УИХ–ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.
Хөдөлмөрийн тухай хууль 20 жилийн дараа шинэчлэгдэх гэж байна. Та уг хуульд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир юу вэ?
-Би өөрөө хөдөлмөрийн харилцаанд олон жил оролцсон хүн. 1993 оноос хойш 2016 онд уих-ын гишүүн болох хүртлээ энэ харилцааны нэг тал байлаа шүү дээ. Тиймээс энэ харилцааг маш сайн мэдэх хүний хувьд зарим талаар шүүмжлэлтэй хандаж байгаа. гэхдээ хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 70-80 хувьд нь зөв зүйтэй заалтууд бий. хууль олон жилийн дараа шинэчлэгдэж байна гэж та сая хэллээ. Шинэчлэгдэх цаг нь болсон гэдэгтэй санал нийлнэ.хөдөлмөрийн тухай хууль бол бизнесийн салбарт бараг Үндсэн хууль гэж хэлж болно. их чухал хууль л даа. Энэ хуулиар хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажил олгогч, ажилтны хоорондын зохистой тэнцвэрт харьцааг хангах учиртай. хуулийн зорилт дээрээ ч ингэж байгаа. Ер нь хуулийг шинэчлэхэд гол анхаарах зүйл бол өмнөх хуулийн зохицуулалтын хүрээнд бий болсон хамгаалалт, баталгааг дордуулахгүй байх явдал. гэтэл энэ төслийн хүрээнд ажилтны эрх ашиг, нийгмийн баталгааг дээшлүүлж байна гээд нөгөө талдаа ажил олгогчийн эрх ашгийг орхигдуулсан зүйл ажиглагдаж байна. ажилтанд давуу байдал олгосноор цаад агуулгаараа бүх талаар сайн гэсэн үг бас биш. үүнийг яг өнөөдрийн хууль хэлэлцэж байгаа шатанд иргэд ч, хууль тогтоогчид ч ойлгохгүй, анзаарахгүй байна. ажил олгогч гэдэг бол ажилтантайгаа, үйлдвэрчний эвлэлтэйгээ хамтран аливааг хийж бүтээхийн төлөө урагшаа харж, хамтдаа зүтгэдэг. үүнийг ч өнөөдрийн нийгэм шаардаж байна. өөрөөр хэлбэл, ажил олгогч, ажилтан аль алиных нь хичээл зүтгэл байгууллагын ашигт ажиллагаанд нөлөөлдөг, тэр нь эргээд хэн алинд нь ч үр өгөөжөө өгдөг байх ёстой гэж хэлээд байгаа юм.
Түүнээс биш хоорондоо маргалдаад “Энэ ажлыг ч хийхгүй, ингэж ч тэтгэмж авна, тэгж ч ажил хаяна” гээд суугаад байвал ажил урагшаа явахгүй, цаашлаад ажлын бүтээмж гарахгүй, ажилчдын цалин нэмэгдэхгүй. Нийгэм хийж бүтээсэн зүйлгүй болно шүү дээ.
Хөдөлмөрийн тухай хуулийг их сайхан хууль болчихлоо, сайн хууль батлагдах нь гэж олон хүн дүгнэж байх шиг байгаа юм. Сайн зүйлүүд олон бий. Би дэмжиж байгаа зүйлээ "Дэмжиж байна аа" гээд хэлж байгаа. Гол нь засах ёстой зүйлүүд байгаа учраас л би анх хэлэлцэж эхлэхээс нь хэлсээр өдийг хүрлээ. Тэгээд ч засагдахгүй байна.
Хуульд орсон ямар зүйл заалтаас болж ажилтан, ажил олгогч хоёрын хоорондын маргаан нэмэгдэх нөхцөл бүрдээд байгаа юм бэ. Та тухайлж ганц, нэг жишээ хэлэхгүй юү?
