...
...

Л.Цолмонгэрэл: Сонгуульд нэр дэвшигчид НЭГ ХЭВИЙН УЙТГАРТАЙ дүр төрхийг бүрдүүлээд байна

Сонгуулийн жил болж байгаа энэ үед улстөрчид өөр, өөрийн дүр төрхийг бүрдүүлж, олныг гайхшируулсан эсвэл эгдүүцэл төрүүлсэн олон пиарыг ар араасаа хийж байна. Улс төрд өөрийн гэсэн давтагдашгүй имиж бүрдүүлэлтийг хэрхэн хийх талаар Улс төрийн имижмэйкер, Төрийн удирдлагын докторант Л.Цолмонгэрэлтэй ярилцлаа


-Имиж бүрдүүлэлт гэдэг мэргэжил дэлхийн түүхэнд хэдэн оноос эхэлж нэвтэрсэн юм бол, Монгол Улсад хэзээнээс энэ тал дээр бүрэн анхаарах болов?

-Имиж бүрдүүлэлтийн асуудлыг XX зууны 60-аад оны үеэс шинжлэх ухааны түвшинд судалж эхэлсэн бөгөөд Америкийн эдийн засагч Болдуинг анх шинжлэх ухааны эргэлтэд оруулсан. Улс төрийн кампанит ажлыг зохион байгуулах тусгай агентлагийг 1953 онд АНУ-ын Калифорни мужийн иргэн Вейтхаккер, Вактер хэмээх гэр бүлийн хос байгуулсан нь анхдагч юм. Улмаар Герман, Франц улсад хөгжиж эхэлсэн. Манай улсад 1990 оноос  имиж бүрдүүлэлтийг ярьдаг болсон бөгөөд улс төрийн имиж бүрдүүлэлт тал дээр  докторын зэрэг хамгаалсан Лхагвадорж, Батцэрэн гээд хоёрхон л хүн байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн жишээн дээр доктор хийж байсан. Улстөрчийн имиж бүрдүүлэлт  манай оронд сүүлийн үед эрчимтэй хөгжих эхэлж байна.

Миний бие тун удахгүй Удирдлагын академид “Төрийн өндөр албан тушаалтны улс төрийн имиж бүрдүүлэлт, нөлөөлж буй хүчин зүйлс” сэдвээр докторын зэрэг хамгаална.

-Сонгуулийн жил болж байна. Улс төрийн имиж бүрдүүлэлт гэдэгт ямар, ямар ойлголт багтдаг вэ?

-Стиль гэдэг нь хүний хувцаслалт, үс засалт, нүүрний будалт зэрэг гадаад төрхийг илэрхийлдэг бол имиж нь хүний дотоод мөн чанарын гадаад илрэл гэж хэлдэг. Энэ нь салбар бүрд өөр, өөрийн онцлогтой. Бизнес, урлаг соёл, улс төрийн имиж харилцан адилгүй байдаг. Улс төрийн имиж бүрдүүлэлт гэдэг нь тухайн хүнийг бүрэн дүүрэн илэрхийлэх зорилготой бөгөөд цаашдын карьерт маш чухал үүрэгтэй. Биеийн хэлэмж, үг яриа, уриа лоозон, мөрийн хөтөлбөр, харц, биеэ авч явах байдал, дуу хоолойны өнгө гээд бүхий л зүйл дээр тулж ажиллах мэргэжлийн чадварлаг имиж бүрдүүлэгчтэй хамтарч ажиллах хэрэгтэй.

-Анзаараад байхад улс төрчид өөр, өөрийн гэсэн өнгийг бүрдүүлж байна л даа. Өнгө гэдэг хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг юм шиг?

