2020 оны гуравдугаар сард Кёкүшюзан Д.Батбаярын ярианы бичлэг олон нийтийн сүлжээгээр тарж, уг бичлэгийг Ц.Алтанцаг гэгч анхлан бусдад тараасан нь ил болсон ба Д.Батбаяр түүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад гомдол гаргасан байдаг.
Улмаар Ц.Алтанцагийн уг үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12-1, мөн хуулийн 17.6-1 хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэхүү хэргийг шүүх хурал нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч баасан гараг буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр эхэлж, өчигдөр (2020.12.07) шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан юм.
Шүүхээс Ц.Алтанцагийг гэм буруутайд тооцон, дөрвөн жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба уг хуралд хохирогчоор Д.Батбаяр, Ц.Цэрэндорж нар оролцсон юм.
Харин Кёкүшюзан Д.Батбаярт холбогдох хэргийн талаар Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-ын Олон нийттэй харилцах албанаас тодруулахад,
"Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Ц.Алтанцагт холбогдох эрүүгийн хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Иргэн Ц.Алтанцаг нь Кёкүшюзан Д.Батбаяртай уулзах үедээ нууцаар хийсэн бичлэгүүдээ эвлүүлж, түүнээс эд хөрөнгө өгөхийг шаардан, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болох баримт, мэдээллийг тараана гэж сүрдүүлэн, заналхийлж 35 сая төгрөгийг авсан, бусдыг хууль бусаар мөрдөн мөшигсөн гэмт хэргийг үйлдсэн үндэслэлээр шалгагдаж, шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд Кёкүшюзан Д.Батбаяр нь уг хэрэгт хохирогчоор оролцсон юм.
Харин Кёкүшюзан Д.Батбаяр нь хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдыг залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд тус хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Одоогоор хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дээрх хоёр хэргийг нэг хэрэг мэтээр мэдээлэл гарч байгаа нь үндэслэлгүй бөгөөд Ц.Алтанцагт холбогдох хэрэг, Кёкүшюзан Д.Батбаярт холбогдох хэргүүд нь хоорондоо хамааралгүй, тусдаа гэмт хэргүүд юм" гэлээ.
Их хуралд гишүүн байлаа гээд ард түмэнд юу зориулсан юм.өөрөө гэр бүлээ баяжуулж бна уу гэхээс тусалж хүмүүнлэгийн ажил хийж байгааг дуулаагүй юм бна.урьдах авгай хүүхдэдээ шүүхийн тогтоол гарч мөнгө төлөх болсон чинь төлөхгүй бна гээд яригдаад байсан.хүнд нөр төр албан тушаал байж болно хамгийн гол нь эх орондоо тустай үйлс хийгээч гэж баясгалан батбаяр 2т уриалмаар бна