...
...

БҮК хэмээх залиланг задлан шинжлэхүйд: Б.Эрдэнэбат юу хийчихэв ээ?

Иргэн Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарын гэм бурууг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэсний дараачаас Эрэл ХХК-ийн хамт олны мэдэгдэл, Б.Эрдэнэбатын ил захидал гэх зэрэг худлаар дүүрсэн, гүтгэлэгийн шинжтэй зүйлс хэвлэлээр төлбөртэйгээр тархах болов. Монголын хэвлэлүүд асуудлыг нягтлах, шалгах, мэдээллийн тэнцвэрийг хадгалах, бодит мэдээлэл түгээх зэрэг дөрөвдэх засаглалын үүрэг хариуцлагыг умартан, “мөнгөө төлсөн бол хамаагүй” гэх байдлаар асуудалд хандаж байна.

Учир иймд олон нийтэд бодит мэдээлэл хүргэх үүднээс Б.Эрдэнэбатын шүүхээр буруутгагдан ял авсан хэргийн цаана юу болсныг цувралаар дэлгэе.

Луйврын эхлэл

Эрэл ХХК Хөгжлийн банкнаас их дүнтэй, бага хүүтэй зээл авахын тулд өөрсдийн эзэмшилд орсон “Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэрийг шинэчилж, германы орчин үеийн технологийг ашиглан угсармал хавтан үйлдвэрлэж, хямд өртөгтэй орон сууц олноор барих нөхцлийг бий болгоно гэх төсөл санаачилжээ. “Байшин үйлдвэрлэх комбинат-1” нь 1963 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан юм.

Ингээд жил бүр 150 мянган м.кв орон сууц, сургууль цэцэрлэг, эмнэлэгийн барилга барих хавтан үйлдвэрлэх баталгаа гаргаж Хөгжлийн банкнаас 23 сая ам.доллар, 13.1 сая еврогийн зээлийг жилийн найман хувийн хүүтэйгээр 2016 оны 8 дугаар сарын 5 хүртэл хугацаатайгаар авсан юм. Гэвч зээлийн эргэн төлөлт огт хийгдсэнгүй. 2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрэл ХХК-ийг "Хөгжлийн банк"-наас авсан 99.5 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүйг олон нийтэд зарлаж байлаа.

Б.Эрдэнэбат үйлдвэрээ дарга нарт үзүүлэн гайхуулах ч бодит байдал дээр нэг ширхэг ч хавтан үйлдвэрлэх захиалга авсангүй. Учир нь хямд өртөг амалж авсан зээлээр байгуулагдсан БҮК-ийн бүтээгдэхүүний үнэ нэг ч барилгын компанийн сонирхлыг татсангүй. Зах зээлийн үнээс хэт өндрөөр тогтоосон бүтээгдэхүүн хичнээн шилдэг технологиор бүтсэн байлаа ч өрсөлдөх чадваргүй болон гацсан юм.  “100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 14 хоногт барьж чадна”, “БҮК 1 төсөл орон сууцны 1 м.кв-ийг 1.2 сая. төгрөгөөс доош үнэд барьна” гэх зэргээр амалж, зээл авч байсан нь ор тас мартагдав.

Өөрөөр хэлбэл Б.Эрдэнэбат хямд өртөг амлаж Засгийн газар болон Хөгжлийн банкыг залилах замаар асар их дүнтэй зээлийг авсан луйврын шинжтэй үйлдэл гаргасан нь тодорхой болж иржээ.

Луйврын өрнөл

Б.Эрдэнэбат БҮК 1 төсөл гэх дэгээгээ ашиглан Хас банк, Хаан банк болон иргэн Ш.Баярсайхан нарыг ч залилж, мөнгө салгаснаар луйвраа үлэмж өргөжүүлжээ. Бүх хохирогчдод тэрээр БҮК 1 хэмээх “үлгэрээ” урнаар ярьж ятгасаар зээл, хөрөнгө оруулалт татаж байжээ.  Хас банк, Хаан банкинд барьцаа тавьсан ч Хөгжлийн банкинд огт барьцаа тавиагүй байдаг. Яаж ийм луйврыг хэрэгжүүлсэн нь хачирхалтай. Давхар барьцаа, барьцаагүй зээл зэрэг бол хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдлүүд бөгөөд үүнийг албан тушаалтнуудын оролцоогүйгээр амжуулах ямар ч боломжгүй юм. Хаан банкнаас зээл авахдаа Улаанбаатар банкнаас авсан хугацаа хэтэрсэн зээлээ даруулж, БҮК-1 төслийг бүрэн шинэчлэх санхүүжилт нэрээр тохиролцож 12 тэрбум төгрөгийн зээлийг Эрэл ХХК-д авчээ. Хожим нь Хаан банк мөнгөө олж авч чадахгүйд хүрээд шүүхэд хандахад Б.Эрдэнэбат өөрийгөө Хаан банкинд залилуулсан, луйвардуулсан гэсэн тайлбар өгөөд зогсож байв.