-Улстөрчийн зохимжтой өнгө гэж бий. Цэнхэр, хар хөх, хар саарал өнгө бол улс төрчдийн гол өнгө. Уг өнгө нь хүч чадал, ёс зүй, эрх мэдлийг илэрхийлдэг. Сүүлийн үед улс төрч эмэгтэйчүүд ягаан өнгөөр ялгарч гарч ирж байна. Жишээ нь, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ягаан өнгөөр гангардаг бол нэр дэвшигч бүсгүйчүүд мөн ягаан өнгийг сонгосон харагдаж байна. Жишээ нь дуучин Нара буюу М.Нарантуяа түрүүчийн сонгуулиар цэнхэр өнгөөр голлож байсан бол энэ жил ягаан өнгөөр голлож байна. Мөн тухайн улс төрчийн зан байдал, зүс царайд нь тохируулаад шинэлэг өнгийг бий болгож болдог. Өнгө гэдэг хэл ус, шашин шүтлэг, нас, хүйс хамаарахгүйгээр хүмүүст адилхан дохио илгээмжийг өгүүлж байдаг. Улс төрч хүн улаан өнгийг  сонгох нь ялалтын бэлгэ тэмдэг. Гэхдээ үргэлж улаан яваад байж болохгүй. Олон нийтийн өмнө гарахдаа, зурагтын нэвтрүүлэг, ярилцлагад орохдоо улаан зангиа, цүнх, дэвтэр, бал гээд аль нэгийг нь ээлжлэн хэрэглэх хэрэгтэй. Мөн эфирийн тохижилт нь улаан өнгийг оруулсан байвал зүгээр. Улаан өнгө эрч хүчтэй харагдуулдаг. Дараа нь улаан өнгийг харангуут тэр хүн санаанд нь орохоор  байх хэрэгтэй. Яг л “Юнител”-ын ногоон өнгө гэдэг шиг. Нэг зүйл анхааруулахад улс төрд тас хар өнгө байж болдоггүй. Уг өнгө нь хаалттай, нууцлаг өнгө. Энэ өнгө үдэшлэг,  цэнгүүнд тохирдог.

-Улс төрийн имиж бүрдүүлэлт гэдэг нь зөвхөн гоё сайхан, ажил хэрэгч харагдахдаа биш дахин давтагдашгүй өнгө төрхийг бүрдүүлэхдээ юм байна. Дахин давтагдашгүй имижийг бүрдүүлэхийн тулд эхлээд яах ёстой вэ?

-Манай улстөрчдийн алдаа дутагдал нь нэг нэгнээ дуурайсан адилхан хэв маягтай, хувцаслалттай харагддаг. Бас зурган дээрээ л гоё гарвал болно гэж үзэх нь өрөөсгөл ойлголт. Жишээ нь, нэр дэвшигчид  тойргийнхоо социологийн судалгааг авах хэрэгтэй. Хэдэн насны, ямархуу амьжиргаатай, ямар ажил мэргэжилтэй, хэдий хэрийн хүн байдаг юм гэдгийг нарийн судлаад  тухайн тойргийн иргэдийн хүсэн хүлээж байгаа имиж дүр төрхтэй улстөрчийг бүрдүүлэх шаардлагатай. Нийгмийн сэтгэл зүй сонгуулиас сонгуулийн хооронд өөрчлөгдөж байдаг. Тус тойрогт бэлтгэгдсэн төрийн түшээ хүсэж байна уу, ард иргэдтэйгээ ойр ажилладаг энгийн хүн хүсэж байна уу, зарчимч шударга хүн хүсэж байна уу, дайчин тэмцэгч хүн хүсэж байна уу гэдгийг тодорхойлчихоод имижээ бүрдүүлбэл зохино.

-Имиж бүрдүүлэлт тал дээрээ улс төрчдийн гаргадаг нийтлэг алдаа юу харагдаж байна вэ?

