Ковидын эмчилгээнд голчлон хэрэглэгдэж буй “Арбидол” эмийн үнийг эм ханган нийлүүлэгчид, эмийн сангууд ердийн үеийнхээс хэд дахин нэмж борлуулж байна гэх гомдлыг цөөнгүй иргэн олон нийтийн сүлжээнд бичиж буй.
Уг асуудлаар УИХ-ын нэр бүхий гишүүд байр сууриа илэрхийлээд байна. Тухайлбал, Д.Өнөрболор гишүүн энэ сарын 15-ны өдөр Түр хорооны хурлын үеэр хэлэхдээ "Засгийн газраас ковидын эсрэг эм бэлдмэлийн үнийг барих шаардлагатай байна. Эмийн компаниудын монополь эрхэд тодорхой хэмжээний хязгаарлалт хийх хэрэгтэй. Ковид-19 тусаад гэрийн хяналтад орсон иргэн хамгийн багадаа 150-200 мянган төгрөгийн эм авах нь иргэдэд маш хүнд тусаж байна” гэсэн юм.
Мөн Х.Булгантуяа гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны хурал дээр мөн ковидын эмний талаар хөндөж, “Ковидын эмийн үнэ хэд дахин өсчихсөн байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг юунд зарцуулах гээд ковидын үед хадгалаад байгаа юм бэ. Иргэдийн эрүүл мэндэд хэрэгтэй, шаардлагатай байгаа эмнүүдийг эрүүл мэндийн даатгалд оруулах хэрэгтэй” гэв.
Харин ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Эмийн зөвлөл хуралдсан. Вирусний эсрэг эмийн үнийг сүүлийн үед хөөрөгдөх хандлага гарч байгаа. Компаниуд вирусний эсрэг эмүүдийг харилцан адилгүй үнээр оруулж ирж байгаа” гэсэн. Мөн тэрбээр компаниуд нэг удаагийн лицензээр эм бэлдмэл оруулж ирэхдээ, ямар үнээр худалдах, санал болгох зөвшөөрөл авсан байдгийг ЭМЯ болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын цахим хуудсаар мэдээлнэ гэсэн юм.
Түүнчлэн ШӨХТГ-аас “Арбидол” зэрэг вирусний эсрэг эмийн үнэд хийх хяналт, шалгалтыг эхлүүлснээ өчигдөр (2021.06.16) мэдэгдсэн.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон ШӨХТГ-ын хамтарсан ажлын хэсэг вирусний эсрэг эмийн ширхгийн болон багцын үнэд хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдэд арга хэмжээ авч ажиллана. Мөн Ковид-19 халдварын үед яаралтай горимоор импортлох нэг удаагийн зөвшөөрөлтэй бусад эмийн үнийг олон нийтэд ил тод мэдээлэх болно гэсэн юм.
Тэгвэл “Монголын Эм Зүйн Байгууллагуудын Нэгдсэн Эм Холбоо”-ны тэргүүн И.Балжиннямаас ковидын эмчилгээнд хэрэглэгдэж буй “Арбидол” болон вирусний эсрэг эмнүүдийн үнийн өсөлтийн талаар тодруулахад дараах хариултыг өглөө.
БОРЛУУЛАЛТЫН НӨАТ НЬ ЧӨЛӨӨЛӨГДӨӨГҮЙ УЧИР ҮНЭД БОДИТОЙГООР НӨЛӨӨЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
-Эм импортлогчид “Арбидол” эмийг аль аль улс орнуудаас импортоор авдаг вэ. Импортын үнэ нь монгол төгрөгөөр хэдээс хэдийн хооронд байдаг юм бэ?
-Импортлогчид ОХУ, Украин, БНХАУ-аас “Арбидол” эмийг оруулж ирж байна. Үйлдвэрлэгчээсээ шалтгаалан үнэ нь харилцан адилгүй байна. Тухайлбал, ОХУ-аас импортлож буй “Арбидол” 100 мг, 20 ширхэгээр савлагдсан эм 25,000 төгрөг орчим өртөгтэйгөөр орж ирж байгаа бол БНХАУ-ынх 12,000 төгрөг орчимд өртөгтэй байна. Гааль, НӨАТ-аас чөлөөлсөн боловч, энэ хөнгөлөлт нь зөвхөн хилээр орж ирэхэд тооцогдож байгаа. Харин борлуулалтын НӨАТ нь чөлөөлөгдөөгүй учир үнэд бодитойгоор нөлөөлж чадахгүй байна.
-Үнэ хөөрөгдөж дамлан худалдаалж байна гэдэг дээр танай холбооны зүгээс ямар байр суурийг илэрхийлэх вэ. Ер нь эм ханган нийлүүлэгчид гаднаас татаж авсан үнэ дээрээ хэдэн хувийн нэмэгдэл шингэж борлуулалт хийдэг юм бэ. “Арбидол” эм жилийн өмнө ямар үнэтэй байсан юм бэ?
