Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хүргэлээ. (2020.12.04, 11:00 цаг).
Арванхоёрдугаар сарын 3-нд буюу өчигдөр холбогдох лабораториудад 19680 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй ч 600 гаруй хүнд хийсэн халдвар илэрсэн хүмүүсийн хавьтлын сорьцноос 12 хүнд коронавирус илэрчээ. Эдгээр 12 тохиолдол Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хамаарч байгаа бөгөөд Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй юм.
Сэлэнгэд дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдсэний гурав нь гэр бүлийн хавьтлууд бол нэг нь эмнэлгийн ажилтан байжээ. Дархан-Уул аймгийн тухайд нэг тохиолдол нэмэгдсэн ба тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлж байна.
Улаанбаатарт долоон тохиолдол бүртгэгдсэн. Эдгээрийн тав нь нийслэлд голомтлон гарч буй халдварын голомттой холбоотой бол хоёр нь ХӨСҮТ-ийн ариутгагч байжээ. Ингэснээр ХӨСҮТ-ийн нийт 13 эмч, мэргэжилтэн халдвар аваад байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
- Улаанбаатарт - 5
- Сэлэнгэ аймагт - 4
- Дархан-Уул аймагт - 1
- Эрүүл мэндийн ажилтан - 2 хүн халдвар авсан нь тогтоогдлоо.
2020.12.04-ний 11:00 цагийн байдлаар (Дотоодын халдвар 448)
- Улаанбаатар хот - 96
- Сэлэнгэ аймаг - 193
- Дархан-Уул аймаг - 45
- Орхон аймаг - 24
- Дорноговь аймаг - 21
- Говьсүмбэр аймаг - 4
- Архангай аймаг - 3 тохиолдол бүртгэгдээд байна.