-Аливаа шинэ улстөрчид нийгэмд танигдахдаа маш зөв танигдах ёстой. Ямар ч хамаагүй аргаар нийгмийн анхаарлыг татах, өөрийгөө таниулах гэсэн хандлагатай байгаа нь нэг том алдаа. Хүнийг анх харсан эхний долоон секундийн сэтгэгдэл насан туршид нь хадгалагдан үлддэг. Анхнаасаа нийгэмд буруу танигдчих юм бол иргэдийн сэтгэлд тэр хэвээрээ л дурсагдаад байдаг. Хүн өөрт таалагдсан зүйлдээ л нааштай хандаж анхаарна шүү дээ. Гадаад дүр төрх, хувцаслалт, зураг авалт гэдэг имиж бүрдүүлэлтийн 25-30 хувь нь. Цаашлаад улс төрийн ямар тактик хэрэглэх вэ гээд олон ажил байдаг. Нэрийг нь хэлээд яах вэ, нэг улстөрч алсын хараа гэдэг үзэл баримтлал бүхий зураг авахуулж л дээ. Зураг гэдэг үггүйгээр бүхнийг илэрхийлэх ёстой. Харамсалтай нь нүднийхээ булангаар харсан зургийг нь тавьчихсан байгаа юм. Энэ бол том алдаа. Нүдний харц гэдэг бол маш их зүйлийг илэрхийлдэг. Амаараа худал ярьж байхад харцаараа үнэн хэлж байдаг шүү дээ. Үүн дээр хамтран ажиллаж байгаа хүмүүс нь анхаарах ёстой. Мөн боловсрол мэдлэгтэй, чадвартай улс төрчид байгаа боловч түүнийгээ илэрхийлэх чадваргүй бол цааш ахихгүй. Улстөрч маш сайн илтгэгч байх ёстой. Түгдчээд, буруу зөрүү зүйл ярьж иргэдийн амны зугаа болж байгаа ч хүмүүс байж л байна. Өөрийнхөө давуу талыг харуулах гээд хэтрүүлчихсэн бичлэгүүд ч харж л байлаа. Үлгэрийн баатар болж хувирч ч байх шиг. Хэтэрхий тавилттай, хэтрүүлэгтэй  байх нь эргээд өөрт нь сөргөөр нөлөөлж байгаа юм. Энэ мэтчилэн уур хүрмээр ч юм шиг, инээд хүрмээр ч юм шиг пи ар араасаа цуварч эхэлснийг та бүхэн харж байгаа байх. Мөн зарим эмэгтэй улстөрч маань давуу талаа тодотгож, сул талаа далдалж хувцаслах тал дээрээ анхаармаар санагддаг.

-Улстөрч уран илтгэгч байх ёстой гэдэг. Төгс сайхан ярьдаг хэр нь ам, ажил хоёр нь зөрдөг улстөрчид байдаг шүү дээ. Ер нь олны өмнө өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх тал дээр зөвлөгөө өгвөл?

-Улс төр гэдэг амархан тоглоом биш. Манайхан нэг ухаан орсон юм шиг сонгууль дөхөхөөр пиарын багаа бүрдүүлдэг. Уг нь хэдэн жилийн өмнөөс өөрийгөө бэлдэх ёстой. Цаг нь тулсан, судалгаагүй мөрийн хөтөлбөрүүд амлаж гарч ирээд хэлсэндээ бүдэрдэг ч хүмүүс байна. Үнэхээр  чадвартай, чадалтай хэр нь ярьж чаддаггүй хүмүүст ярих урлаг, дипломат үг ярианы хичээл сургалт орох хэрэгтэй. Маш чухал зүйл ярьж байгаа хэр нь хүмүүст хүргэж чадахгүй, нэг хэвийн өнгөөр яриад байвал хүмүүс сонирхохгүй. Чухал үед нь дуу хоолойны өнгөө өндөрсгөх, намсгах хэрэгтэй. Танхим дүүрэн хүний өмнө сандарлаа гэхэд биеийн хэлэмж, харц, дуу хоолойных нь өнгө хэлээд өгдөг. Өөр дээрээ ажиллаж, бэлтгэл хийх, хүмүүсийг өөртөө яаж татах вэ, хэрхэн ярих вэ гэдэг тактикийг эзэмших ур чадвар суух хэрэгтэй. Камертай хэрхэн харьцах вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Сэтгүүлчдийн гэнэтийн асуултад хэрхэн хариулж, өөрийгөө авч гарах вэ гээд эзэмшвэл зохих олон чадварыг эзэмшиж байж улс төрч болдог. Нэг л асуултад бүдэрсэн амьд түүх улс төрчдийн дунд олон шүү дээ. Уран илтгэгчид ч олон. Жишээ нь, тэмцэгч С.Ганбаатарыг үргэлж хашхирч, тод чангаар ярьдаг юм уу гэхэд ярилцаж байгаа хүн болон орчиндоо тохируулж дуу хоолойных нь өнгө өөр, өөр байсан шүү.

-Хэн илүү дуугарч, олон удаа зурагтаар гарч байгаа нь олонд танигддаг болчихсон.  Сонгогчдын боловсролын тал дээр таны бодол?

