Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнээс тодрууллаа.
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг 1 жилээр сунгасан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү.
Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, уг хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. Уг хуулийн агуулгын хувьд өөрчлөлт ороогүй 2020 онд мөрдөж байсан хуулийн зүйл, заалт 2021 онд үргэлжлэн хэрэгжинэ гэж ойлгож болно.
2020 онд хичнээн иргэн тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бэ?
Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг 2020 оны 1 сараас эхлэн аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээрээ дамжуулан зохион байгуулан ажилласан. 2020 онд энэ хуулийн 17506 малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн хамрагдаж тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, баталгаажилтын хуудсаа авсан. Өмнөх онд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган аймгуудын малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд хамгийн идэвхитэй шимтгэлээ нөхөн төлж, нийгмийн баталгаагаа хангахад анхаарсан байна.
Хуулийн үйлчлэлд ямар иргэд хамрагдах боломжтой, хаана хандах талаар тодруулахгүй юу?
Уг хуулийн үйлчлэлд Халамжийн болон нийгмийн даатгалын сангаас өндөр насны, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй, 1995-2019 онд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа шимтгэл төлөөгүй, 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч Монгол улсын иргэн хамаарна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийг тодорхойлсон байдаг. Тухайлбал малчин гэж жилийн дөрвөн улирлын турш мал малладаг, түүнийхээ ашиг шимээр амжиргаагаа залгуулдаг иргэнийг хэлнэ. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж дангаараа болон бусадтай хамтран бизнес эрхэлдэг, татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татвар төлөгч иргэнийг хэлнэ. Хуулийн дагуу малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлсэн хугацааг тодорхойлоход тухайн иргэний өмнөөс холбогдох лавлагааг авах зорилгоор бид ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, БШУЯ, ХХҮГ-тай хамтран ажиллаж байна. Тухайлбал иргэд албан татвар төлсөн мэдээллээ заавал татвар дээр очиж лавлах шаардлагагүй, шууд нийгмийн даатгалын хэлтэстээ хандаад хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах 12 төрлийн татвар төлөлтийн мэдээллийн сангаас шүүлгэх, шимтгэлээ нөхөн төлөх боломжтой.
-Малчдын хувьд амьдралын хэв маягаас шалтгаалан зарим баримт бичиг нь олдохгүй тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд яах вэ. Малчид тэтгэврийн даатгалаа нөхөн төлөхөд юу бэлтгэх шаардлагатай вэ?
Малчдын хувьд, мал маллаж байсан гэдгийг нотлох үндсэн баримт нь Үндэсний статистикийн хорооноос бүртгэсэн ‘’Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн тооллого’’-ын бүртгэл буюу бидний хэлж заншснаар малын ‘’А’’ данс юм. Гэтэл малчдын малын ‘’А’’ данс аймаг, сумын архивт байхгүй тохиолдол олон гарч байна. Энэхүү шалтгааны улмаас 2018 онд ХНХ-ын сайдын тушаалаар иргэний малчнаар ажилласан хугацааг тодорхойлох ‘’орон тооны бус зөвлөл’’-ийг сум бүрт байгуулсан. Энэ зөвлөл нь малын ‘’А’’ данс нь олдохгүй байгаа иргэдийн өргөдлийг хүлээн авч холбогдох баримт бичгүүд тухайлбал, малчны үнэмлэх, бэлчээр ашигласны төлбөр, малын хөлийн татвар төлсөн зэрэгт тулгуурлан 1995 оноос хойшхи хугацаанд тухайн иргэний мал маллаж байсныг тогтоох юм. Иймд малын ‘’А’’ дансны лавлагаа нь архиваас олдохгүй, бичиг баримт нь байхгүй малчид сумынхаа энэхүү зөвлөлд хандахыг зөвлөж байна.
Иргэн сард хэдэн төгрөгийн шимтгэл төлөх вэ? Хаана хандах вэ?
Дээрх хуулиар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн сард нөхөн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгийн 10 хувь буюу 42.000 төгрөг байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл та 1 жилийн шимтгэл нөхөн төлөх бол 504.000 төгрөг төлнө.
Нэг иргэн дунджаар хэдэн төгрөг нөхөн төлж байгаа бол?
Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хүсэлт гаргасан малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалан янз бүрийн хугацаагаар нөхөн төлж байна. 2020 онд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн иргэдийн хугацаа болон шимтгэлийг тооцож үзвэл 1 иргэн дунжаар 43 сарын тэтгэврийн даатгалын шимтгэлд 1.806.000 төгрөгийг төлсөн байна.
Тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлснөөр иргэдэд ямар ашигтай вэ?
Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлснөөр иргэн өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах боломжтой болно. Ялангуяа малчдын тухайд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох боломжтой байдаг. Тодруулбал нийтдээ 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчнаар ажилласан эрэгтэй 55 нас хүрсэн, нийтдээ 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчнаар ажилласан эмэгтэй 50 насандаа өөрөө хүсвэл малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломжтой.
Өмнө жил шимтгэлээ нөхөн төлсөн иргэдээс энэ үр дүнг хүртсэн хэр олон хүн бий бол?
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу 2020 онд шимтгэлээ нөхөн төлсөн 6516 иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авч байна.
Ярилцлагынхаа төгсгөлд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд юуг анхааруулж зөвлөх вэ?
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу энэ хууль 2021 онд дахин нэг жил хэрэгжинэ. Иймд Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд энэ хугацаанд амжиж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх асуудлаар сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас зөвлөгөө авах, нөхөж болох хугацаагаа тооцуулах, ажилласан жилээ баталгаажуулах боломжтой гэдгийг хэлмээр байна.