...
...

Н.Доржмаа: Увидасыг удмаасаа өвлөсөн, харин хөзөр миний зэмсэг

Үзмэрч  Н.Доржмааг  “Хөзрийн хатан” нэрээр олон нийт андахгүй. Багаасаа мэргэ төлөг судалж, хөзрөөс хүний  заяа тавиланг тайлж өгч ирсэн түүнтэй ярилцлаа.

 -Хөзрөөр төлөг тавихыг та хэнээс хэрхэн  өвлөв?

-Би 12 настайгаас хөзөр барьсан. Хөзөр хэн нэгэнд харъяалагддаггүй, эргэлт болгон нь өөр, тэр нь  эзэндээ харагддаг. Зоос, эрхи  тэгж буувал тэгнэ, ингэж буувал ингэнэ гэсэн  сударт баригдаж үздэг. Зоосны нүх  төд буувал тэр жилдээ  тийм хүнд ийм байдаг гэсэн нэг ёсны оноштой. Тайлбарлаж байгаа хүний үгийн нэмэр орно уу гэхээс өөрчлөгдөхгүй.Тэр болгоныг судалсны эцэст  өөрийнхөөрөө байж  өөрийгөө хөгжүүлье гэж   хүний төөрөг, хөзөр хоёрыг  нийлүүлж  ухааныг  тайлахыг  зорьсон. Гэхдээ хүнийг мэдрэх зөн мэдрэмж, далд увидас надад  удмаас өвлөгдөж ирсэн  болохоос хөзрөөс сурсан юм биш. Би хөзөргүйгээр ч харж чадна. Хэдийгээр хөзөр миний  гарт ойр байдаг, хэрэглэхэд хялбар зэмсэг хэдий ч би түүнд хүндэтгэлтэй ханддаг. Хамгийн сайн найзаа гэж боддог. Тэгж байж бид хоёр бусдыг таних  үйлийг  гүйцэлдүүлдэг. Тиймээс олон хөзөр солих дургүй.

-Хөзөр таны хэрэглэгдэхүүн юм бол  өөрөө юунаас хүч авдаг вэ?

-Ааваас   уламжилж ирсэн,  удам дамжсан  нутгийн чулуу бий. Энерги сарнисан үед гартаа атгадаг юм.

-Таныг  “Хар домын шидтэн” гэлцэх юм. Хар дом гэж юу вэ?

-Хар дом гэдэг бол монгол ухаан. Би уул ус,  байгаль дэлхийдээ харъяалагдаж дом шившлэгийн зан үйл хийдэг. Гэхдээ тэрийг  богино хугацаанд биш  олон хоногийн давтамжтайгаар хийж  байж бусдын үйлийг гүйцэлдүүлж өгөх хүч чадлыг хурааж  авдаг.  

-Үйлчлүүлж байгаа хүнийхээ  нууцыг  хадгална гэдэг чухал чанар байх?

- Хүмүүс  нуугдаж ирээд үзүүлдэг. Тэгэхээр тэр  нууцыг  нь ямар ч үед хадгалах л ёстой. Тэгж байж тухайн  хүнийг өөрийн зайд оруулж үзнэ шүү дээ. Тиймээс би хаалгаа хүртэл тас хаадаг.  Өрөө  нь  чимээгүй, цаг хүртэл байхгүй гэдэг зарчмыг барьдаг. Цаг байх юм бол түүнд баригдаж үзнэ гэсэн үг,  байхгүй бол тухайн хүнээ л анзаарч үзнэ. Үзүүлчихээд инээгээд гарах хүн  байна, уйлаад гарах нь ч байна. Гадаа хүлээж суугаа хүмүүс “Ямар удаан үздэг юм бэ” гэж бухимдах нь ч бий. Өөрсдөө  орж ирээд үзүүлэхээрээ ойлгож хүлээцтэй ханддаг болчихдог юм.

-Болж бүтэж яваа хүн тэр болгон хандахгүй л болов уу?