-Нэг жишээ хэлье.Ажилтан мэргэшил, ур чадвар нь ажилдаа тэнцэхгүй, хичээл зүтгэл гаргахгүй бол мэдээж ажлаас нь чөлөөлнө. Дээр хэлсэнчлэн ажилтан, ажил олгогчтойгоо хамтын зорилготой, идэвх санаачилгатай, бүтээмжтэй ажиллах ёстой шүү дээ. Алдаа дутагдал гаргаад, ахиж сайжрахгүй, аргацаасан байдалтай байгаад байвал чөлөөлөөд явуулахаас аргагүй. Ингээд дараагийн хүнээ авч ажиллуулна. Гэтэл нөгөө нөхөр шүүхэд хандаад, шүүх буцаагаад ажилд нь томил оо гээд шийдвэр гаргачихна. Ингэвэл ажилгүй байсан хугацааных нь цалинг нөхөж өгнө. Ингээд ажил олгогч хоёр хүнд цалин өгнө гэсэн үг. Хүний нөөцийн аппараттай томоохон компаниуд гайгүй байх, ялангуяа энэ жижиг дундын салбарт тушаал шийдвэрээ хуулийн үндэстэй гаргаж чаддаг нь хэд байх бол.
Нөгөө талаас хөдөлмөрийн гэрээнд заагаагүй л бол ажилтнаар өөр ажил хийлгэхээр шаардаж болохгүй гэж байгаа юм. Амьдрал баян. Ямар ч гэнэтийн, шуурхай ажил гарч ирж болно. Тэр болгонд ажилтан “хөдөлмөрийн гэрээнд байхгүй, би зөвшөөрөхгүй байна” гэвэл ажил хийхгүй байх нөхцөл бүрдэж байна. Хөдөлмөрийн гэрээнд бүгдийг нэг бүрчлэн тоочин бичих боломж ямар билээ. Үүнийг л хүний хөдөлмөрлөх сэдлийг бууруулах гэж хэлнэ. Ингээд л ажилтан, ажил олгогч хоёрын хооронд үл ойлголцол үүснэ. Ажил гацна. Хөдөлмөрийн харилцаа цуцлах тухай асуудал яригдана. Түүнчлэн ажлаас халаад явуулна. Дахиад л шүүхэд хандана. Ингээд шүүхийн шийдвэр гараад ажилд нь буцаагаад тогтоочихвол ажилгүй байсан хугацааны цалинг нь нөхөж олгоно. Таван жилийн дараа шийдвэр гарвал таван жилийн цалинг нь олгоно. Нэгэнт ингээд цалингаа нөхөөд авчихдаг юм чинь ажил хийхдээ биш, шүүхдэх маргахдаа анхаарна.
Энэ мэтчилэн маргаан тасрахгүй хөвөрнө өө…
Хуульд ажил олгогчид дарамт учруулах өөр ямар заалтууд байна вэ?
“Ажилтан ажилдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан бол ажил олгогч зургаан сараас дээш ажилласан ажилтанд тэтгэмж олгох”-оор байгаа. Энэ хүрээнд ажилтан өөрөө ажиллах сонирхолгүй, аргацаасан байдалтай явж байгаад ажилдаа тэнцэхгүй юм байна аа гээд ажлаас нь гаргасан тохиолдолд ажил олгогч нь заавал тэтгэмж олгох үүрэг хүлээхээр байгаа нь ажилд бүртгүүлээд хэсэг хугацааны дараа ажлаас гарч, тэтгэмж авдаг тогтолцоог бий болгох хуулийн заалт болоод байна. Нөгөө талаас хуулийн төслийн хүрээнд ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаанд орсон л бол бүх хүн цалин авч, НДШ төлөгдөхөөр байгаа. НДШ-ийг ажил олгогч тодорхой хувийг төлдөг. Төлсөн нийгмийн даатгалаасаа ажилгүйдлийн тэтгэмжээ авч байгаа ажилтанд давхар ажил олгогчоос тэтгэмж олгохоор зохицуулж байгаа нь ажил олгогч нарт санхүүгийн дарамт үзүүлсэн заалт болсон.
