...
...

Х.Тэмүүжин: Тамганы булан барьж, талцаж байгаа дарга нар гишүүдээ хонь мэт үзэж байна

АН-аас өнөөдөр /2021.06.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг тус намын дэд дарга Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар болон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өглөө. Тэд АН-ын дотоод асуудлыг хөндөж, нэг дарга, нэг тамгатай болох хэрэгтэй гэдгийг онцоллоо. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа "Энэ бол зөвхөн АН-ын дотоод асуудал биш. Энэ бол сөрөг хүчнээс тавих шаардлага, хариуцлагыг чангатгах, сөрөг хүчний чадамжийн асуудал юм. Эв нэгдэлгүй учраас сонгуульд амжилтгүй оролцлоо, харамсалтай байна. Хариуцлагаа хүлээж, огцорч чаддаг намын дарга нартай байх, улс төрийн соёл суулгахад дотоод ардчилал чухал байна. АН-аас нэр дэвшсэн хүн бага санал авсан ч гэсэн саналаа өгөөгүй олон хүн байна. Мянга, мянган гишүүдийн үзэл санаа хэвээрээ байгаа гэдэг нь харагдаж байна. Нэр дэвшигч нь таалагдаагүй ч гэсэн намаа дугуйлж байгаа нь харагдаж байна. Энэ хоёр тийшээ хараад сууж байгаа удирдлагууд гишүүд, дэмжигчдийнхээ хувь заяаны төлөө дараа үедээ боломж олгох хэрэгтэй байна. Намаа нэг дарга, нэг тамгатай болгоход анхаарч ажиллах шаардлагатай байна. МАН-ынхан АН-ын сул тал дээр битгий тоглооч ээ. Чөлөөт үзэл баримтлал, сонголт хийх талбарыг нь өгөөч гэж уриалж байна" гэв. 

Түүнчлэн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин "Намын дотоод асуудал, улс төрийн үйл явдалтай холбоотой хэдэн зүйлийг хэлэхийг хүсэж байна. АН өөрөө дотроо хуваагдаж, нэг нэгэндээ дэгээ тавьж байгаа тохиолдолд шургаж л унана. Тамганы хоёр талаас барьж хэрэлдэж байгаа хоёр хүн нэг нэгнээ дэмжиж, урагшаа харж явах шаардлагатай байна. Мөн тамганы булан барьж талцаж хувааж байгаа хүмүүс АН-ын гишүүдийг хонь гэж харж байгаа бол байж боломгүй. Хонь гэж харахгүй иргэд гэж харж нэгдэх цаг болсон байна. АН-ыг байгуулсан хүмүүс МАН-аар намынхаа асуудлыг шийдүүлнэ гэж бодож нэгдээгүй. Ардын намаар АН-ын хувь заяаг шийдүүлэх биш бид нэгдэх цаг болсон байна" хэмээн онцоллоо. 

Тэд мэдээллийнхээ төгсгөлд намын гишүүд дэмжигчдийнхаа гарын үсгийг цуглуулахаар болжээ. Учир нь, хоёр хуваагдсан намаа нэг дарга, нэг тамгатай болгохын төлөө гарын үсгээ идэвхтэй зурахыг уриаллаа. Улмаар намын Онц их хурлыг хуралдуулахыг шаардлаа. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