-Зовж шаналж яваа хүмүүс л ихэвчлэн  ирдэг. Олон  дотор  сайхан энергитэй хүн ч бас байна. Ямар ч тохиолдолд надад хандсан хүмүүст тус болохыг  хүсдэг. Зөв гээд намайг сонгож ирсэн хүнд би бүх чадлаараа тус дэм болох учиртай. Хүмүүс нэг ирээд алга болчихдог. Хэдэн  жилийн дараа ирэхдээ “Та надад тэр үед  ёстой том тус болсон шүү” гээд ярьдаг юм. Ирэхгүй алга болчихвол  сайн л  яваа юм байна  гэж боддог.  

-Хөзрөөр хүний амьдралыг бүрэн унших боломжтой юу?  

- Хөзрөөр хүний амьдралыг бүхэлд нь хэлж өгч болно. Буруу тайлж унших юм бол  тэр хүний амьдрал буруу болчих магадлалтай. Тиймээс  том хариуцлагыг өөртөө  хүлээдэг. Хөзөрт ноён, хатан, бундан, цэцэг гээд хүн, юмын дүрс бий. Ноён  ахимаг насны, боол нь  залуувтар эрэгтэйг дүрсэлдэг. Хатан нь  эмэгтэй хүнийг, царайны өнгө, нас, ааш авирыг нь хүртэл  харуулдаг. Бундан  хөзөр өвчин шаналал  талаас зүрхийг, мөн  зүрх, тархи гэхчлэн аливаа зүйлийн  толгой талыг илэрхийлнэ. Хөзөрт бундан хартай хамт, эсвэл бундан  бундантайгаа гарч болно. Түүнийг янз бүрээр харж болох ч бундан муу зүйлийг илэрхийлдэггүй. Цэцэг талыг харвал явж байгаа зам хаалттай эсэх, заяа төөрөг ямар байхыг анзаарч болно. Дөрвөлжингөөс  буруу замаар явж байна уу, тэр нь сайн зам  уу, тухайн хүний урд ямар саад байгааг харж болно. Гил миний хөзөрт тавигддагаар бол жатганы зүйл. Хар муу зүйл, саад бэрхшээл, хэл ам, муу муухай нь хараар  илэрхийлэгддэг. Гэхдээ үүнд цэцэг хөзрүүд  оролцохгүй. Гил, цэцэг хоёр нийлээд ороод ирвэл  мөнгөн дээр тогтсон хэл амыг, бундан,  цэцэг хоёр хамт бол  мөнгөн дээр тогтсон сэтгэлийг харуулна.Энэ бүхэн эргэлдсээр  1000 гаруй онолыг гаргана. Түүнийг зөвхөн үзэж байгаа хүн, үзүүлж байгаа хүнтэйгээ холбож үзээд ямар байдалд байгааг нь хөзрөөс  уншиж өгч болно.

-Хүмүүсийн асуудаг нийтлэг  сэдэв нь юу вэ?

-Үйлчлүүлж байгаа хүмүүсийн 90 хувь нь  хайр сэтгэл, гэр бүлийн амьдралын тогоон доторхыг  асууж ирдэг. Эд баялаг нь байгаад хайр сэтгэл байхгүй ганцаардал нүүрлэсэн бол амьдрал яаж тогтох вэ. Мөнгөөр хэзээ ч амьдралыг бий болгож чаддаггүй нь хөзрийн мэргэнд ил гардаг. Тэр дотроо гэрийн эзэн, эрчүүдээс шалтгаалсан эмэгтэйчүүдийн зовлон Монголыг нөмөрчихжээ. Монгол эрчүүд маш харгис болж, гэр бүлийн дарамт, хүчирхийлэл үйлдэж байна. Амьдралаа аварч  гэр бүлээ  бүтэн байлгах гэж  өөрөө эмтрээд бөртийтөл зүтгэж яваа эмэгтэйчүүдээ  их өрөвдөх юм. Гэр бүлийн гадуурх харилцаа, араар тавилт маш том  асуудал болжээ. Түүний дараа мөнгө төгрөгтэй болохсон,  элбэг дэлбэг амьдрахсан  гэсэн ахуйн хэрэглээгээ гүйцэхгүй яваа эмэгтэйчүүдийн хүсэл орно. Эрчүүдийн  зүгээс дандаа уналт ярьдаг. Хичээгээд явж байтал замд нь саад гарч ирээд унадаг. Тэгээд босох гэж тэмцэж байгаа дундаж амьдралтай хүмүүсийн зовлон  зузаарч байна, нийгэмд. Энэ түвшнээс доош би үзэж хараахан чадаагүй байна. Талхны мөнгөгүй  байгаа тэр хүмүүс тавиландаа санаа зовж үзүүлэхээр ирэхгүй л дээ.

