Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.12.07/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 23341 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 38 тохиолдол нэмж илэрлээ. Улаанбаатар хотод 32 тохиолдол бүртгэгсэн. Бүгд ойрын хавьтлын тусгаарлагдсан хүмүүс болон тэдний гэр бүлээс халдвар илэрлээ. Сэлэнгэ аймагт хоёр иргэнээс халдвар нэмж илэрч, 203 боллоо. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол, Орхон аймагт нэг иргэнээс халдвар илэрлээ. Харин Дархан-Уул аймаг болон Архангай, Говьсүмбэр аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна" гэлээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодын халдвар нийт 439 боллоо. Тодруулбал, Улаанбаатар хотод 128, Сэлэнгэ аймагт 203, Дархан-Уул аймагт 45, Орхон аймагт 25, Архангай аймагт 3, Говьсүмбэр аймагт 4, Дорноговь аймагт 31 тохиолдол бүртгэгдээд байна. Харин Монгол Улсад дотоодын болон зөөвөрлөгдөж ирсэн халдварын 887 батлагдсан тохиолдол болж байна. Үүнээс 384 иргэн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарчээ. Одоо эмчлэгдэж байгаа 494 хүн байна. Тэдний хоёр иргэний биеийн байдал маш хүнд байгаа бол хүнд гэсэн оноштой таван хүн хэвтэн эмчлүүлж байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250