Өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнээр нэрлэгдэж буй “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал 2020.10.26-нд Өмнөговь аймгийн Ноён сумаас эхэлж, 2020.11.11-нд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Хонгорын элс хүртэл 17 өдрийн турш, 650 км аялсан байна. Мөн аяллын туршид Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар аялжээ.
“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллын хүрээнд телевизийн 10 цуврал нэвтрүүлэг бэлтгэн “ТВ8” телевизээр олны хүртээл болгохын зэрэгцээ “Чингис” олон улсын мэдээллийн агентлагаар дамжуулан дэлхийн 30 гаруй улсад орчуулан түгээхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа аж. Түүнчлэн говийн байгаль, өвлийн тэмээн аяллын тухай аян замын тэмдэглэл бүхий гэрэл зургийн цомог бэлтгэн олны хүртээл олгохоор төлөвлөсөн байна.
Говийн үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоор дамжуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний контентийг дэлхийд гаргах эрхэм зорилготой “Gobi challenge-2020” төслийг “Эрхэт Монгол” медиа группийн Ерөнхий захирал Х.Мандахбаяр, “Тэмээн жинчин” сангийн тэргүүн, тэмээчин бүсгүй нэрээр олонд танигдсан Н.Байгалмаа нар хамтран санаачилжээ. Төслийн санаачлагч, "Эрхэт Монгол" медиа группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр хэлсэн үгэндээ “Gobi challenge” төсөл олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн. Хэрэв Н.Байгалмаа гэдэг монгол бүсгүй олон улсаар 7300 км замыг туулан тэмээтэй аялаагүй бол төслийг хэрэгжүүлэх санаа төрөхгүй байсан. Н.Байгалмаа олон өдрийн тэмээн аяллаар телевизийн реалити шоу хийх саналыг талархан хүлээн авсанд баярлаж байна. Бид хамтдаа Монголынхоо говийг, тэмээн соёлыг дэлхий дахинд дэлгэн харуулах ажлыг хийж чадлаа. “Gobi challenge-2020” тэмээн аяллыг цаашид олон улсын хэмжээний томоохон төсөл болгохоор төлөвлөсөн. Монголын говийг дэлхийд сурталчлах үйл хэргийг дэмжиж, ихээхэн туслалцаа үзүүлсэн Соёлын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар болон бусад байгууллагуудад талархал илэрхийлье. Мөн “Эрхэт Монгол” медиа группийн 80 гаруй уран бүтээлч, сэтгүүлч, инженер техникийн ажилчид болон сэтгэл зүрхээрээ дэмжсэн Өмнөговь аймгийн олон түмэндээ баярлалаа. Говийн гайхамшиг болсон тэмээн сүрэг маань нүүдэлчний соёл, монгол ахуйн амин чухал хэлхээс байсан бол одоо эдийн засаг, аялал жуулчлалын салбарын үнэт баялаг, Монголыг дэлхийд харуулах гарц болсныг бидний контент харуулахыг зорилоо. Аялал жуулчлалын төрөл бүрийн төслийг хэрэгжүүлэх нэн таатай боломж Монголд байгааг нотлон харуулахад “Gobi challenge” төсөл түлхэц өгнө гэдэгт найдаж байна. Түүнээс гадна ирээдүй хойч үедээ монгол соёлоо сурталчлах, залуучуудад агуу өв соёлоо ойлгуулах, байгаль хамгаалах, эх оронч үзлийг дэлгэрүүлэхэд энэ төсөл томоохон хувь нэмэр оруулах болно” хэмээсэн юм.