...
...

Монголын анхны “ЦАХИМ НАМ”-ын генсекийн ярианаас үүдсэн бодол

Хүн төрөлхтний хөгжил асар хурдтай давшиж, бүр цаг хормоор хэмжигдэж байгааг үгүйсгэхгүй. Төр засгийн ажлаас эхлээд төрлийн хэлхээ хүртэл цахим хэлбэрт шилжсэн байна. Тэгэхээр гар утаснаасаа намтайгаа харилцаж яагаад болдоггүй юм гэдгийг УИХ-д ганц ч суудалгүй, гишүүнгүй шахам намын, намгүй шахам Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр ярьжээ. Түүний яриаг уншиж суухад харамсах, ичих, айх гээд олон зүйл зэрэгцсэнийг нуух юун.

Тэдний үзэж байгаагаар бол намын гишүүн гэхээрээ хуралдаад суудаг биш, гар утаснаасаа мэдээлэл авдаг, саналаа хэлж, гишүүнчлэлээ сэргээдэг, бодлого шийдвэрт оролцдог байх ёстой гэнэ. Тиймээс хүн төрөхлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх замаар АН-ыг “Цахим нам” болгохын тулд хурдтай алхмууд хийх ёстойг ч дуулгав.

Монгол Улсад анхны гишүүнгүй “Цахим нам” төрөх нь

Үүний хүрээнд амьдрах эсэх нь тодорхойгүй намынхаа гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг шинээр хийх ажлыг эхлүүлж байгаа юм байх. Өөрөөр хэлбэл, гишүүддээ аль болох дарамт багатайгаар QR код уншуулаад өглөө сэрэхэд утсанд нь намаас чат ирчихдэг, санал өгөхдөө цахимаар оролцдог болгохыг зорьж байгаагаа дуулгав. АН шинэчлэгдэх ёстойг бол хаа сайгүй мэдэж байгаа ч энэ нь хэтэрхий тэнгэрийн мөрөөдөл болов уу. Тэдний үзэж байгаагаар АН цахим болвол зардал нь багасна. Нам дагасан хөлсний арми алга болно. Хүмүүс өөрийнхөө итгэл үнэмшлээр намдаа ханддаг, оролцдог болно. Нэг ёсондоо технологийн шинэчлэлтэй намын бодлогоо уялдуулах ёстой гэж үзжээ.

Ирээдүйд чухам хэрхэхийг мэдэх юм алга. Өнөөдрийн хувьд лав хэрэгжих боломжгүй зүйл ярьж байгаагаас харвал ихэд арга ядсан хэрэг болов уу. Нам хэмээх төрийн бус байгууллага нь жинхэнэ амьд харилцаан дээр оршин тогтнодгоороо онцлогтой зүйл гэдгийг мэддэг баймаар юм. Тэгээд ч Монгол Улсын хүн ам, нөхцөл байдалд “Цахим нам” байна гэж яаж санаанд нь багтдаг байна,аа.

Нам хэмээгчийг Улаанбаатарын төв талбай тойрсон хэдэн барилгыг хэлэхгүй л дээ. Тэнд суудаг хэдэн луйварчдыг бүр ч хэлэхгүй. Хэрвээ цахим нам байгуулах гэж байгаа бол ордон тойрсон хэдэн луйварчдын л нам болохоос өөр гарцгүй. Намыг хэн бүрдүүлж, хэн хүчтэй харагдуулдаг вэ гэхээр эгэл жирийн гишүүд юм. Тэгэхээр гишүүнгүй “Цахим нам”-д С.Эрдэнэ тэр хоёроос өөр хэн ч элсэх боломжгүй харагдана. Тухайлбал, Увс аймгийн Баруунтуруун сумын малчин иргэн ардчилал гэх үзэл санааг сохроор ч болтугай дагадаг, түүнд итгэл үнэмшлээ өгдөг байя гэж бодоход “Цахим нам”- гэхээр толгой нь эргэнэ. Ойлголоо ч “Цахим нам”-ын бодлого, бусад зүйлтэй танилцах, түүнд оролцох боломж алга. Сонгинохайрхан дүүргийн захын хороололд ч боломжгүй зүйл юм. Ингэхээр тэдний төлөвлөж байгаа “Цахим нам”-д гишүүд маш цөөн байх бөгөөд маш сайн хакерчинтай байхаас өөр арга алга. Тэгээд ч өөрсдийгөө намтай, намын дарга, олон гишүүдтэй, хүчтэй бодлоготой гээд хакертаа итгээд явж байхад алзахгүй бололтой.