-Олон нийтийн улс төрийн боловсрол, мэдлэгийг сайжруулахгүй бол хэн зурагтаар их гарна, хэн их ярина тэр хүнд итгэх магадлал өндөр байдаг.  Ард иргэдийн сонгуулийн боловсрол хөгжиж байж улс төрчдөд тавих шаардлага өндөрсөнө. Жил ирэх бүрд сайжирч байгаа. Энэ жилийн сонгуулиар боловсролтой, мэдлэгтэй, чадвартай, зөв үзэл баримтлалтай хүнийг сонгоно гэж найдаж байна.

-Олны танил болох хэрэгцээ, шаардлага улстөрчдийн дунд байна. Хар, цагаан пи арыг өөрсдөө тараадаг л гэнэ. Ямар, ямар пи арын аргууд байдаг вэ?

-Олны анхаарлыг татах аргууд олон байдаг. Гэрэлтүүлэх, сүүдэртүүлэх, бүдгэрүүлэх, торнадо гэх зэрэг аргуудыг манайхан их хэрэглэдэг. Гэрэлтүүлэх арга нь мэдээж бүхий л сайн сайхныг нь тодотгож, товойлгодог бол сүүдэртүүлэх арга нь хар пи ар юм л даа. Мөн өмнөх амьдралын алдааг нь зөвтгөх ч тактик бий. Бас ард түмний дунд сайн нэр хүнд олж байгаад хэсэг нам гүм болж үгүйлэгдэх тактик байдаг. Тэгвэл торнадо арга нь нийтийг хамарсан байгалийн гамшиг, гал усны аюул, өвчин зовлон тохиосон үед хамгийн түрүүнд очиж халамжлан туслах арга юм. Эсрэг талаа улс төрийн тавцангаас арчих тактик ч гэж бий. Энэ тактикаар нэгнээ маш их унагаж балбаж байна даа. Тэгэхээр тэр хүн рүү чиглэсэн муу, муухай бүхэн бүгд үнэн биш байж болох тул ард иргэд хэн үнэн, хэн худлааг ялгах боломжгүй байдаг. Жишээ нь АНУ-д 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трамд, Хилари Клинтон хоёр бие биеийнхээ хөндөж болох бүх сэдвийг хөндсөн. Ажил алба, хувийн амьдрал, нууц амраг, ор хөнжил гээд хөндөөгүй сэдэв байхгүй. Энэ бүх мэдээлэл нь Трампынх таван сая удаа, Клинтоных долоон сая удаа шейр хийгдсэн байдаг.  Өрсөлдөгч тал руугаа эхэлж хар пи ар хийх нь эсрэг сурталчилгаа байдаг бол тухайн өрсөлдөгч тан руу  хариу болгож явуулж байгаа пи ар нь сөрөг сурталчилгаа болдог. Энэ мэтчилэн манайд нэг сэжүүр олбол түүнийг нь гаргаж ирээд дэвэргээд, сэвээд эсрэг, сөрөг сурталчилгаа маш их хийдэг. Түүнийг троллууд нь хэдэн мянгаар нь шейр хийдэг.  Энэ бүхэнд боловсрол тааруу ард иргэд итгэж байдаг. Улс төр гэдэг хэнийг ч хэлмэгдүүлээд ч хамаагүй арчихад бэлэн салбар.

-Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг дээ. Манай улстөрчид сонгууль дөхөөд ирэхээр л эхнэр хүүхдийнхээ хамт авахуулсан аз жаргалтай гэрэл зураг, бичлэгээ дэлгээд эхэлдэг. Гэтэл хөшигний ард салж сарнисан, олон эхнэртэй гэх мэт таагүй мэдээнүүд сонсогдож л байдаг шүү дээ?

-Эртнээс уламжлагдаж ирсэн сургаал, ухаанд гэрээ засаад төрөө засах учиртай. Гэтэл гэр бүл нь салж сарнисан хэр нь хамт авахуулсан зургаа олон нийтэд дэлгэж, дүр эсгэж байгаа улс төрчид байдаг. Түүнийг нь мэдэхгүй хүмүүс сайн сайхнаар бодож итгэнэ. Энэ бол ёс зүйгүй үйлдэл. Магадгүй эхнэр, хүүхдийнх нь харц аз жаргалтай байна уу гэдгийг ажиглахад гэмгүй байх.  Бахархам төлөв түвшин, сайхан гэр бүл эрийн чимэг, гэргийн түшиг байдаг болохоор улс төрийн имиж бүрдүүлэлтийн нэг хэсэг яах аргагүй мөн.

Онцлох мэдээ