...
...

Эх нялхас ковидын голомт болсон уу!

Эрсдэлтэй хүнд цагийг бид хамтдаа үүрч, туулж, цар тахал гэгч ямар аюултай зүйл болохыг хангалттай харж байна. Дэргэдэх хүмүүсээ халдварт өртүүлчихвий гэсэн айдас хүн бүрийн сэтгэлийн мухарт гогдож байгаа нь үнэн. Коронавирусээр халдварласан иргэдийн тоо хүрээгээ тэлж, үхэл нэмэгдэж байгаа нь айдас дагуулахаас аргагүй юм. Тиймээс нийгэм бүхэлдээ Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хариуцлагагүй байдалд бухимдаж эхэллээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын 29-нд С.Энхболдыг Эрүүл мэндийн сайдаар томилогдсон өдөр халдварын 18 тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 1710, дотоодод бүртгэгдсэн халдвар 1182 болсон байв. Бусад шалтгаантай ч ковидын хам шинжтэй хоёр хүн нас барж байсан талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамны цахим сайтаас харж болно. Харин өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд 742 халдварын тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 18,565 болсныг Эрүүл мэндийн яам мэдээлсэн юм. Түүнчлэн нас баралт хоёроор нэмэгдэж нийт 31 хүн коронавирусний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн харамсалтай мэдээ бий.

Энэ нь цар тахлыг дотооддоо алдсаныг нотлох хамгийн том статистик үзүүлэлт. Цаашид энэ байдлаараа явбал вакциндаа хүрэлгүй бүгд халдвар тусах нөхцөл бүрдээд байгаа юм. Халдвараар хэчнээн иргэнээ алдахыг таах аргагүй. Хүн л юм чинь С.Энхболд сайд санаа нь зовж л явдаг биз.

Энэ цаг үед санаа зовохоос илүүтэй халдвар хамгааллыг сайжруулж, вакцинтайгаа золгох хүсэлтэй хүмүүс маш их байна. Сүүлдээ цагаандаа гарна гэдэг шиг PCR шинжилгээг жирийн иргэдээс авахаа больж, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай иргэд, тандалтад орсон хүмүүсээс авч эхэллээ. “Халдварын тоог багасгая гэвэл шинжилгээ хийхгүй байхад л болоо юм биш үү” гэсэн марзан яриа өнөөдөр амьдрал дээр биелэлээ олж байх юм. Үнэхээр шинжилгээ хийхгүй бол тоо бага гарах нь гарцаагүй. Гол нь салбарын бодлого, уялдаа, залгамж халаа гэж байхгүй байгааг С.Энхболд сайдын хариуцлагагүй байдлаас харж болно. Ганц сар ч хүрэхгүй хугацааны өмнө тэрбээр “Шинэ санаа” нэвтрүүлэгт орохдоо “Энэ хоёр тунгаар хийгддэг вакцин. Бид хоёр дахь тунг авч үлддэг” хэмээн ам дүүрэн ярьж байсан ч өнөөдөр иргэддээ ус л шахдаггүй юм бол коронавирусний эсрэг вакцины нөөц үлдээгүй нь тодорхой болсон. Хоёр дахь тунгаа авч үлдээгүй сайдад хариуцлага тооцох ёстой юу. Эсвэл дараагийн удаа заавал хоёр дахь тунгаа авч үлдэнэ шүү гээд хамгаалаад үлдэх үү.

