...
...

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийх айлчлал эхэллээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д хийх айлчлал 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэллээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор хил нэвтрэхэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд С.Б.Дагаева, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чирипов нар угтан авч, орос заншлаар хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид Хиагт боомт дээр явагдаж буй өргөтгөл шинэчлэлийн ажлын явцтай танилцсаны дараагаар Хиагт хот дахь “Монгол-Оросын найрамдлын музей” болон “Д.Сүхбаатарын нууц байр болох гэр музей”-тэй танилцан, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч В.В.Мухин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг Улаан-Үд хотноо хүлээн авч уулзан, хүндэтгэлийн зоог барьж, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оросын Холбооны Улсад айлчлал хийхийн зэрэгцээ Петербургийн олон улсын Эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно. Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва болон Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах зарим арга хэмжээнд оролцох юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