Үндэсний контент хөгжүүлэгч “Эрхэт Монгол” медиа групп, тэмээтэй аялагч Н.Байгалмаатай хамтран “Gobi challenge-2020” тэмээн аяллыг эхлүүлэхээр болжээ. Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй, Булган сумдын байгалийн үзэсгэлэнт газруудаар 30 хоногийн турш 720 км үргэлжлэх уг аялал нь урлаг, спорт, улс төр, нийгмийн салбарын алдартнууд оролцох телевизийн цоо шинэ контент юм байна.
Монголын говийн бүсийн байгаль, эко системийг хамгаалах, өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тэмээн жингийн өв соёлыг олон нийтэд сурталчлахад чиглэсэн “Gobi challenge-2020” аяллыг Ази, Европын 10 гаруй оронд дамжуулж, цаашид жил болгон зохиогддог олон улсын шинж чанартай аяллын брэнд болгохоор төлөвлөжээ. Ингээд “Gobi challenge-2020” үндэсний контентийг санаачлагчдын нэг тэмээтэй аялагч Н.Байгалмаатай ярилцсанаа хүргэе.
-“Gobi challenge-2020” тэмээн аяллын мэдээлэл цацагдах боллоо. Шинэ аяллынхаа талаар танилцуулахгүй юу?
-“Gobi challenge-2020” тэмээн аяллыг үндэсний контент хөгжүүлэгч “Эрхэт Монгол” медиа группийн ерөнхий захирал Х.Мандахбаяр ахтай хамтран санаачилж, ажил хэрэг болгох гэж байна. Би 17 настайгаасаа эхлэн 34 улсаар аялсан. Аялал болгоноосоо суралцаж, эх орноо сурталчлах арга замыг эрэлхийлж ирснээ энэ аялалдаа тусгахыг хичээж байгаа. Мэдээж тэмээтэй аялал маань говь нутагт анхаарах ёстой олон зүйлийг агуулахаас гадна дэлхий дахинд говь нутгаа сурталчилан таниулахад чиглэсэн. Говьд үнэхээр усны асуудал хурцаар тавигдаж байна. Баялгаа ухаж, байгалиа сүйтгэхгүйгээр аялал жуулчлалаас орлого олдог болоход “Gobi challenge-2020” тэмээн аялал үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаа. Бид ямар сайхан зүйлийг хайрлан хамгаалах учиртайг тэмээн аялал харуулна.
-Аяллын маршрут сонин байна. Өмнөговийн байгалийн үзэсгэлэнт газруудаар бүтэн сарын турш тэмээтэй аялна гэсэн үг үү?
-Аялалдаа Өмнөговь аймгийн хамгийн үзэсгэлэнтэй газруудыг багтаахыг зорьсон. Өмнөговь аймгийн Ноён сумаас эхлээд Булган сумын нутагт байх Баянзаг хүртэл 720 орчим км замыг туулах болно. Жинчдийн уламжлалт зай болон өөрийн аяны дундаж зайгаар тооцоолон өдөрт 30-45 км-ийн маршрутаар тэмээтэй аялах зам гаргасан. Тэмээн жин цагт 3.5-4.5 км, хоногт 30-40 км туулдаг. Ингэж үзвэл өдөрт 7-8 цагийн турш тэмээтэй аялна гэсэн үг. Оролцогчид өөрсдөө майхнаа барина, хоолоо хийнэ. “Gobi challenge-2020” аялалд оролцогчид өвлийн хүйтэнд 720 км замыг 30 хоногийн турш тэмээгээр туулна. Аялал маань өвлийн улиралд болох учир хүндрэлтэй байх болов уу. Гэхдээ хамтын хүч, сэтгэлийн тэнхээгээрээ давж гарна гэж итгэж байна.
-Өвлийн улиралд, бүтэн сар үргэлжлэх тэмээтэй аялалд олны танил эрхмүүд оролцох юм байна. Уучлаарай, тэр хүмүүс чадна гэж бодож байна уу?
-Олон түмний хайр хүндлэлийг хүлээсэн сайхан хүмүүсийг говьд авчраад тэмээн аялал санал болгоно гэдэг мэдээж хэцүү. Харин бид монгол хүн. Монгол эх орныхоо төлөө ямар нэгэн үүрэг хүлээх учиртай. Тиймээс энэ шоу нэвтрүүлэгт оролцоод хэцүү бэрхийг даван туулж, хүүхэд залууст үлгэр дууриал болохыг оролцогчиддоо уриалж байна. Мөн олон улсын хэмжээнд зохиогддог аяллын замыг тавих гэж байна. Энэ замаар Монгол Улсад тодорхой хэмжээний ажлын байр, эдийн засгийн үр өгөөж орж ирнэ. Тиймээс сайхан дуулдаг, хоол хийдэг, өөрийгөө ялан дийлдэг тамирчдыг байгалиа хайрлах ухаарал, бусдад урам зориг өгөх “Gobi challenge-2020” тэмээн аялалд нэгдэхийг урьж байна.
Өвлийн улирлын тухайд монголчууд тэмээн жингийн аяллыг сэрүүний улиралд хийдэг байсан. Мэдээж алс замыг туулж байгаа баг бүрэлдэхүүнд ачаалалтай аялал болох байх. Гэхдээ байгалийн болон сэтгэлийн шалгуурыг давж гараад хожим түүхэн аяллын замыг тавилцаж байсан гэж ярихад гэгээн дурсамж үлдэнэ шүү дээ.
-Та тэмээтэй аялдаг хүн мэдэх байх. Тэмээн аялалд оролцогчид ямар таашаал мэдрэх бол?