Мөн “Ажил олгогч тогтоосон хугацаанд цалингаа тавиагүй бол түүнд гурван төрлийн санхүүгийн хариуцлага гэх юм уу, дарамт ирүүлэхээр хуулийн төсөлд байгаа юм. Эхнийх нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцох зохицуулалт. Хоёрдугаарт нь, Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулах. Гуравдугаарт нь, ажил олгогч цалин олгох хугацааг хэтрүүлсэн бол ажилтан ажлаа хийхээс татгалзана, татгалзсан хугацааны цалинг ажил олгогч нөхөн олгоно гэдэг заалт. Жижиг дунд аж ахуйн нэгжийн хувьд цалингаа тогтмол, яг цагтаа тавьж чаддаг байх амаргүй. Харин мөнгө байсаар байтал цалингаа тавихгүй, ажилтантайгаа муудалцаад байж байдаг ажил олгогч хаана ч байхгүй. Энэ жишээ юуг харуулж байна гэхээр хууль дээр ажилласан хүмүүс нэг талд нь ажил олгогч цалинг нь өгөхгүй гүрийгээд байдаг юм байна, нөгөө талд нь хэдэн хүмүүс цалингаа авах гээд яваад байдаг юм байна гэсэн логикоор асуудалд хандсаныг харуулж байгаа юм. Ер нь ажилтан зүгээр л нэг цалин авахын төлөө ажилладаггүй шүү дээ. Хамт олонтой байх, нийгмийн харилцаанд орох, соёлд суралцах, бусдын дунд биеэ зөв авч явах, өөрийгөө илэрхийлэх зэрэг олон чадвар, мэдрэмж ажилтанд суудаг. Мөн дээрээс нь ажил олгогчтойгоо нийлж аливаа асуудлын ард гарч, тэндээсээ урам зориг авах, өмнөх хийснээсээ илүү урагшлахын төлөө хамтарч зүтгэх сэдэл авдаг. Гэтэл хууль санаачлагчид ажилтан, ажил олгогч хоёр хоорондоо үргэлжид маргаад байж байдаг, тэрийг нь л зохицуулъя гэсэн байдлаар энэ хууль дээр ажилласан юм шиг байгаа юм.
Мөн дээрээс нь энэ хуулиар ажил олгогчоос ажилтанд тэтгэмж, нөхөн олговор олгох 13 тохиолдлыг шинээр бий болгосон. Чуулганы хуралдаан дээр намайг энэ асуудлыг хөндөхөд ажлын хэсгийн ахлагч гуйвуулаад “13 төрлийн тэтгэмж шинээр бий болгосон юм байхгүй ээ” гээд өнгөрч байна лээ. Тэтгэмжийн төрөл биш, тэтгэмж, нөхөн олговор олгох тохиолдлын тоо шүү дээ. Энэ чинь дахиад л нөгөө өсч өндийх гэж байгаа ажил олгогчид хүндрэлийг л үүсгэнэ. Томоохон аж ахуйн нэгжүүд бол үүнийг тоохгүй байх. Харин ч яаж ажилчдаа урамшуулах вэ, яаж өөртөө татаж удаан ажиллуулах вэ гэж уралдаж байгаа. Намайг ингээд ярихаар өөрийгөө хамгааллаа гэж ойлгоод байх шиг байгаа юм. Яахав, тэгж харах нэг нь хараг. Яг хууль хэрэгжээд 2-3 жилийн дараа хүмүүс ойлгоно. Зөрчлийн хуулин дээр ч гэсэн яг л ийм зүйл болж байсан. Одоо ямар нөхцөл байдалтай байгаагаа ойлгож байгаа байх.
