Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одон хүртсэн Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн сувилагч Ц.Оюунтай ярилцлаа.
-Юуны өмнө Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан танд баяр хүргэе. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу.
-Би Эх,нярай,эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үндэсний төвд сувилагчаар ажилладаг. Жирэмсэн болон төрсний дараах корона вирусын халдвартай ээжүүд, эхчүүд, нярай нарыг эмчилдэг. Сувилагч мэргэжилтэй. 1984 онд Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн. Амьдралынхаа гарааг Дундговь аймгийн сум дундын эмнэлгээс эхэлж байлаа. Сум дундын эмнэлэгт ажиллана гэдэг нь миний хувьд хамгийн их аз, завшаантай зүйл болсон гэж боддог. Яагаад гэвэл сум дундын эмнэлэгт эмчилгээ, сувилгааны бүх л зүйлийг хийдэг, маш их юм сурч мэддэг туршлагаждаг. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгээс өөр. Тэнд ээжүүдийг төрүүлнэ, халдвартай хүмүүсийг асарна, хүүхэд, дотор, мэдрэл, арьсны эмчилгээ хийх гээд олон эмчилгээ, үйлчилгээг нэг дор хийдэг. Ингэснээр мэргэжлээрээ хөгжих, суралцах маш их давуу талтай. Ер нь анхан шатны эмнэлэгт ажиллаж байгаа хүн бүх зүйлийг сурдаг гэдгийг би ам бардам хэлнэ. Жишээ нь асрагч маань эх баригчаа дуудах гээд явах хооронд хүн төрнө. Энэ үед юун багаар ажиллах манатай үлдсэн сувилагч ганцаараа эх барих тохиолдол гардаг. Ийм тохиолдол над дээр олон удаа гарч байсан. Энэ мэтчилэн сум дундын эмнэлгээс маш их зүйлийг сурч, мэдэж байсанд маш их баярлаж явдаг.
Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт би 16 жил ажилласан. Энэ хамт олны дунд ажиллахадаа мөн л их зүйлийг сурч авсан. Мэс заслын сувилагчийн хамгийн чухал зүйл бол хурд, тэвчээр байдаг. Мэс заслын тасагт хамгийн хүнд өвчтөнүүд эмчлэгддэг учир асаргаа сувилгаа хийх нь мэс заслын сувилагчийн гол онцлог байдаг. 2002-2019 он хүртэл Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилахуйн арга зүйч, ерөнхий сувилагч, сувилахуйн албаны даргаар ажиллаж байсан.
-Сувилагчийн мэргэжлийн онцлог юу вэ. “Сувилагчийн мэргэжлийг хамгийн сайн робот ч орлож чадахгүй мэргэжил” гэж Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлсэн. Тэгэхээр дэлхий ертөнц хөгжиж техник, технологи хөгжсөн ч гэлээ сувилагчийн мэргэжлийг зөвхөн хүн л хийнэ. Юугаар ч орлуулж чадахгүй ийм нарийн нандин мэргэжил ?
-Тийм ээ. Сувилагчийн мэргэжлийг хэн ч орлохгүй, сувилагчийн эрдмийг сурч ханахгүй, сувилагчийн ажил үйлс хэзээ ч дуусахгүй. Борви бохис хийх завгүй, босох суух чөлөөгүй ажиллаж байдаг хүмүүс бол сувилагч нар байдаг. Нэг сайхан үг байдаг. “Нэг хүний амь аварсан хүнийг баатар гэдэг, мянган хүний амийг аварсан хүнийг сувилагч гэдэг юмаа” гэж. Энэ сайхан үгийг би хэлэх дуртай.
-Коронавируст цар тахалтай энэ цаг үед сувилагчийн ачаалал ямар байна. Таны хувьд өдөрт хэдэн цаг ажиллаж байна. Ажлаа хийж дууссаны дараа ер нь юу бодогдох юм.
-Цар тахлын хүнд цаг үед сувилагчийн ачаалал их байна. Манай эмнэлэг 300 ортойгоор эх, хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж байгуулагдсан ч дэлхий нийтээр цар тахалтай нүүр тулж байгаа энэ цаг үед үүрэг хариуцлагаа ухамсарлаж 800 ор дэлгэж ажиллаж байгаа. Одоо коронавирусээр өвдсөн 750 эмчлүүлэгч, өвчтөнийг эмчилж байна. Үүнийг 40 хувь нь хүнд өвчтөн байгаа. Манай эмнэлэг мөн Хан-уул, Сонгинохайрхан дүүрэг, 21 аймгаас ирсэн өвчтөн, ялангуяа жирэмсэн болон төрсний дараах нялх биетэй болон нярай хүүхэдтэй ээжүүдийг авч эмчилж байгаа. 14 хоног тасралтгүй халдварын голомтод ажилладаг. Өнөөдөр хичнээн хүнд өвчтөнтэй байлаа ч гэсэн маргааш нь жижүүрээс буугаад амардагтай адилгүй. Маш их ажиллагаа явагддаг, ядардаг, сульддаг. Улаан бүсэд бид нар хамгаалалтын хувцастай ажилладаг. Хамгаалалтын хувцастай удаан байхад хэцүү. Хамгаалалтын хувцасыг өмссөн үед ус уух, бие засах ямар ч боломжгүйгээр 15-16 цаг ажиллах тохиолдол байдаг. Яагаад гэвэл бид өвчтөнг эмчлэх үүрэгтэй учраас ус уучихаад ирье, бие засаад ирье гэх ямар ч боломж байхгүй. Энэ хугацаанд хэлэн дээрээ нойтон юм тавихгүйгээр ажиллах үе олон тохиолддог. Гэхдээ цар тахлын энэ хүнд үед бид зөвхөн ингэж ажиллаж байгаа биш дэлхий нийтээрээ хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө хичээж чармайж байгаа гэж боддог. Энэ нөхцөл байдлыг маань төр, засаг маань харж үнэлж, үнэхээр цаг үеэ олсон урам хайралсанд маш их баярлаж байна.
-Цаашдаа хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллах мянга мянган сувилагч нар бэлтгэгдэж байгаа. Эх, үрсийн төлөө ажиллах эмч сувилагч нартаа хандан ерөөл гэхээсээ илүү мэргэжлийн онцлогийн талаар юу захиж хэлэх вэ.
-Сувилагчийн мэргэжил эзэмшсэн хүн хамгийн түрүүнд өвчтөнтэй маш сайхан харилцаа хандлагатай байж, хүнийг энэрэн хайрлах сэтгэлтэй бусдын зовлонд дасаж болдоггүй ийм л зүйл бидэнд хамгийн чухал. Жишээ нь, ханиад хүрсэн хүнд ханиаж л байдаг шүү дээ, ханиаж байгаад л эдгэнэ гэдэг ч юмуу маш их өвдөлттэй хүн байхад өвдөнө шүү дээ гэж огт хэлж болохгүй. Маш эелдэг зөөлөн сэтгэлтэй байж хүний зовлон бүгдийг хөнгөвчлөхийн төлөө чин сэтгэлтэй байх нь л туйлын чухал гэж боддог.
-Баярлалаа танд. Цаашдын ажилд нь амжилт хүсье.