...
...

Т.Өрлөг: Би хүүхэд байхаасаа л ар Монголд ирэхийг хүсдэг байсан

“Монгол тв”-ийн “The Voice of Mongolia”-2 шоуны оролцогч Т.Өрлөгтэй ярилцлаа. Тэрбээр “The Voice of Mongolia” шоуны өнгөрсөн долоо хоногт гарсан Монгол дууны шатнаас хасагдсан билээ

-Юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Намайг Т.Өрлөг гэдэг, 1989 онд төрсөн. Өвөр Монголын Хянган аймгаас ирсэн. Одоогоор Монгол Улсын консерватурт их хуурын мэргэжлээр суралцаж байгаа энэ жил төгсөх анги. Гэр бүр зохиогоогүй, Монголд ганцаараа байдаг. Өвөр Монголд аав, ээжийн хамтаар амьдардаг байсан.

-Монголд хэд дэх жилдээ амьдарч байна вэ?

-Монгол Улсад ирээд тав дахь жилдээ амьдарч байна.

-Эндхийн амьдралд дасч байна уу. Хэцүү зүйл тохиолдох, соёлын ялгаа гарч байв уу?

-Анх Монголд ирэхэд соёлын ялгаа бага зэргийн мэдрэгдэж байсан. Манай хоёр нутгийн хэлний аялга, дуудлага жаахан өөр болохоор энд хүмүүстэй харилцахад нэлээд бэрхшээлтэй санагддаг байсан. Мөн мөнгөн дэвсгэрт өөр учраас эхэндээ тооцоо алдаад жаахан хэцүү байдаг байсан /инээв/. Гэхдээ одоо жил ирэх тусам эндхийн амьдралд дасан зохицож байна. Хэл маань ч гэсэн нэлээд сайжирсан гэж бодож байгаа.

-Яагаад Монголд сурахаар болсон бэ?

-Би хүүхэд байхаасаа л  Монголд ирж үзэх, эндхийн соёл иргэншилтэй танилцаж, амьдрах хүсэлтэй байсан юм. Хоёрдугаарт би урлагт маш их хайртай, урлагийн ажил, амьдралаар амьдрах чин хүсэлтэй байсан минь намайг энд ирэхэд хүргэсэн. Учир нь Монголын хөгжмийн боловсрол маш сайнаар үнэлэгддэг шүү дээ. Анх морин хуураар суралцах хүсэлтэй байсан ч их хуур нь илүү давуу талтай, ашигтай гэсэн зөвлөгөөг сонсоод энэ мэргэжлээр Монголд суралцах болсон.

-Танай удамд урлагийн хүн бий юу?

-Манай гэр бүлд яг урлагаар мэргэжлийн сургуульд номын дууг нь сонссон хүн байдаггүй ч аав маань сонирхлоороо уртын, ардын, зохиолын гээд бүх л төрлийн дууг их сайхан дуулдаг хүн байдаг.  Мөн аавын маань дүү дуучин, харин өвөө нь морин хуурч байсан юм гэнэ лээ.

-Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?

-Миний бага нас бусад хүүхдүүдийнхтэй л ижил, төстэй өнгөрсөн дөө. Бага сургуульд байхдаа хоёр жил орчим морин хуурын сургалтад хамрагдаж байсан. Дараа нь Япон улсаас олон хүн ирээд бидэнд нэмэлт хичээл зааж, тэндхийн олон хүүхдүүдтэй хамтран тоглолт хийж байсан.

-Цаашдын зорилго мөрөөдөл тань юу вэ?

-Би өөрийгөө, өөрийнхөө хүрч чадах хязгаар хүртэл сайжруулах зорилготой байгаа. “The Voice of Mongolia” шоунд оролцоод өөрт олж авсан мэдлэг, туршлагаа илүү хөгжүүлж, өөртөө суулгаж улам илүү сайжрахыг хүсэж байна. Мөн цаашлаад дэлхийн алдартай топ дуучдын дунд өөрийнхөө нэрийг байхыг харах нь  миний хүсэл мөрөөдлийн нэг хэсэг. Тиймээс энэ мөрөөдлийнхөө төлөө хичээж ажиллана.