-Манай холбоонд байгаа мэдээллээр бол үнэ хөөрөгдөж, дамлаж гэж үзэх боломжгүй. Үнэ бүрдүүлэлт нь өртөгт нөлөөлдөг зайлшгүй тооцох ёстой хүчин зүйлүүдээ тооцож л хийгдсэн байгаа.
Үнэ бүрдүүлэлтэнд нөлөөлж байгаа хэдэн хүчин зүйл байна. Үүнд, Тээвэр, хөл хориотой холбоотой. Дэлхий нийтээрээ тээвэрлэлтэд хүндрэл үүссэн, дагаад үнэ дунджаар 2-3 дахин өссөн. Сүүлийн үед Замын-Үүд боомтод үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан тээврийн хэрэгсэл олдоцгүй болж үнэ нь 5 дахин өслөө. БНХАУ –ын Тяньжин боомтод ачаа 2 сараас дээш хугацаагаар гацаж байна. Үүнээс шалтгаалаад эмийн нөөц бүрдүүлэх зорилгоор онгоцоор ачаагаа авах зохион байгуулалтыг хийх байгаа. Жишээ нь, Хятадаас авах яаралтай эмийг Сөүлээр дамжуулан авах зэрэг зохицуулалтыг хийж байна.
Мөн эм хангамжийн байгууллага өөрөө халдварын эрсдэлтэй цэг болоод байна. Иймээс халдвар хамгааллын дэглэмийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйжилт, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажилтнуудаа болон гэр бүлийг нь дархлаажуулж халдвараас хамгаалах, хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх шаардлага үүссэн. Энэ зардал хэд дахин нэмэгдэж байна.
Мөн зээлийн хүүгийн зардал. Дэлхий нийтээр Ковид-19-ийн эмчилгээ, оношлогоо, сэргийлэлтэд хэрэглэж буй эм, эмнэлгийн хэрэгслийн олдоц бага байгаатай холбоотой. Үйлдвэрлэгчид 100% төлбөрөө төлсөн тохиолдолд бараагаа нийлүүлж байна. Манай байгууллагууд санхүүгийн боломжгүй байгаа учир арилжааны банкны сарын 1,5-аас дээш хувийн хүүтэй зээлээр шийдэж байна.
Эрсдлийн зардал. Эм хангамжийн байгууллагууд өөрсдөө эрсдлээ үүрэн эм, эмнэлгийн хэрэгслээр жигд, хүртээмжтэй, тасралтгүй хангах үүрэг хүлээдэг. Нөөц бүрдүүлээд байж байтал халдварын тархалт зогсоож эмчилгээнд хэрэглэх эм шаардлагагүй болсон тохиолдолд устгахаас өөр аргагүй болдог.2012 онд САРС-ын үед ийм тохиолдол гарсан. Энэ эрсдлийг тооцож өртөгтөө тусгахаас өөр аргагүй.
Дээрх хүчин зүйлүүдийг тооцоод үйл ажиллагааны зардал, тодорхой хувийн ашиг нэмээд бөөний үнийг гаальд мэдүүлсэн үнэ дээр 30 орчим хувь, эмийн санд бөөний үнэ дээр 25-30 хувь нэмж жижиглэн худалдаалах үнийг тогтоож байна. Энд борлуулалтын 10% нь НӨАТ багтаж байгаа. Эмийн сангийн хувьд үйл ажиллагааны зардал эрс нэмэгдэж борлуулалтын 22-24 хувийг эзэлдэг болсон.
-Ковидын эсрэг эм бэлдмэлийн үнийг барих шаардлагатай, хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах хэрэгтэй гэсэн санал, санаачлагууд гарч байна. Та үүн дээр юу хэлэх вэ?
-Халдварын эрчим буурахгүй байвал үнийг барих арга хэмжээг авах шаардлага зайлшгүй. Одоогоор зөвхөн орж ирэх үеийн НӨАТ, гаалийн татвараас чөлөөлсөн. Борлуулалтын НӨАТ –ийг чөлөөлөөгүй байна. Эхний ээлжинд НӨАТ-аас бүх шатанд чөлөөлөх хэрэгтэй.
“Арбидол” эмийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болж байгаа. Төрийн зүгээс дэмжлэг хэрэгтэй байна. Дотооддоо үйлдвэрлэсэн тохиолдолд үнийг хоёр дахин бууруулах боломжтой.
Зөвхөн “Арбидол” гэлтгүй бусад эм, эмнэлгийн болон хамгаалах хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэхэд бодит дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Дотоодын үйлдвэрүүдийн түүхий эд, бүтээгдэхүүн НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөгдөөгүй. Дотоодын үйлдвэрлэгчид 15,5 хувийн НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөгдсөн импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж байна л гэсэн үг.