С.Эрдэнэд “Цахим нам”-аас өөр орон зай үгүй болсон

АН-ын түүхэнд арилшгүй мөрөө үлдээж байгаа хүн бол С.Эрдэнэ. АН-ыг тарааж нурааж, МАН-д худалдагдсан нэрээр алдаршиж яваа С.Эрдэнийн хувьд улс төрийн карьертаа цэг хатгасан гэхэд болно. Өөрөө л “Би нэг сонгуульд ялагдаснаар улс төрийн карьераа дуусгах хүн биш” гэж байгаа болохоос бус хаана ч багтаж шингэх аргагүй болсон хүн. Тиймээс “Цахим нам” гээчийг байгуулан улстөрч нэрээ хадгалахаас өөр аргагүй болсон бололтой. Ч.Өнөрбаярын ярьж байгаагаар бол хүн бүр сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй. Хэн нэгний нэр дэвшүүлэх эрхийг хясан боох эрх бидэнд байхгүй. Тийм зарчим байж болохгүй. Миний ойлгож буйгаар таван хүн сунгаанд орсон. Тэндээс С.Эрдэнэ намын гишүүдийн олонхийн саналаар гараад ирсэн асуудал байгаа. Тэрнээс биш АН хэн нэгэн дарга, нэр дэвшигчийг үзэмжээр шийддэг нам биш л дээ хэмээн нэлээд өмөөрөнгүй ярьжээ. Гишүүнгүй шахам намын хаанаас нь олонхийн санал авсан байх уу гэдэг асуудал зүй ёсоор гарч ирнэ. С.Эрдэнийг нэр дэвшүүлэхгүй гэж АН-ын данстай УИХ-ын бүх гишүүд талбай дээр өлсгөлөн зарласан биз дээ.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг “Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлая” гэв

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр тангаргаа өргөнө. Улс үндэстнээрээ бахархаад, үймэж дэгдээд байх ч зүйл биш. Бид итгэл үнэмшлээ дагаж, олон улсад батлагдсан технологиор сонголтоо хийсэн, түүний дагуу шинэ Ерөнхийлөгч сонгогдсон, тэгээд тангаргаа өргөж байна. Үүний зэрэгцээ зургаа дахь Ерөнхийлөгчийн тангаргийн ёслолын ажиллагааг “Үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлая” гэх уриалга ч гаргаж байгаа бололтой. Зарим хүмүүс цар тахлын үед тангараг өргөх хэрэггүй гэх мэт олон зүйл ярих аж. Эмэгнэж гашуудаад байх ч зүйл алга. Таны сонголт өөр байгаад С.Эрдэнэ ялалт байгуулаагүй бол тэр хүнээ хүлээн зөвшөөрөгдөх үндэсний хэмжээний хүн биш гэдгийг л ухаарах хэрэгтэй.

Яагаад гэхээр монголчуудын дийлэнх хувь нь У.Хүрэлсүх гэдэг хүнийг нэгэнт сонгосон учраас та ард түмнээ дагахаас өөр ямар ч зам алга. У.Хүрэлсүхийг дага гэсэн хэрэг огт биш. Та улс төр хийж байгаа бол хүссэн хүсээгүй ард түмнээ дэмжиж байж өөрийгөө дэмжүүлдэг гэдгийг мэдэх байх. Цар тахал гээд Ерөнхийлөгч нь тангаргаа өргөхгүй байна гэж үгүй. “Төр төмбөгөр ёс ёмбогор” гэж монголчууд ярьдаг. Тэгээд ч өвчин тахал бүү хэл дайн дажин болж байсан ч Монгол төрийн ажил явдгаараа явж байх учиртай.

Ардын хувьсгал, Ардын нам хоёроо ялгах хэрэгтэй

“Цахим нам”-ын генсек цар тахлын халдварын тохиолдол хэдэн арван мянгаараа бүртгэгдэж, 400 гаруй иргэнээ алдчихлаа хэмээн хараан зүхэж л байна. Халдвартай чадлынхаа хэрээр л тэмцэж байна. Чадвартай чадваргүй сайд, дарга нар ямартай ч амраад алга болчихоогүй. Дэлхий нийтэд дэгдсэн цар тахлын шуургыг бид хохирол багатай давах ёстой болохоос бус улстөржүүлэх сэдэв огт биш. Үүнээс гадна Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярт зориулан 150 мянган медаль хийхэд тэрбум орчим төгрөгийн төсөв гарсан, цар тахалтай үед ийм зүйлд мөнгө зарж болохгүй хэмээн “Цахим нам”-ын генсек бухимджээ.

Энэ жил яах аргагүй Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр тохиож байгаа нь үнэн. Ардын хувьсгал нь монголчууд тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхэн үйл явдал гэдэгтэй хэн маргах юм. Олон эрсийн ухаан, эр зориг, амиар бидэнд ирсэн энэ туурга тусгаар заяагаа дурсаж бахархаж явах учиртай. Бас нэг аргагүй зүйл гэвэл Ардын хувьсгалтай нас чацуу МАН-ын 100 жилийн ой бас тохиож байгаа нь улстөржих нэгэн шалтгаан болж байна. Өнөөдөр л болох бүтэхгүй нөхдөөр дүүрчихээд байгаа болохоос бус МАН-ыг эх орончид байгуулсан юм шүү. Одоо л “Жидүүчид”, авлигачид дүүрчихээд байгаа болохоос биш бидний хараан зүхдэг социалист нийгмийг цогцлоон босгохдоо өдгөө бидэнд байгаа өвийг үлдээсэн юм шүү дээ. Үүнээс харахад Ардын хувьсгал, Ардын нам хоёрыг ялгаж салгаж ойлгох ч асуудал байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