Энэ мэтчилэн ажил олгогчид ирэх дарамтыг ихэсгэх тусам ажил олгогч нар олон ажилтантай болох сэдэл төрөхгүй болох нь ойлгомжтой. Дагаж өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулиар л гэхэд 26 төрлийн торгуулийг шинээр бий болгох гэж байна. Ингээд ирэхээр нөгөө ажилгүйдлийг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго яаж биелэх вэ. Эцсийн дүндээ ажил олгогчоо дэмжиж байж л бүтээлч нийгэмтэй болно. Бүтээлч нийгэмтэй болж байж бид хөгжинө. Энэ өнцгөөс би яриад байгаа юм.
Та ажил олгогчдыг тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд үүсч болох хүндрэлүүдийг төсөөлж ярьж байна л даа. Танд тэдгээр бизнес эрхлэгч, ажил олгогчдоос саналаа хэлж хандсаар байна уу?
-Саналууд ирсэн. Тухайлбал, Монгол дахь АНУ-ын Худалдааны танхим гэдэг байгууллагаас УИХ-ын даргад ирсэн хүсэлт над дээр цохогдсон нь энд байна.Хүсэлтийн гол агуулга нь “Ажил олгогчид хэд хэдэн санхүүгийн ачаалал үүсгэж байгаа нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал ажил олгогчийн бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх,хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд үйлдвэрчний эвлэл болон төрийн байгууллага илүү нөлөөтэй байхаар тусгасан байгаагаас ажил олгогчийг хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр бизнесийн үйл ажиллагаагүйгээр явуулахад хүндрэл үүсгэх, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх олон шат дамжлага бий болгосон нь шийдвэрлэгдэх хугацааг шалтгаангүйгээр удаашруулах, ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын тохиролцооны үндсэн дээр тодорхойлж болох асуудлуудаар олон шаардлага, хязгаарлалт тогтоосон нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны уян хатан байдлыг хязгаарлах” гэх мэт сөрөг үр дагаврууд үүсгэхээр байна гэдэг саналыг ирүүлсэн байдаг.
Энэ хуульд хөдөлмөрийн харилцаан дахь Үйлдвэрчний эвлэлийн оролцоо хэр байхаар зохицуулсан бэ, өмнөх хуулиас шинэлэг ямар зохицуулалтууд туссан бэ?
-Япон, АНУ, Герман, Англи зэрэг улсуудад хуулийн зарим зүйл заалтаар Үйлдвэрчний эвлэлийг хязгаарладаг, зарим газруудад Үйлдвэрчний эвлэлд ач холбогдол өгдөггүй. Жишээлбэл, АНУ-д Үйлдвэрчний эвлэлийн байгууллага нь хүчтэй байсан үе бий. Үйлдвэрчний эвлэл, ажилтан, ажил олгогч хоорондын асуудлаас болж тухайн үед Детройд хотод ажил хаялт байнга болдог, зарим гудамжинд нь жагсаал болдог байсан. Одоо Детройд хотыг хар.Өнөөдөр АНУ-д үйлдвэрлэл ямар байна. Гэтэл тухайн үед дэлхийд номер нэг, хамгийн сайн хөгжиж байсан улсын үйлдвэрлэлийн ихэнх хувь нь одоо гадаадаас хараат байна шүү дээ. Одоо буцаад үйлдвэрлэлээ босгох гээд тэмцэж байна. Тэгэхээр Үйлдвэрчний эвлэл гэдэг байгууллагын оролцоог хэр түвшинд байлгах вэ гэдгээ сайн бодолцох хэрэгтэй.
Манай улсын ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 10 мянгаас дээш ам.долларт хүрсэн ч гэдэг юм уу тодорхой түвшинд хүрчихсэн, бүх хүн ажилтай болчихсон, бизнес эрхлэх сонирхол өндөр болчихсон тохиолдолд бид бусад улсын жишгийг авах нь зөв байх. Гэхдээ тэр цаг нь одоо мөн үү, үгүй юү гэдгээ бодох хэрэгтэй.