-Үзмэрчид   сэтгэл зүйчийн үүргийг бас  гүйцэтгэдэг. Таны санааг  юу  зовоодог вэ?

-Ямар ч хүнийг үзэхэд сэтгэлзүйн гажиг, нөгөө талаас хэтэрхий их шунал, эсвэл хэт задгайрал явагдаад байгаа нь анзаарагддаг. Тэр дотроо  амьдралын хүнд ачаа үүрч яваа  эмэгтэйчүүд сэтгэцийн өөрчлөлтөд  орж байна. Нийгэмд  сайн  сэтгэлзүйч үгүйлэгдэж байна. Тэдний орон зай дутмаг учраас хүмүүс үзмэрч, зурхайчид  хандах нь их байна. Миний хувьд зовлон туулсан амьдралын сэтгэлзүйч. Цааш нь  гүнзгий оношилж, тухайн эмэгтэйн сэтгэл санаа, амьдралыг өргөөд явчих заслыг хэн хийж чадах вэ гэвэл сэтгэлзүйч л чадна. Үүнд төр бодлогоор анхаарах хэрэгтэй. Ингэж чадвал нийгэм маань өөрчлөгдөнө. Өнөөдөр 20-50 насны эмэгтэйчүүдийн амьдралд зовлон их байна. Энэ бол эхнэрээ хайрлаж чадахгүй дорд үзэж байгаа эрчүүдийн гачлан. Хүн хүнээ хайрлахаа больж эд материалыг шүтэх болжээ. Хүүхдүүд нь хүртэл тийм  юм авмаар байна, ийм ч үнэтэй гар утас баримаар байна гэдэг. Дээр нь архидалт их,  40-50 хувь нь  ямар нэгэн хэмжээгээр архины хамааралтай. Уудаггүй хүн алга. Нийгэм маань  сайн сайхан болж байгаа ч нөгөө талаар бохироор дүүрчээ.

-Үзмэрчдээс сошиал орчинд хамгийн анх лайв хийсэн анхдагч  нь  та байх?

-Гадаадад ажиллаж, амьдардаг монголчуудынхаа хүсэлтээр фээсбүүк дэх “Хөзөрийн хатан” пэйж хуудсаараа дамжуулан  лайв хийж, төлөг тавьж засал хийж ирсэн. Видео call хийж засал хийлгэх хүсэлтэй хүмүүс олон  байдаг. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууддаа хил хязгааргүй үйлчилдэг. Хэн хаана байгаагаас үл хамаарч хүний зовлон ижил, харилцаа нь харин өөр байдаг. Азийн улсуудад байгаа эмэгтэйчүүдийнхээс  Европт  амьдарч байгаа эмэгтэйн харилцаа өөр. Гэвч би  тэдний зовлонг ойлгож, засч залруулж  тус дэм болох гэсэн нэг л   сэтгэлтэй.  

-Таны ширээн дээрх олон өнгийн лаа ямар үүрэгтэй вэ? 

-Заслын зэмсэг бол лаа. Лаа гал гэдэг утгаараа маш их шидийг агуулдаг. Миний хувьд засалд лааг ашиглах нь хийж буй засал үйлийг тухайн хүнд  хурдан түргэн   хүргэх учиртай. Түүгээр зам мөрийг  гэрэлтүүлж өгч байгаа юм. Бас тухайн хүнийг тайвшруулдаг. Би шөнийн 12 цагаас үүр цайтал үйл хийдэг. Хүмүүсийг унтаж байхад нь заслыг хүргэхэд илүү дөхөм. Мөн хүнийг унтаж байхад  биеэс  нь муу муухайг зайлуулахад хялбар байдаг. Зүүдээр өгөх, зүүдээр гаргах үйл гэж бий. Лааны заслыг 21 өдөр давтаж хийдэг. Долоон өнгийг агуулсан  лаагаар засал хийхэд  үр дүн нь илүү хурдан байдаг.