Эрүүгийн цагдаагийн албанаас Б.Эрдэнэбатад 1902005640238 тоот эрүүгийн хэрэг үүсгэж эхнэр Д.Сэргэлэн, хүү Э.Жаргалан нарыг уг хэрэгт яллагдагчаар татав. Энэ үеэр Б.Эрдэнэбат эд хөрөнгийг нь битүүмжлэхээр очсон АТГ, ЭЦГ-ын ажлын хэсгийн мөрдөн байцаагч Д.Батболдын биед халдсан хэрэг өдүүлсэн аж. Гэвч хонгилын шүүгч гэгдэх Ц.Зоригийн нөлөөллөөр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасан “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” хэргийг нь шүүх хэрэгсэхгүй болгосон юм.

Эрүүгийн цагдаагийн хүсэлтээр хийгдсэн Аудитын дүгнэлтээс харахад Б.Эрдэнэбат банкны хөрөнгөнөөс ТУЗ-ийн шийдвэргүйгээр, ямар нэг хууль ёсны үндэслэлгүйгээр 16 тэрбум 21 сая 487 мянган төгрөгийг өөрийн хувийн данс руу болон эхнэр Д.Сэргэлэн, хүү Э.Жаргалан, Э.Тэмүүжин нарын хувийн данс руу шилжүүлсэн нь тогтоогджээ. Мөрдөн байцаалтын үеэр Д.Сэргэлэн, Б.Эрдэнэбат нар их хэмжээний мөнгөөр мөрийтэй тоглоод алдсанаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Энд нэг марзан зүйл болсон нь  олны дунд яригддаг түгээмэл онигоог санагдуулахаар хэрэг болсон байгаа юм. Юу гэхээр Б.Эрдэнэбат хүүхдүүдийнхээ нэр дээр их хэмжээний мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний “буян дааж амьдраарай”, “эцгийнхээ ачийг санаж яв” гэж бичсэн байсан нь хавтаст хэрэгт авагдсан ажээ. Энд тайлбар хийхэд Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын дагуу банк, компанийн хөрөнгөнөөс хувь эзэмшигчид зөвхөн ногдол ашиг хэлбэрээр л банкны хөрөнгөнөөс мөнгө авах боломжтой юм.

2017 оны 6 дугаар сарын 8-нд Хаан банкны нэхэмжлэлтэй “Эрэл” ХХК-д холбогдох 33 тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд “Эрэл” ХХК, Б.Эрдэнэбат нараас хохирол учруулсан мөнгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаануудыг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан. Гэвч өнөөх л хонгилын шүүгч Ц.Зориг нарын нөлөөллөөр шүүхийн шийдвэр гүйцэтгэл саатсан байна. Одоо БҮК 1 гэх залилангийн төсөлд хамаарах үл хөдлөх хөрөнгө Хөгжлийн банкны барьцаанд байхгүй, Хаан, Хас банкнуудын алиных нь барьцаа болох нь ч маргаантай болж үлдлээ.

Цайрсан хос

Өр мянган лан хүрэхээр хүн “цайрчихдаг” гэх хэлц үг бий. Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нар 23 хуулийн этгээдэд нийт дүнгээрээ 222 тэрбум 327 сая төгрөгийн өртэй байгаагаас бүгд зээлийн “муу” ангилалд багтаж ёстой л “цайрна” гэгч болжээ.

Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан A-155/134 дугаар тушаал, “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд” зааснаар бол зээлийг 5 ангилалд оруулж үнэлдэг. Хэрвээ зээлийн төлбөр хүү төлөх явц алдагдаж 91-180 хоног болбол хэвийн бус, 181-360 хоног болбол эргэлзээтэй, 361-ээс дээг хоног болбол муу гэсэн ангилалд оруулдаг юм.

Гэтэл Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарын банк, байгуулга, иргэдээс авсан бүх өр зээл нь нэгж жилээс дээш хугацаагаар хүү, үндсэн төлбөр төлөөгүй “МУУ” ангилалд багтаж байна. Тийм байтал зээлийн хариуцлагаа хүлээх, төлөх талаар огт бодохгүй харин өр нэхсэн байгуулга, хүмүүсийг элдвээр загнах, зандрах, түрэмгий авир гаргах, цагдаа, шүүхээр далайлгах зэргээр сунжруулж, аргацаасаар байсан нь “цайрчихсан” гэхээс өөр тайлбаргүй болгожээ. Ийм байтал Б.Эрдэнэбат хэвлэлээр мэдэгдэл, ил захидал зэрэг зүйл гаргаж өөрийгөө хохирогч гэж ойлгуулах, бусдад луйвардуулсан өрөвдөлтэй нэгэн гэж харагдуулах санаархал агуулж, түүнийг нь мөнгө хараад зарчмаа мартчихдаг хэвлэлүүд дэвэргэж байна.

Шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд 2020 оны 8 дугаар сарын 6-нд Шүүгдэгч Б.Эрдэнэбатыг  “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн мөнгө угаах үйлдэлд” гэм буруутайд тооцож 7 жилийн хорих ял оногдуулсан билээ.

Шүүх шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 375 мянган төгрөгийг гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл “цайрчихсан хос” маань үүнийг өгөхгүй аргацаах илтэд хичээх боллоо.

БҮК 1 гэх луйврын төслийн талаар цаашид үргэлжлүүлэн мэдээлэх болно.

Эх сурвалж: Shuud.mn

Л.Цэндсүрэн

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Улсын их хурлын гишүүн байхдаа 32 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлж байсныг буцаан төлүүлэх хэрэгтэй

Онцлох мэдээ