Эдийн засгийн агуулгаараа ч гэсэн бид төсвийн алдагдлыг гадны зээлээр өр тавьж нөхдөг биш, хүний хөдөлмөр эрхлэх сонирхлыг дээшлүүлж, татвар төлөгчдийн бааз суурийг өргөжүүлэх замаар шийдвэрлэдэг байх ёстой. Ингэж байж эдийн засгийн болоод хөгжлийн зөв тойрогтоо орно.Энэ нь бидний эцсийн зорилго байх учиртай. Гэтэл энэ хууль энэ зорилгоос хойш нь чангаах гэж байна. Татвар төлөгчдийгөө өөд нь татах, тэдэндээ боломж олгох ийм цаг үед хооронд нь маргалдуулах, бие биендээ өсөрхөх байдалтай хууль гарч болмооргүй байгаа юм.
Миний байнга хэлээд байгаа “Ххүний хөдөлмөр эрхлэх сонирхлыг дээшлүүлэх” гэдэг бол зүгээр ч нэг хүмүүсийг ажил хийлгэе гэдэг агуулга биш, цаад утгаараа нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх учиг гэдгийг улстөрчид ойлгох цаг нь ирсэн.
Зөрчлийн тухай хуулиар энэ жил 138 тэрбум төгрөгийн торгуулийн төлөвлөгөөтэй гэж сонссон. Иргэд, аж ахуйн нэгжээ торгож төсвөө бүрдүүлэх нь хэр зөв юм бэ?
-Зөрчлийн тухай хуулиар төсөв бүрдүүлэх заалт байхгүй. Торгож төсөв бүрдүүлээд байгаа нь л буруу. Уг нь торгохоосоо өмнө эхлээд анхааруулах ёстой. Гэтэл Зөрчлийн тухай хуульд анхааруулах тухай заалт байхгүй. Ерөөсөө л торгоно. Би МХЕГ, ЦЕГ-ыг буруутгахгүй. Хууль нь ийм юм. Жишээ татахад, хүүхдүүд гэртээ чимээ гаргах, жолооныхоо үнэмлэхийг гэртээ мартах зэрэг чинь санаатай биш санамсаргүй үйлдэл шүү дээ. Эрүүгийн хариуцлага хүлээх хэмжээнд хүрэхгүй зүйлийг Зөрчлийн тухай хуулиар шийддэг. Уг нь эхлээд ийм үйлдлийг нь анхааруулах ёстой. Гэтэл шууд торгодог болсны гол гажуудал. Үүнийг би тухайн үед батлагдаж байхад нь хэлж байсан. Миний үгийг үл хайхарсаар байгаад л ингэж баталсан. Өнөөдөр бүр хууль гаргаж өршөөх хэмжээнд хүрчихсэн байна шүү дээ. Ер нь батлагдаж буй хууль болгоныг дагаж Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж байгаа.
Та ярилцлагын эхэнд хуулийн төслийн 70-80 хувийг дэмжиж байгаа гэж хэллээ. Тэгвэл ярилцлагын төгсгөлд энэ хуулийн төслийн өмнөх хуулиас сайжирсан, дэвшилттэй заалтуудаас онцлохгүй юу?
-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хууль нь 1999 онд батлагдсан, 24 удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон хууль байгаа. Шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ гүйцэтгэж ирсэн ч өнөөгийн зах зээлийн эдийн засгийн үед шинэ тутам бий болж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүй болсон нь ийнхүү шинэчлэн найруулах хэрэгцээ шаардлагыг бий болгосон. Төслийг ерөнхийд нь харахад ажилтан, хөдөлмөр эрхлэгчийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зохицуулалт зонхилсон шинжтэй байгаа. Үүний үр дүнд хүний нөөцийн тогтвортой байдал хангагдаж, цаашлаад зах зээл дээрх ажиллах хүчний нөөц нэмэгдэх эерэг өөрчлөлтийг авч ирнэ гэж итгэж, хуулийн төслийг зарим талаар дэмжиж байгаагаа хэлсэн.