-Ширээний голд байгаа  хүрэл хохимой толгой ямар учиртай юм бол?

-Миний хамгаалалт.

-Таны хамгийн үнэтэй зүйл?

-Миний ширээн дээр байгаа удмаас өвлөгдөж  ирсэн нутгийн чулуу. Тэр л байхад бол оо.

-Та хөзөр цуглуулдаг уу?

-Хөзөр надад цугладаг. Хүмүүс хөзөр, лаа  их бэлэглэдэг.

-Цаг зав гарвал та юу хийх дуртай вэ, таны хобби?

-Аав минь шавраар баримал хийх дуртай байсан.  Би ч адил. Жаахан зав гарвал тиймэрхүү зүйл бариад авахад  бие амарч сэтгэл амгалан болдог. Бас зав гарвал ар гэртээ анхаарч цаг гаргахыг хичээдэг. Гэхдээ тэгж чадахгүй шахам байх юм.

-Хөзөртэй нөхөрлөөгүй бол юу хийх байсан бол?

-Миний өвөө Цогийн Түдэв гэж сэтгүүлч хүн байлаа. Халх голын Түдэв гэхээр хүмүүс сайн мэддэг юм. Би хүүхэд байхдаа сэтгүүлч болохыг мөрөөддөг байсан.

 -Хүмүүсийн сэтгэл рүү орж, нийгмээ  оношилж буйн  хувьд юуг онцолж хэлэх бол?  

-Өрх, гэр бүлийг  бодлогоор  дэмжсэн  сайн хуулиуд хэрэгтэй.  3-4 хүүхэдтэй гэр бүл салах явдал ердийн үзэгдэл болжээ. Эцэг, эхийн бүтэн хайранд өсөөгүй хагас өнчин хүүхдүүдийг яагаад бий болгоод байна вэ. Тэд ирээдүйд хэн болж өсөх вэ гэвэл яг л тийм амьдралыг давтаад  байна. Төрөөс гаргаж байгаа бодлого шийдвэрүүд  архидалтыг, дандаа эрчүүдийг дэмжээд байхаар юу болох вэ. УИХ-ын 76 гишүүний олонх нь эрчүүд. Гаргаж байгаа бодлогууд нь ямар байх нь ойлгомжтой. Энэ дунд хамгийн их хохирч байгаа нь эмэгтэйчүүд, хүүхдүүд болохоос эрчүүд хохироод байгаа юм алга. Хүмүүс халамж хавтгайрлаа гэдэг ч амьдралынхаа  төлөө  зүтгэж  яваа эмэгтэйчүүдээ төр жаахан ч гэсэн халамжилдаг болоосой. Мөнгөөр, эд материалаар дэмжихгүй ч ажиллах орчин нөхцлийг нь сайжруулж, ядаж сэтгэл санаагаар нь өргөөд өгөөсэй.

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль гаргаж,  хамгаалах байртай боллоо гэлцдэг. Харин ч гэр бүлийг салгаж, эмэгтэйчүүдийг улам хохироож байгааг  зарим үйлчлүүлэгч хэлдэг.100 мянган төгрөгийн торгуулийг нөгөө эмэгтэйчүүд нь төлж байгаа болохоос эрчүүд нь төлдөггүй юм билээ. Тэр мөнгийг олж өгөх гэж  ядаж байгаа эмэгтэй л зүдэрдэг. Хуулиар давамгайллаа гээд гэр бүлийн хүчирхийллийг зогсоохгүй. Архийг хязгаарлаж, гэр бүлийн хүчирхийлэгчдээр ажил хийлгэж торгуулийг нь төлүүлдэг болох ёстой.  Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж баригдаж хоригдсон нөхрүүд гарч ирээд улам дарамталдаг, өс хонзонгоор улам харгис хэрцгийгээр зоддог. Эмэгтэйчүүд айгаад, дээр нь  торгуулийн мөнгийг нь өөрөө олж өгөх гэж зүдэрдэг учраас хуулийн байгууллагад хандахаа болиод  зодуулаад суудаг,  амиа алддаг боллоо. Хүүхнүүд хүүхдээ эцэггүй өсгөхгүй юмсан гэж бүгд  хэлэх юм. Төр эрчүүдийг  өөгшүүлж, даврааж, улам харгис болгож байгаа хуулиа эргэж харах хэрэгтэй. Бас хүүхдээ өсгөхдөө хувиа хичээсэн, харгис болгож байгаа эцэг эхчүүд ч бий, тэд анхаарах хэрэгтэй. Бүх эрчүүд муу биш,  тэдний  10-20 хувь нь зөв, сайн хүн бий.  Хүүхнүүд  амьдралын ханиа зөв сонгох, шинжих  нь чухал юм даа.

