ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "24 цагийн хугацаанд илэрсэн халдвар өнгөрсөн өдрийнхөөс найман тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Нийслэл хотын хэмжээнд халдварын 10 голомт бүртгэгдсэн. Эдгээр голомтын гурав нь өндөр идэвхжилтэй байна. ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг голомтын эцсийн халдваргүйтгэлийг хийсээр байна" гэлээ.
Харуулдан тандалтаар 24 цагийн хугацаанд Баянгол дүүргийн 2400 гаруй иргэнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс халдвар илэрсэн байна.
Дэлхий нийтэд коронавирусний мутацид орсон гурван хувилбар анхаарал татаж байгаа юм. Есдүгээр сарын дундаас Их Британид тархсан хувилбарын тархалт эрчтэй, тархалтын индекс өндөр байгаа аж. Бага насны хүүхэд, залуус өвдөх хандлагатай, гүйлгэх, суулгах зэрэг ходоод гэдэсний хямралаар илэрч байгаа бол дамжих зам нь адилхан, агаар дусал, амьсгал, ахуйн хавьтлын замаар дамжиж байгаа юм. Мөн Дани улсаас эхэлсэн ковидын бас нэгэн шинэ омог нь тархах чадвар өндөр, Өмнөд Африкаас гаралтай хувилбар нь амьтанд халдварлах магадлал өндөр байна.
Вирус жижиг жижиг мутацид орсноор тархах чадвар нь өндөр болж, мал, амьтанд халдварлах боломжтой байгаа гэнэ. Вирусний удамзүй, вакцин хэрхэн нөлөөлөх, амьтдын дунд халдварлах эсэхийг цаашид судлах шаардлагатай гэж ДЭМБ үзэж байна. Бид халдвараас сэргийлэхийн тулд одоо мөрдөж байгаа амьдралын шинэ хэв маягийг цаашид байнга хэвшүүлэх шаардлагатай аж. Гараа угаах, зай барихаас гадна хоёр цаг тутамд цонхоо онгойлгож байгалийн агааржуулалт хийх шаардлагатай байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250