-Д.Уламбаяр буюу Ука шүүгчийг яагаад сонгох болсон бэ. Түүнтэй хамтарч ажиллахад ямар чанар нь илүү сэтгэлд тань хүрсэн бэ?

-Монголд ирээд хамгийн их хүндэлдэг болсон уран бүтээлч бол Ука шүүгч, дасгалжуулагч маань юм. Түүний уран бүтээлүүдийг сонсоод үзэхэд яг л миний үзэл бодол сонирхолтой дөхсөн маш сайхан зүйлүүд байдаг учраас тэр хүнтэй хамтран ажиллая гэж бодсон. Ука шүүгч, дасгалжуулагчтайгаа хамтраад, ажиллаад үзэхэд үнэхээр л сэтгэлээрээ, бүх зүйл дээр надад тусалж, дэмжиж байсан. Дуучин хүн ямар байх ёстой, тайзан дээр, олон нийтийн сүлжээнд хэрхэн биеэ авч явах гээд бүх л шаардлагатай зүйлсэд намайг баг багаар сургасан гэж бодож байгаа. Мөн “Монгол тв”-ийн хамт олноос маш олон зүйл сурч авсан. Над шиг олон залуусын хүсэл мөрөөдлийг биелүүлж, нийт Монголчуудад таниулж, үлгэрийн юм шиг цаг хугацаагаар аялуулж байгаад нь энэ ташрамд баярлалаа гэж хэлмээр байна.

-“The Voice of Mongolia” шоун дээр дуулсан дууны сонголтоо хэрхэн хийсэн бэ?

- Дууны сонголтуудыг ихэвчлэн шүүгч, дасгалжуулагчтайгаа хамтран ярилцаад шийддэг. Надад аль болох ашигтай, миний хоолойн өнгөнд тохирох дуунуудыг шүүгч дасгалжуулагч маань сонгож өгөхийг хичээдэг. Гэхдээ мэдээж энэ чинь тэмцээн, уралдаан учраас заавал тодорхой хэмжээний сорилт, хичээл зүтгэл шаардсан дуу дуулах нь элбэг байдаг. Монгол дууны шат явагдах үеэр анх удаа Л.Тайванбат ахын “Цэнхэр сарны туяа” хэмээх сайхан дууг сураад үзэгчдэдээ хүргэсэн байгаа. Энэ нь миний Монголд ирээд сурсан хамгийн анхны Монгол дуу байсан.

-“The Voice of Mongolia” шоуны дараагийн шатанд тэнцэж чадсангүй. Тухайн үед сэтгэлээр унасан уу?

-“The Voice of Mongolia” шоуны Монгол дууны шатнаас хасагдахдаа огтхон ч сэтгэлээр унаагүй ээ. Учир нь би бүрэн боловсорсон мэргэжлийн дуучин биш, анх удаа л ийм том, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд оролцож байгаа. Тийм байхад ийм хол явсандаа харин ч талархаж, өөрийгөө чамлахааргүй амжилт гэж бодож байсан. Хамгийн чухал нь “The Voice of Mongolia” шоунд оролцсоноороо Ука шүүгч, дасгалжуулагчаасаа болоод “Монгол тв”-ийн хүчирхэг хамт олноосоо маш их зүйлсийг суралцаж авсан байсан. Одоо намайг маш олон Монгол ахан дүүс маань таньдаг мэддэг болсон. Дэмжиж байгаа олон сэтгэгдэл уншсан. Үүнийг харахад надад үнэхээр сайхан байсан.  Урлагийн амьдрал хатуу, үргэлж шалгууртай тулгардаг юм шиг. Үүнд би бэлэн л байх ёстой.

-Өмнө нь ямар нэг уран бүтээл гаргаж байсан уу?

-Өмнө нь өөрийн гэсэн уран бүтээл гаргаж байгаагүй ээ. Одоохондоо ч гэсэн ойрын хугацаандаа уран бүтээл гаргах гэж яарахаасаа өмнө илүү сайн өөрийгөө тунгааж, ойлгож “The Voice of Mongolia” шоунаас сурсан зүйлсээ өөртөө илүү суулгаж, сайжирсны дараа бүр илүү сайн уран бүтээл гаргах төлөвлөгөөтэй байгаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