...
...

“Эрдэнэт”-ийн захирлуудаас ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ нэхье, Ерөнхий сайд аа!

Сүүлийн гурван аравны туршид Монголын эдийн засгийн гол тулгуур болж өдийг хүрсэн  “Эрдэнэт” үйлдвэрийг улс төрд нөлөө бүхий болон тэдэнтэй  хамааралтай  этгээдүүд чадлаараа “шимэгчилж” өнөөдрийг хүрсэн гэдгийг хаа хаанаа гадарлах билээ.

Өнөөдрийн эрх баригчид, тэрдундаа Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх төрийн албанд ажиллагсад хариуцлагатай, сахилгатай, ёсзүйтэй байхыг байнга сануулж буй. Тэгвэл Засгийн тэргүүний сануулга “Эрдэнэт” үйлдвэрт хэрэгжих хэрэгцээ шаардлага байгааг “Шилэн данс”-ны мэдээлэл дахин харуулж байна.

“Эрдэнэт” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өөрийн охин Б.Буянжаргалынхаа  сургалтын төлбөр  102,385,101 төгрөгийг  үйлдвэрийн данснаас Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлснийг “Шилэн” тодотголтой Б.Цогтгэрэл “Шилэн данс”-наас шүүж харуулав.

Төр төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг үгийг “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд баталж буйг 52,000,300 төгрөгөөр массажны сандал авснаас нь бэлхнээ ойлгож болохоор байна.

Бас болоогүй 512 сая төгрөгөөр  “Жи класс” загварын автомашин авахаар тендер зарлажээ.

Цар тахлаас шалтгаалан улсын төсвийн орлого их хэмжээгээр дутаж байхад “Эрдэнэт” үйлдвэр өөрийн логотой сувенир хийлгэхэд 48 сая 720 мянган төгрөг зарцуулсан байх юм.

Энэ оны наймдугаар сард гэхэд 17 сая төгрөг аяллын зардалд, Асар майхан түрээслэхэд 15.9 сая төгрөг,  тавилга авахад дараалан 18 орчим сая төгрөгийн зарлага гаргажээ.

Ариутгал халдваргүйтгэлжүүлэлтэд олон арван  сая төгрөг, савласан цэвэр ус авахад 50-иад сая төгрөг гээд өндөр дүнтэй зарлагуудаа  “Шилэн данс”-д тайлагнажээ.

Мөн “Шилэн данс”-нд бүртгэгдсэн зарлагуудаас харахад  “Эрдэнэт” үйлдвэрийн Тамгын газрын дарга Д.Баярболд, тэргүүлэх менежер Н.Энхбаатар гэж хоёр хүн сар бүр байрны түрээс гэж 8-12 сая төгрөг бэлнээр авдаг нь анхаарал татаж байгаа юм.

Улсын төсөв  оны эцэст 5 их наяд шүргэсэн алдагдал үзэхээр байхад төрийн өмчит үйлдвэрийн дарга нарын тансаглал хэрээс хэтэрч байна.

Ард иргэдээ бүсээ чангал, хэрэглээгээ хумь, өр шир битгий тавь гэж загнах мөртлөө эрх мэдэлтэй нөхдүүд нь ингээд улайм цайм “Шилэн данс” дээр тайлагнаж байгаад, идэж уугаад байгааг хэрхэн ойлговол зохих вэ?

“Эрдэнэт” үйлдвэр ачааны хүндийг үүрдэг нь үнэн. Өнгөрсөн 2019 онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт  үзүүлэлтүүдээ  100-аас дээш хувиар бүрдүүлж, 2.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан сайн мэдээ бий. Гэхдээ энэ нь эрх мэдэлтнүүд хувь эрх ашигтаа төрийн мөнгийг зарцуулж болноо гэсэн үг биш л дээ.

Сануулахад, “Эрдэнэт Үйлдвэр” өнгөрсөн гучин жилд  ГУРВАН ХЯМРАЛТАЙ нүүр тулсан гэж мэргэжилтнүүд нь хэлдэг. Тэдгээр нь дэлхийн зах зээлээс хамаарсан байдаг л даа.

Хэрэв үйлдвэрийн удирдлагууд ингээд ханаж чадахгүй хувийн хэрэглээгээ тэтгэсэн хэвээрээ байх юм бол “Эрдэнэт” үйлдвэр эрх мэдэлтнүүдээс шалтгаалсан хямралд орохгүй гэх баталгаа алга.

Газрын баялаг хэмжээ хязгаартай. Тиймээс баялгаас олсон мөнгөөрөө хүндээ, институцдээ хөрөнгө оруулах хэрэгтэйг олон улсын байгууллагууд бидэнд зөвлөөд л байгаа. Харин бид өөрсдийн байгаа байдлаа харахаар эрх мэдэлтэй  этгээдүүд  өрмийг нь идээд, хусмыг нь иргэд долоодог байдал л илүүтэй ноёрхож байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