...
...

Тостын нуруу тэнийж, ТӨРИЙН ХЯНАЛТ тогтсон уу!

Одоогоос яг жилийн өмнө хэвлэл мэдээлэл, нутгийн зон олны тэмцэл ялалтад хүрч хууль зайдалж даналзсан компанийн ашиглалтын лицензийг цуцалж, Тостын нурууг бүхэлд нь тусгай хамгаалалтад авсан.

Үүнийг товчоор дүгнэвэл хаанаа үйлчлээд байгаа нь үл мэдэгдэх төрийн дунд шатны завхарлыг сөрж төр төмөр нүүрээ харуулсан явдал байв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны хүсэлтийн дагуу Тост, Тосон бумбын нуруунд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан “Сауд гоби коэл транс” компанийн “Баянтэс”-ийн уурхайг цуцлахыг Ерөнхий сайд үүрэг болгосон. Тэр өдрөө Ашигт малтмал, газрын тосны газар, Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр “Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан юм. Зөвхөн нэг компани бус Тост, Тосон бумбын нутагт үйл ажиллагаа явуулж байсан 11 компанийн тусгай зөвшөөрөл энэ өдөр цуцлагдсан байдаг. Хууль, зөрчиж үйл ажиллагаа явуулж байсан нь зөвхөн “Сауд гоби коэл транс” биш гэдгийг уншигч та ойлгосон байх.

Одоо бичихэд хэдхэн өгүүлбэрт багтах ч зөвхөн тусгай хэрэгцээнд авах, хууль, ёсыг чанд мөрдүүлэхийн тулд иргэдийн өрнүүлсэн тэмцэл маш урт байсан билээ. Байгаль эх, экосистем, хариуцлагатай уул уурхайг уландаа гишгэн Монгол Улсад мөрдөгддөг холбогдох хууль тогтоомжийн 31 зүйл заалтыг зөрчсөн энэ компанид төрийн төмөр нүүр тулах гэж байгаа нь энэ.

Энэ бол одоогоос дөрвөн сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын нэгдсэн дүн. “Сауд гоби коал транс” компанийн зөрчсөн зөрчлийг бичгийн цааснаа буулгавал найман хуудас болох энэ их зөрчлийнх нь хариуд төр хариуцлага хүлээлгэж байгаа нь энэ. Уулын ажлын төлөвлөгөөгүй, маркшейдрийн ажлын бүрэн гүйцэтгэх, техникийн зохих баримт бичгийг гүйцэт төлөөгүй, АМНАТ-ын төлбөрөө бүрэн гүйцэт төлөөгүй, археологи, палеонтологийн судалгааг хийгээгүй зэрэг нь хамгийн ноцтой зөрчлүүд юм. Төрийн албан бланкаар хууль дүрэм уландаа гишгэснийг нотлосоор байтал Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь гаргасан шийдвэрээ эргэн харж 67.6 хувьтай биелсэн гэж үзсэн тул үйл ажиллагаа явуулах боломжтой гэж үзэн үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхээр болсон билээ. Энэ мэт төрийн хуулийн эргэцэж, хуулийн хайч ангалзаж байх хооронд Тост, Тосон бумбын нуруунд тоосжилт зөвшөөрөгдөх хэмжээнээс давж, малчид усгүй болох дээрээ тулаад байв. Түүгээр ч үл барам орон нутгийн шийдвэр гаргах сумын ИТХ, шүүхийн шатандаа ч энэ компани хуульгүй мэт даналзаж үйл ажиллагаагаа явуулсаар байсан юм. Бүтэн арван жил иргэд тэмцээд цөхрөнгөө барахдаа сэтгүүл зүйд итгэн улмаар хариуцлагатай сэтгүүл зүйн тэмцэл яг жилийн өмнө эхэлсэн.

