Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2021.03.12) Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн энэ үеэр "Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш коронавирусний халдварын тархалтын улмаас Монгол Улс 31, 18, 12 хоногийн хугацаанд тус тус нийт гурван удаа хөл хорио тогтоосон. Үүний үр дүнд халдварын тархалтыг тогтворжуулж чадсан. Бид халдварын шатны үнэлгээг долоо хоног бүр хийж байгаа. Улаанбаатар хотод дөрөвдүгээр үе шат буюу хүн амын дунд халдвар өргөн тархсан үе одоо тохиож байна. Завхан, Төв аймгийг хоёрдугаар үе шатанд байна гэж үзэж байгаа. Гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн 81 кластер (голомт) байна. Үүнээс 19 нь хянагдаж дууссан. Хяналтад орсон 21 кластер бий. Яг одоогийн байдлаар 41 идэвхтэй кластер байна.
Хамгийн анхаарал татаж байгаа кластераар Драмын театртай холбоотой кластерыг нэрлэнэ. Драмын театртай холбоотой кластер олон хүнийг хамарсан буюу өнөөдрийн байдлаар 450 ойрын хавьтал бүртгэгдээд байна. Тодруулбал, Драмын театрын кластераас өнөөдрийн байдлаар 113 хүн халдвар авсан нь тогтоогдлоо.
Сүүлийн 7 хоногийн нөхцөл байдлаас харахад хүн амын дундах халдвар өргөн тархалт руу орж байгаа нь санаа зовоож байна.
Дараагийн 14 хоногт өдөрт хамгийн багадаа 150-400 хүртэл халдвар гарах магадлал 50 хувьтай байна. Нэг халдвартай хүний бусдыг халдварлуулах магадлал нэмэгдэж байна гэсэн үг" гэх мэдээллийг Шадар сайдад танилцууллаа.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250