Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөлөө.
Сануулахад, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин өрсөлдөж байхад нь цагдан хорьсон байдаг. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байхдаа тойрогтоо ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болсон. Гэсэн ч түүнийг шүүх хурал болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцон, ЗУРГААН ЖИЛИЙН хорих ял оноосон.
Хэдийгээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат давж заалдсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэсэн байдаг.
Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс зургаан жилийн хорих ял авсан Ж.Эрдэнэбат Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан юм. Харин өнгөрсөн нэгдүгээр сард Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхим Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын гомдлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн.
Шүүх бүрэлдэхүүн олон цаг зөвлөлдөж, түүнд оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг ПРОКУРОРТ буцаасан. Ингэхдээ Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250