

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарга Э.Чойжилсүрэн хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд жоншны олборлолт нэмэгдэж буйтай холбоотойгоор манай сумын отрын бэлчээр сүйдэж байна. Нөлөөллийн бүсэд байгаа арав гаруй айл бий. Манай сумын нутаг дээгүүр дайран өнгөрч байгаа шороон зам 60 гаруй км байгаа. Нэг замаараа явж байхад харьцангуй гайгүй байсан. Олон жил яваад, хайрхануудын энгэрээр гараад, дундуур гараад, цохионы энгэрээр явж байна. Малын бэлчээр бол асар их сүйдсэн. Явж байгаа машинууд том машин болохоор хөрсийг яаж эвддэг вэ гэдгийг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэжу байгаа биз. Малчдын зүгээс ядаж нэг замаар явуулаач ээ гэдэг шаардлага тавьж байгаа. Уржнан бол цаг их сайхан байж. Бороо, ногоотой байсан. Түүгээр далимдуулж шинэ зам ууд гаргачихсан” гэж байлаа.

Баянхошуу багийн малчдын хэлж байгаагаар нутгийн иргэдийн тахин шүтдэг овоо, хайрханы хойд талаар жонш ачсан автомашинууд шороон замаар байнга тээвэр хийж, шороо  босгож буйгаас их хэмжээний тоосжилт, түйрэн үүсэж, хүн, мал амьдрах орчин сүйдэж байгаа аж. Дундговь аймгийн машинууд ирж, хулгайгаар жонш ачиж байхыг нутгийн иргэд олонтаа харж байснаа “Экологийн цаг” нэвтрүүлгийн багийнханд хэлсэн байна. Алт, жонш ухаж газар нутаг сүйдэлж буй хүмүүсийг сумын малчид, иргэд, удирдлагууд нутаг дээрээсээ явахыг шаарддаг ч үл тоодог аж. Тиймээс ч өнөөдрийг хүртэл малчид, иргэдийн шаардлага ямар ч үр дүнд хүрээгүй гэдгийг хэлж байлаа. Гэхдээ иргэд бууж өгөлгүйгээр тэмцэх хүсэлтэй байна. Нутаг орныхоо байгаль орчин, өөрсдийнхөө амьдрах газар нутгийг бүтэн авч үлдэхийн тулд лицензгүй сум, лицензгүй баг болох зорилгыг тавьж, тэмцэнэ гэдгээ хэлж байна.
 


Баянхошуу багийн иргэн Н.Мөнхбаярын  өвөлжөө бууц  нь “Зөв зүг” компанийн уурхайгаас тав ч хүрэхгүй  км газарт байрладаг аж. Тэрбээр  хэлэхдээ   “Тэр уурхайн хүмүүстэй уулзахаар танайх нөлөөллийн бүсэд орохгүй гэж хэлдэг. Яахав, манайх орохгүй байж болно. Орохгүй байлаа гэхэд энэ “Зөв зүг”-ийнхэн манай сум орон нутагт ямар ч өгөөж нөлөөгүй. Тийм мөртлөө манай газар нутгийг ухаж аваад байгаа” гэв. Мөн Баянхошуу багийн иргэн Р.Нандинцэцэг  “Зөв зүг” гэж компани урдхан талд нь айлын мал бэлчиж байхад тэсэлгээ хийгээд л байж байдаг. Бэлчээр нь ухчихсан юм чинь айлын мал бэлчихгүй гээд яахав” гэж байлаа. Малчин Р.Ганбаатар “Жоншны зам манай усны урдхан талаар 100 метр явна. Жаахан чийг шороотой үед ард талаар явдаг. Тэгээд машин явахаар салхитай өдөр бол мал услахын аргагүй. Тоосжилт, түйрэн босоод бид бараг бие биенээ таних аргагүй болдог” хэмээн нөхцөл байдлаа учирлаж байлаа.

Малчин Р.Ган-Аюуш  “Жоншны тээврийн машины үүсгэсэн шороо тоос, түйрэнгээс бол зам дээр тэмээ өеөдөж, үхэж байсан. Малчид бид төр засгаасаа хандив тусламж гуйж нэгдээгүй. Байгаль, дэлхий, алга дарам газраа хайрлаач, бүтэн үлдээгээч л гэсэн үүднээс тэмцэж байна”  гэсэн юм. Нутгийн иргэд говийн хөрс эргэж нөхөгдөнө гэж удна шүү дээ гэж байлаа. Нутаг орон нь хариуцлагагүй уул уурхайд талхлагдаж буйд харамссан өндөр настай ээж, охин хоёр аймгийнхаа төвөөс унаган сум, багаа зорин ирж, тэмцэлд нэгдэж, үгээ хэлж буйг   “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр онцолж байсан юм.

Үеийн үед шүтэж ирсэн Овоот-Хайрханаа тойрон нутагладаг Мандал-Овоочуудын сэтгэл бухимдалтай  байна. Баянхошуу багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг алт, жоншны уурхайн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль сүйдэж, хүний эрүүл мэнд хохирсон харамсалтай тохиолдлууд цөөнгүй байгааг малчид хэлж байв. Түүнчлэн жонш олборлох тусгай зөвшөөрөлтэй “Зөв зүг” ХХК-ийн уурхайн ажлын нөлөөнд нутгийн иргэдийн олон жил тахин шүтэж ирсэн Овоот хайрханы өвөр бэл сүйдэж мэдэх аюул тулгарсан тул  “Зөв зүг” компанийн лицензийг цуцалж, уурхайг хаахыг шаардаж буйгаа  “Экологийн цаг”-аар дамжуулан илэрхийллээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