-Магад хэзээ ч чадахгүй байх гэж бодож байсан зүйлээ хүн чадчихдаг. Хүний дотор ямар их хүч байдгийг бид мэддэггүй. Тиймээс хүмүүст чадна гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэх нь бидний зорилго. Оролцогчиддоо өөрөөрөө бахархах боломжийг санал болгож байгаа. Магад тэр хүн сайн дуучин, сайн жүжигчин, шилдэг инженер, чадварлаг бизнесмен байх. Тэгвэл олон түмэн өөр өнцгөөс харах боломж гарч байна. Албан ёсны аялагч 15 хүн байх юм. Миний бие аяллын хөтчөөр ажиллана. Мөн гурван тэмээчин байна. Ачааны зургаан тэмээ гээд нийт 25 тэмээтэй аялна. “Gobi challenge-2020” аяллыг 24 хүн дагаж зураг авалт хийнэ. Нийтдээ 66 хүнтэй нүсэр баг төсөлд ажиллах юм. Үндсэн оролцогчдын тав нь олны танил хүмүүс байх бол 10 нь ивээн тэтгэгч байгууллага, аялал сонирхогч хувь хүмүүс байна. Тиймээс тэмээн аялалд маань нэгдэх сонирхолтой хувь хүн, байгууллагыг урьж байна. Товчхондоо “Gobi challenge-2020” тэмээн аялал оролцогч таны хаалгыг тогших ховор боломж гэдгийг хэлье. Монголын уудам говь нутагт сонирхолтой, хөгжилтэй, эрсдэлтэй, адал явдалтай олон учрал биднийг хүлээж байна.
-“Gobi challenge-2020” тэмээн аяллын цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Өнөөдөр говийн байгаль сүйдэж байгааг нуух аргагүй боллоо. Олон шалтгаантай боловч байгалийн доройтолд томоохон уурхайнууд нөлөөлж байгаа. Нүдэн дээр байгалийн өнгө өөрчлөгдөж, цөлжилт явагдаж байна. Саяхан л байдаг байсан Баянзагийн нуур алга болчихлоо. Говь бол миний хамгийн хайртай тэмээний өлгий нутаг. Мөн дэлхий нийтэд тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүнийг “говийн цагаан алт” хэмээн өргөнөөр хэрэглэх болсон. Ингээд бодохоор бид говьд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна.
Хүн болгон эх орондоо хувь нэмэртэй, эргээд үр өгөөжөө хүртдэг байх нь чухал. Аялал жуучлалын бүтээгдэхүүнийг олон болгох, улирлын хамааралгүй аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Цаашид “Gobi challenge-2020” тэмээн аялал олон улсын шинж чанартай болж, Монголын 33 говийг хамарсан жилдээ 200-250 гаднын жуулчин оролцдог Монголын өвлийн аялал жуулчлалын томоохон брэнд болно гэж хүсэж, зорьж байна. Энэ удаад монголчууд өөрсдийн хүчээр аяллаа зохион байгуулж, гаднын 10 гаруй улсад телевиз, сайт зэрэг ямар нэгэн хэлбэрээр дамжуулна. Энэ ажлыг төслийг хамтран санаачлагч Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, “Эрхэт Монгол” медиа группийн ерөнхий захирал Х.Мандахбаяр ах амжуулж байгаа. Мөн би өөрийнхөө гадаад харилцаагаараа сурталчилж байна. Тэгэхээр тэмээн аялал маань зөвхөн дотоодод төдийгүй олон улсад Монголоо сурталчлах том боломжийг нээж өгч байгаа. Бидний амбиц тэмээн аяллаар дамжуулан Монголоо дэлхийд сурталчлах юм.
-Таны Торгоны замын тэмээн аялал хаана хүрээд байна вэ. Хилийн хориг тавигдахаар аяллаа үргэлжлүүлэхээр бэлтгэж байна уу?
-Хилийн хориг тавигдахаар аяллаа үргэлжлүүлэх болно. Дэлхийн нийтэд коронавирус тархсанаас болоод аяллаа үргэлжлүүлэх боломжгүй болж, Иран Улс хүрээд түр завсарлаад байна. Монголдоо ирснийхээ дараа тэмээн аяллаа үргэлжлүүлэх хүсэл зорилгоор “Эрхэт Монгол” медиа групптэй хамтран “Gobi challenge-2020” аяллыг хийхээр болсон. 2017 оны арваннэгдүгээр сарын 28-ний өглөө төв талбай дээрээс Торгоны замын аялалаа эхлүүлж байлаа. БНХАУ-ын Шинжаан-Уйгар, Казахстан, Узбекстан, Киргизстан, Туркменистан, Иран гээд долоон улсын нутаг, 7380 км замыг тэмээтэй туулжээ. Зарим улсад гурван сар болох ч үе байсан. Энэ хугацаанд өдөр бүр аялал явахгүй тохиолдол гарна. Улс хооронд нэвтрэх виз, тэмээ малын зөвшөөрөл авах, улстөрийн агуулга гээд бэрхшээл олон байсан. Дээр нь байгалийн хүчин зүйлс. Зөвхөн Монголдоо Ховдын Булган сум хүртэл 1885 км-ийг туулж байв. Би тэмээнүүдээ тухайн орноос нь авч явсан. Монгол тэмээнүүдээ Хилийн цэргийн 0130 дугаар ангид бэлэглэж байлаа. Тэмээтэй аяллын маань эцсийн зогсоол нь Европ, цаашлаад Лондон байх болно.
ingej temee zovooj.bhaar oor yum olj hii.
cheruulch ,schunaltai Baigalmaa !!! odoo bolj uz
cheruulch ,schunaltai Baigalmaa !!! odoo bolj uz