Эрүүл мэндийн салбарт тулгамдсан дараагийн асуудал нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу Эх нялхастай холбоотой нэг мэдээлэл байгаа юм. Хүүхдийн гэх тодотголтой хамгийн том эмнэлэг маань өнөөдөр коронавирусний голомт болчихоод байгаа юм. 21 аймаг зарим дүүргийн иргэд хүүхдээ үзүүлдэг, хэвтэн эмчлүүлдэг тус эмнэлэгийн эмч нар олноороо халдвар авсан гэх мэтээлэл нь үнэн бөгөөд эмч, сувилагч нараа эмнэлэг дотроо тусгаарлан эмчилж байгаа аж. Харин энэ талаарх мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Ш.Энхтөр нар тас нууж байгаа аж. Өнөөдрийг хүртэл Эх нялхасын 20 гаруй эмч, сувилагч халдвар авсан гэх мэдээлэл байна. Эмч нар цаг наргүй хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч бодит нөхцөл байдлаа яагаад хэлэхгүй байна вэ. Эмнэлэгт халдвар тархасныг мэдэхгүй хэчнээн ээж, аав алаг үрээ тэврээд очиж байгаа бол. Хэд нь тэндээс халдвар авснаа мэдэлгүй гэртээ харьж байгаа бол. Энэ л хамгийн том аюул. Мэдээллээ үнэн зөв өгөөд ийм нөхцөл байдалтай байна гэхэд заавал Эх нялхасыг зорилгүй өрхийн болон дүүргийн эмнэлэгтээ очоод оношоо тодорхой болгоод эмчлүүлэх боломжтой хүүхдүүд ч байгаа шүү дээ. “Даравч далдайна” гэдэг шиг тэдний нуусан зүйлс эхнээсээ ил болж зэс нь цухуйж эхэллээ. Энэ бүгддээ анхаарал тавихгүй бол Монгол Улсын хамгийн том эх хүүхдийн эрүүл мэндийн ганц төв өвчтөн хүлээж авах боломжгүй хэмжээнд хүрэхэд ойрхон байна. Эх нялхасын зарим эмч, сувилагчаас энэ талаар тодруулахад “Манай эмнэлэгт ковид гарсаар байгаа нь үнэн. Эмч, сувилагч нар эндээ тусгаарлагдаж, эмчлүүлж байгаа нь ч үнэн. Бараг голомт болчихлоо. Үүнд л санаа зовж байна” гэдэг хариултыг өгч байв.  Мөн нэгдүгээр төрөх эмнэлэг ковидын голомт болсон гэх мэдээлэл манай редакцид ирсэн юм. Төрөх эхчүүд болон эмч нараас нь халдвар илэрч байгаа гэдгийг хэлж байлаа. Цар тахлын үеийн эрсдэлийн менежмент гэж байдаг бол Эрүүл мэндийн сайд С.Энхболд уг нь мөрдөж баймаар юм. Байхгүй бол хийгээд дуусч байх ёстой биз дээ.

 

Энгийн эмнэлгүүдэд ковидтой иргэдийг авч эхэллээ

 

Коронавирусаар халдварласан иргэдийн тоо нэмэгдэхтэй зэрэгцэн Цэргийн госпитал, ХӨСҮТ, Яармагийн 300 ортой эмнэлэг тэргүүтэй эмнэлгүүдэд өвчтөнүүдийг хүлээн авч эмчилж байсан. Тэгвэл эмнэлгүүдийн даац хүрэлцэхээ больж энэ долоо хоногоос Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ковидтой иргэдийг эмчлэх ор дэлгэн коронавирустэй иргэдийг авч эхэлсэн байна. Мөн Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт коронавирустэй иргэдийг авах бэлтгэл ажил эхэлсэн байна.

Нэг үгээр хэлбэл ковиддоо дарлуулсан С.Энхболд гуай коронавирусээс өөр өвчин Монголд байхгүй гэж боддог бололтой юм. Улсын хэмжээнд маш олон төрлийн өвчин байдаг ч жирийн үед ачааллаа дийлдэггүй эмнэлгүүдэд ийнхүү коронавирустэй иргэдийг авч эхэлсэн нь эмнэлгийн тусламжийн хүрэлцээ хангамж хумигдахад нөлөөлж байгаа юм. Энэ бүгдийг тооцож, эмч, сувилагч нараа ажиллуулж байх ёстой салбарын сайд санаанд хүртэл ажиллаж чадахгүй байна. Салбарын бодлого тодорхой, менежментээ зөв гаргаж, иргэддээ хүрч үйлчлэхгүй бол цаг наргүй ажиллаж байгаа салбарын чинь хамт олон туйлдаж эхэллээ шүү, сайд аа. Амралтгүй ажиллаж байгаа эмч, сувилагч нар чинь өргөсөн тангарагтаа л үнэнч зүтгэж байгаа болохоос салбарын сайдынхаа алдааг хэлэх завгүй ажиллаж байна. Шүд зуун ажиллаж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Япон лугаа адил хөгжинө” гээд зарласан. Үнэхээр түүн лугаа хөгжих гээд байгаа юм бол хариуцлагагүй С.Энхболд сайдаас эхлээд чөлөөлөх цаг нь болж, хариуцлагыг харуулж эхэлмээр байна. Япон лугаа адил хөгжих эхний алхам үүнээс эхэлнэ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