Төрийн хяналт тогтоод лицензийг нь цуцалсан ч тэнд үйл ажиллагаа явуулсан компаниуд нэгдээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг эсэргүүцэн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргажээ. Одоо ч энэ асуудал нэг мөр шийдэгдээгүй шүүхийн шатандаа яваа. Мэдээж шүүхээр явах нь процессын асуудал ч энэ хооронд нөгөөх сурсан зангаараа хуулийн хонгилоор дайрах хардлага байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ дээрх компаниуд зөвхөн нэг агентлагтай бус Засгийн газартай шүүхдэлцэж байгаа гэдгийг санахад илүүдэхгүй.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны наймдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар “Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай” 319 дүгээр тогтоол гарсан байдаг. Өөрөөр хэлбэл Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газрыг 153482.37 га талбайгаар нэмэгдүүлэн нийт 896540.37 га талбайгаар хилийн заагийг шинэчлэн тогтоосон юм.
 


Энэ нь Ашигт малтмал, газрын тосны газрын нэг хэлтсийн шийдвэр бус Засгийн газрын шийдвэр гэж ойлгож болно. Тостын нуруунд төрийн хяналт тогтоох, тухайн компанийн зөвшөөрлийг цуцлах нь зөвхөн нэг компанийг намнах, нэг л цогцолбор газрын хилийн зурвасыг нэмэх тухай асуудал огт биш байлаа. Энэ бол говь нутгийн экосистемийг хадгалж үлдэх, хаяагаа тэлсээр буй цөлжилтийг хязгаарлах, үр хойчдоо эх байгалиа өвлүүлж үлдээх алсын хараатай зүйл байсан юм. Гэтэл одоо Тостын нуруунд хууль зөрчсөн компанийн үйл ажиллагаа зогссон ч байгалиа нөхөн сэргээх үйл явц яг л хэвээрээ байна. Төрийн хяналт тогтоно гэдэг нь байгалийн нөөц газрын хувьд байгалиа нөхөн сэргээнэ гэсэн давхар санаа. Төрийн хяналт тогтоолоо гээд даргын гарын үсэгтэй цаас л Улсын төв архивт үлдэх нь учир дутагдалтай. Байгалын нөөц газарт бүртгэсэн газарт дахин ийм хуулийн хийдэл үүсгэхгүй, хууль дээр сандайлсан компаниудыг өөгшүүлэхгүй байх давхар агуулгатай юм. Үүнийг төрийн дунд шатныхан сайтар дагаж мөрдүүлэх учиртай юм. Тухайн үед буюу Засгийн газрын тогтоол батлагдахаас яг нэг хоногийн өмнө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ““Монгол Улсын Засгийн газар Тост, Тосон бумбын нурууг анх тогтоож байсан хэмжээгээр нь тусгай хэрэгцээнд авах хатуу байр суурьтай байгаа. Монгол Улсын Засгийн газар Өмнийнговьчууддаа баярлах ёстой. Улсын төсвийн 80-90 орчим хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээс бүрдэж байгаа. Үүний 40-50 хувийг Өмнөговь аймаг бүрдүүлж байгаа. Өмнөговь аймаг цаашдаа хариуцлагатай уурхайг хөгжүүлэх ёстой. Засгийн газрын байр суурь ч ийм байгаа” гэж ярьж байлаа.


Тост, Тосон бумбыг хамгаалахын төлөө нутгийн иргэд, байгаль хамгаалагчид, хариуцлагатай сэтгүүл зүйн тэмцлийн хүчээр төрийн хяналт тогтсон.

