Улс төрийн гурав дахь хүчин гэгдэж явсан МАХН эрх баригч намын "өвөрт орж", татан буугдаж байна. Нэг угшил, нэг үзэл баримтлалтай хоёр намын нэгдэл таван жилийн турш яригдсан байдаг. Харин яриа төдий байсан хоёр намын нэгдэл, эдүгээ биелэлээ олж нэг нам болж байгаагаа мэдэгдсэн билээ.
Өөрөөр хэлбэл, МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй гар барьж, нам нь нэг мөр улс төрөөс зодог тайлж байна.
МАХН-ыг улс төрөөс зодог тайлуулах хүсэлтийг Н.Энхбаяр нар Улсын Дээд шүүхэд өнөөдөр /2021.05.21/ хүргүүллээ. Ингэснээр цаашид МАХН үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж байгаа юм.
МАХН-ын дарга Н.ЭНХБАЯР: Өнгөрсөн 100 жилийн түүхээ бодож, үүсэл нэг хийгээд үзэл бодол нэгтэй хоёр намын хувьд нэгдэж, улс орны өмнө тулгамдсан томоохон зорилтыг шийдэх түүхэн боломжийг цаг хугацаа олгож байна. Тиймээс өвгөдийнхөө хийсэн, бүтээсэнд хүндэтгэлтэй хандаж байна. Хоёр нам нэг ойлголтод хүрлээ. Нэгдэх үйл ажиллагаа идэвхтэй явж байгаад баяртай байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАН: МАН, МАХН хоёр намын нийлэх асуудал багагүй хугацаанд яригдлаа. Энэ ажил амжилттай явагдаж байна. Үүсэл гарал нэгтэй хоёр нам хүчээ нэгтгэж зүтгэх нь зөв юм. Эвлэлдэн нэгдэж хамтдаа зүтгэх нь юу юунаас илүү чухал гэж МАН-ын гишүүд үзэж байна. МАХН-ын ч гишүүд адилхан бодолтой байгаа. Тиймээс бидний ажил цаашид амжилттай үргэлжилнэ гэж өмнө нь хоёр намын нэгдлийнхээ талаар байр сууриа илэрхийлсэн байдаг.
Ямартай ч МАХН-ын дарга нар намаа татан буулгах хүсэлтээ албан ёсоор Улсын Дээд шүүхэд хүргүүллээ. Одоо Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хүлээх л үлдлээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250