Даруулга хэрэгтэй гэхээр ууж идэх тухай ойлгогдож байна уу. Хувь хүн талаасаа, төр түшиж байгаа түшээгийн хувиар түүнд даруулга хэрэгтэй байна гэж байгаа юм. Иргэн Г.Дамдинням сошл орчинд маш идэвхтэй элдэв зүйлс оруулдаг байсан. Гэсэн ч УИХ-ын гишүүнээр сонгогдож, тангараг өргөснөөр тэр Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон. Тэр цагаас хойш түүний үйл хөдлөл бүр сошл дээр элдэв өнгөөр галзуурч явдаг Г.Дамдинням өөртөө цэг тавьсан байх учиртай юм. Төр гэж ийм л байдаг. Өөрийгөө бүрэн таниагүй, цаг нь болоогүй хүмүүс төрд орсноор салхинд хийссэн хамхуул шиг явдаг. Дарханы иргэдийн итгэлийг дааж сонгогдсон энэ залуу яг одоо хийсч явна. Шинэ гишүүнд янз бүрийн урилга заллага ирэлгүй л дээ. Хүн урьж байхад очихгүй гээд гэдийгээд ч яах юм. Гэхдээ үйлдэл бүрээ цэнэж сурах хэрэгтэй. Танигдах гэж зовж байгаа бол иргэдэд хэрэгтэй хууль боловсруулж танигд. Төрийн ажил хийж танигд л даа.
Увс аймгийн МАН-ын хорооны квот дээрээс намынхаа Бага хурлын гишүүн болж, улмаар Дархан-Уул аймагт нэр дэвшин ялалт байгуулсан тэрбээр одоо хөрсөн дээрээ буух цаг болж. Дэгдэж дэрвэсэн 10 настай хүү биш, төрийн хар хүн гэдгээ харуулах хэрэгтэй. Дарханы зам миний хамгийн эхний ажил хэмээн хашхичиж явсан түүнийг унага тамгалах найран дээр очиж, унага тамгалж байгаа зургаар шоудна гэж хэн ч бодоогүй байх. Г.Дамдиннямын тэнэглэл ганц энэ удаагийнх биш бөгөөд сонгуулийн сурталчилгааны үеэрээ сошл шоу хийж явсан. Түүний энэ балайрал хаана очиж зогсохыг хэн ч таашгүй. Сайны жишээг холоос хайгаад яахав. Үеийнхээ Б.Энхбаяр, Ч.Ундрам нарын гишүүдээс суралц. Хэрхэн биеэ авч явахыг мэдэхгүй хүмүүсийг хүмүүжүүлдэг газар Монгол Улсын Их Хурал биш.
УИХ-ын гишүүд гэж зунжингаа найр наадам хэссэн хүмүүс гэсэн шүүмжлэл түүний зурган доор өрнөж байна. Шинэ баян цээж өвчтэй гэдэг бол “Шинэ гишүүн цээж өвчтэй” гэх хэлц гарсан байна, түүнд зориулж. Г.Дамдинням унага тамгалах гэсэн биш ард түмний шүүмжлэлээр өөрийгөө тамгалууллаа. Залуу минь, одоо ажлаа хий. Залуу хүний нүдээр сэтгэж, хар, санал санаачилга гарга. Хуулийн төсөл боловсруул. Ядаж сайнаа ил, муугаа далд байлгаж сур аа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Unaga tamganii nair yasan ert ehlee wee . dungujil 8 sar garch baina shudee.