Энэ нь цаашид уул уурхай эрхэлж болох ч хариуцлагатай байхыг олон компаниудад сануулсан үйл явдал байсан юм. Засгийн газар ч олгогдсон лиценз бүрийг судалж хуулийн хийдэл үүсгэсэн үү гэдгийг давхар шалгахаар болсон. Парламентын сонгуулийн үр дүнгээр олонхийн суудал авсан Монгол ардын нам ч энэ удаагийн мөрийн хөтөлбөртөө хариуцлагатай уул уурхайн тухай тусгасан байгааг уншигч та санаж байгаа байх. Харин эрхээ зөрчүүлсэн гэж үзэж Захиргааны хэргийн шүүхэд өгсөн 11 компанийн эрх ашиг чухамдаа юу вэ? Хэнтэй, хэний төлөө шүүхдэлцэж байгаа хэрэг вэ. Тухайн компаниуд өмнө нь тухайн газарт үйл ажиллагаа эрхэлж байсан ч Засгийн газраас тусгай хэрэгцээнд авсан. Тэдний үйл ажиллагааг зогсоосон. Засгийн газар тэдний үйл ажиллагаанд зарцуулсан мөнгийг гаргах эсэх нь зөвхөн процессын асуудал. Гэтэл говь нутгийн экосистем гэж хэдэн компани, хэдэн ч удаа шүүхдэлцэхээс илүү эмзэг, илүү нарийн төвөгтэй асуудал байгаа. Хариуцлагатай уул уурхай гэдэг нь юу юм бэ. Байгалийн цогцолбор, тухайн нутгийн экосистемийг хадгалж буй газар оронд бол өндөр хөгжилтэй орнууд угаасаа олборлолт хийж байгаагүй. Геологи, хайгуулын судалгааны явцад ухуулах, эс ухуулахаа шийддэг байж.Тэгэхээр ор тас хорь гэсэн ч үг бас биш аж. Тухайн нутгийн экологийн тэнцвэрт байдлыг хэр зэрэг алдагдуулах вэ гэдгийг судлахын тулд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг ч давхар хийх ёстой. Уул уурхай эрхэлнэ гэхдээ дараа нь хүрээлэн буй орчноо сэргээнэ гэдэг давхар бодлого байх ёстойг товчхондоо хариуцлагатай уул уурхай гэж байгаа аж. Уул уурхайгаар дэлхийд тэргүүлдэг Чили, Австрали, АНУ, ОХУ зэрэг улсууд хариуцлагын тогтолцоог улам нэмэгдүүлж хуулийн үйлчлэлийг илүү чанга болгосон. Өөрөөр хэлбэл тухайн компани хайгуулын болон ашиглалтын лиценз авсан л бол байгаль орчныг нөхөн сэргээх, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэх зэрэг судалгааг төлөвлөгөөний дагуу хийх ёстой. Хэрэв хийж чадахгүй бол лицензийг нь цуцалж, байгаль орчны нөлөөллийн хохирлыг нөхөн төлүүлнэ, тодорхой хугацаанд лиценз авах эрхийг нь хязгаарлана. Энэ бол тэнд мөрдөгддөг хууль. Хуулиар, дүрмээр ярьсан дээрх улсуудад уул уурхай нь илүү хариуцлагатай, үүнийгээ дагаад засаглал нь ч сайжирсан жишээ олон байна.

Одоо нэгэнт шийдвэр гарч, галт тэрэг хөдөлсөн. Төрийн хяналт тогтсон нь үнэн л бол хүрээлэн буй орчноо хамгаалж, нөхөн сэргээлт нэн даруй хийх цаг нь болсон. Төрийн тусгай хэрэгцээний газар үйл ажиллагаа дахиж явуулах байх нөхцөлөөр хангах ёстой. Мөн түүнчлэн аль нэгэн улс төрийн хүчин, хэн нэгэн улстөрч төрийн тамга атгаж байгаагаас үл хамааран тусгай хэрэгцээний талбай, хилийн цэсэд өөрчлөлт оруулахыг хориглох хууль, эрх зүйн орчинтой ч болох ёстой. Энэ бол зөвхөн нэг удаагийн гарын үсэг зураад өнгөрөх асуудал биш. Цаашид хууль, ёсыг мөрдүүлэх урт хугацааны асуудал юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