Хуулийн төслийн хүрээнд шинээр зохицуулагдаж байгаа бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, бүтээн байгуулалтын салбарт маш чухал нэг заалт бол хөдөлмөр эрхлэлтийн хувийн албад буюу ажиллах хүч нийлүүлэх үйлчилгээний талаарх зохицуулалт. Хувийн хэвшилд өөрийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээс өөр, туслах шинжтэй ажил үйлчилгээг гүйцэтгүүлэх хэрэгцээ шаардлага их гардаг. Мөн хуулийн төслийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, жасаагаар ажиллах харилцааны онцлог зохицуулалтуудыг тусгаснаар дээр дурдсанчлан хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийн тоо нэмэгдэж, аж ахуйн нэгж байгууллагууд ч энэ шинэ зохицуулалтад уялдуулан хөдөлмөр зохион байгуулалтаа өөрчилж шинэчлэх боломжтой.
Түүнчлэн ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй уялдуулан олгох, дундаж цалин хөлс тодорхойлох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд тогтоох, хүлээн зөвшөөрөх үндэсний тогтолцоог бий болгох, байгууллага болон салбар, салбар дундын хөдөлмөрийн норм нормативтай болох тухай зохицуулалтууд тусгагдсан.
Цаашлаад ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэ бүхий зүйл, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч барьцаалахыг хориглосон, хөдөлмөрийн гэрээний хугацааны асуудлыг маш тодорхой болгосон гэх мэт сайн заалтууд бий.Тэдгээрийг дэмжиж байгаагаа дахин хэлье.
Танд ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл байна уу?
-Энэ хуулинд бас нэгэн төрийн хүнд суртлыг бий болгохоор заалт орсон. Өөрөөр хэлбэл, бизнесийн салбарт оролцох төрийн оролцоо дахиад нэмэгдэх нь. Тэр нь шат шатны Засаг дарга нарын дунд Үндэсний хороо гэж байгууллага байгуулагдаж байгаа.Шат шатны гэдэг нь сум, дүүрэг, аймаг, нийслэл, Засгийн газрын хэмжээнд байгуулагдана гэсэн үг. Хэдэн хүнтэй, ямар бүтэцтэй байхыг одоогоор хэлж мэдэхгүй юм. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгжүүд энэ хорооноос зөвшөөрөл авна, магадгүй татвар хураамж төлнө. Тус хорооноос сургалт явуулж, зөвлөгөө өгснийг нь үндэслэж нэг юм байгууллага ажлаа эхлэх нь. Өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэлт авч байж гарааны бизнесээ эрхэлдэг шиг Үндэсний хорооноос зөвшөөрөл авч байж л ажил олгогч ажлаа эхэлнэ. Хараат байх бас нэг төрийн байгууллага нэмэгдэнэ. Үүнийг дагаад дахиад л төрийн данхайсан нэг бүтэц гарч ирж байгаа юм. Энэ бас бодох л ёстой асуудал.
Төгсгөлд нь дахиад хэлье. Улсын төсөв нь гадаадын зээл тусламжаас хараат байдаг биш өөрөө өөрийгөө аваад явдаг, хүн ажиллуулдаг, татвар төлдөг, ам нь биш гар нь хөдөлдөг хүмүүсээ дэмжсэн, тэдэнд боломж олгосон улс орон хөгждөг жамтай. Тэд л бүтээмжийг бий болгоно. Баялаг бүтээнэ шүү дээ. Үүнээс өөрөөр хөгжилд хүрсэн улс хаа ч байхгүй. Энэ бол эдийн засгийн болоод улс орны хөгжлийн зөв тойрог юм аа.
Р.ЖАРГАЛ
Эх сурвалж: Өдрийн сонин