-Сүүлийн үед  үздэг, хардаг гэх  хүн олширсон нь юутай холбоотой бол?

 -Зургаа дахь мэдрэхүйтэй хүн олон бий. Гэхдээ нэгэнт шийдвэрээ гаргаад явсан бол олонд тустай байх ёстой. Өнөөдөр дуучин  байснаа маргааш  гэнэт бөө болчихдог, онгод тэнгэрээ  буулгана гэлцдэг  хүмүүс байх юм. Онгод тэнгэр, өвгөд дээдсээ  буулгах гэж байгаа бол өөрийн амьдралыг засах гэж байна уу, бусдын явдал үйлийг засч зовлонг нь нимгэлэх  гэж байгаа юм уу,  тодорхой байх ёстой.  Тэр дээр тайван  байх гэж ядаж буй сүнсийг хар газарт буулгаж  архи дарсаар ундаалах юу нь сайхан гэж. Архи дарсыг нь онгод шүтээн нь аваад явчихдаг гэлцэх  юм билээ,  тэрийг би  үнэн гэж боддоггүй. Тэгээд ч бид хайртай дотны нэгнээ таалал төгсөхөд  нь үдэхдээ онгод шүтээн болоод буугаад ирээрэй гэдэг бил үү, тайван нойрсоорой гэдэг  үү. Өвгөд, дээдэстээ ззалбираад, сүүгээ өргөөд амьдарч яагаад болохгүй гэж. Бид зовлонгоо эдлээд нэг л үхэхээс биш тэнгэрт очоод зовохгүй. Лам нар ч  адил. Хийд дотроо ном уншаад, гарч ирээд шоудаад явдаг. Ийм хүмүүст яаж итгэж номонд нь суух вэ. Хүмүүсийг төөрөлдүүлж болохгүй.

-Та хүмүүсийг гаднаас нь хараад мэдэх  үү, хөзрөөр үзэж  л   хэлэх үү?

 -Гудамжаар зөрж  байгаа хүмүүсийн нүдийг хараад ямар их зовлонтой юм бэ, яаж дааж яваа юм бэ  гэж сэтгэл  зовдог. Цаашаа яваад дахиад тийм нүдтэй хүнтэй таарна, дахиад   шанална. Гудамжаар дүүрэн зовлон урсч байдаг. Гоё сайхан эмэгтэй яваад өнгөрсөн ч нүд нь дүүрэн зовлонтой. Нийгэм маань зомбирчихож. Хүмүүсийг  асуухаас өмнө нүдийг нь хараад юу асуух гэж байгааг нь мэдчихдэг дээ.

-Сайн сайхан хийгээд  амар амгаланг  яаж үүсгэх  вэ?

-Жаргал, зовлон хоёр зэрэгцэж оршдог ч яаж амар амгалан байх вэ  гэдэг хүнээс  өөрөөс  нь шалтгаална. Амар амгалан байх нь сайн сайхны үндэс. Хүний харъяат бус өөрийнхөөрөө  амьдрах  нь аз жаргал. Өөрийн орон зайтай амьдарч чадвал аз жаргал тогтоно. Гадныхны   “юу ч болсон  үл тоо” гэдэг зарчим их чухал юм. Буруу зүйлийг бүү тоо, битгий дэвэрэг. Энэ нь амар амгаланг бий болгоно.

Эх сурвалж: www.polit.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