...
...

Цагаан өнгөний бэлгэдэл

Хүн төрөлхтөний хувьд өнгө, түүний бэлгэдэл, мөн чанар гэдэг нь тухайн үндэстний онцлогийг илэрхийлэх нэгэн томоохон соёл болдог. Монголын уламжлалт соёл, зан заншилд өнгөний бэлгэдэл нь арвин их сан хөмрөгтэй бөгөөд бусад үндэстний өнгөөр бэлгэдэх ёсонд байдаггүй гэж хэлж болохуйц өвөрмөц бэлгэдлүүдийг өөртөө агуулсан байдаг.  Монголчуудын өнгөний бэлгэдэл нь  малч, нүүдэлчин соёл ахуй уламжлал, зан заншил, бөө мөргөл, байгаль шүтлэгтэй нягт уялдаатай бөгөөд хөх, шар, улаан, ногоон, цагаан хэмээх үндсэн 5 өнгийг Монголчууд ахуй амьдралдаа дээдэлж иржээ.   

Идээний дээд нь цагаан сүү.

Итгэлийн дээд нь цагаан сэтгэл.

Цагаан өнгө бол бүх өнгөний нэгдэл болдог хүчирхэг өнгө юм.  Нарны гэрэл нь бүх өнгийг өөртөө агуулж, улмаар олон өнгийн долгион нь хоорондоо холилдсоноор цагаан өнгийг бий болгож харагдуулдаг байна. Мөн Монголчууд цагаан өнгийг сүүтэй зүйрлэж дараах утга агуулгуудаар хүндлэн бэлгэшээсээр ирсэн. Үүнд:   

  1. Хиргүй, ариун нандин, тунгалгийн бэлгэдэл: Монголчууд эрт дээр үеэс энэхүү өнгийг эхийн сэтгэл, хүний сайхан сэтгэл, аливаа сайн сайхан бүхэнтэй зүйрлэж эрхэмлэсээр ирсэн. Эхийн сэтгэл гэдэг юутай ч зүйрлэшгүй ариун нандин зүйл болохоор ийнхүү эхийн сэтгэлийг сүүн цагаан сэтгэл хэмээн сэтгэн зүйрлэдэг байна.
  2. Аливаа хорыг анагаагч дээдийн бэлгэдэл: Үүнтэй холбоотой анагаах ухаан, эм эмнэлгийн салбарын илэрхийлэл мөн эмч домчийн өмсгөл цагаан өнгөтэй байдаг байна.   
  3. Хүндэтгэлийн дээд бэлгэдэл: Нүүдэлчин хэв маягт цагаан зүсмийн есөн тоот малыг төрт ёсны эрхэм дээд бэлэг буюу “есөн цагааны бэлэг” хэмээн эрхэмлэн үздэг байжээ. Тухайлбал: Хаад ноёдод 9-н цагааны бэлэг болох 8 цагаан морь,1 цагаан тэмээг өргөн барьдаг байв. Мөн цагаан өнгийн хадгийг хамгийн сайн сайхан, хүндэтгэдэг хүндээ өргөн барьдаг соёл одоо ч байсаар байна.
  4. Саадгүй байх, энх амгалан, мөнхжингийн бэлгэдэл: Өвөг дээдэс маань улс гүрнээ энх амгалан байж, мөнхжин оршиж, үргэлж мандан бадрахыг ерөөл домыг хийж 9 цагаан хөлт тугийг тахидаг  байжээ. Түүнчлэн сүү сааль, цайныхаа дээжийг есөн нүхтэй цацлаар сайхан бүхнийг даатгаж тэнгэр бурхандаа өргөдөг.  Алс хол явах нэгнийхээ дөрөөнд нь цагаан сүү дусааж, араас нь сүү өргөдөг нь саадгүй сайн явахыг бэлэгддэг байна. Мөн цагаан уул цэцгийг ч үхэшгүй мөнхийн бэлгэдэл хэмээн үздэг.
  5. Шударга үнэнч, тууштай тогтвортой, бат бөх сэтгэлийн бэлгэдэл: Цагаан өнгө нь тогтвортой итгэлтэй сэтгэл төрүүлдэг учраас эмч сувилагч нар цагаан өмсгөл өмсдөг байна.  Мөн шударга зантай, итгэл даадаг, өөртөө бусдыг татдаг, тусархаг, зарчимч, тогтвортой хүмүүс цагаан өнгөнд дурлаж, энэ өнгийг зонхилон сонгодог аж. Сайхан бүхэн, урт удаан амьдрал, тогтвортой байдлыг бэлгэддэг учраас  хуримын ёслолыг сүүн цагаан хурим хэмээн нэрийддэг байна.

 

Монголчуудын амьдралын хэв маягт дээрх цагаан өнгөний бүх бэлгэдлүүд нэг дор цогцолдог үе бол билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу “ЦАГААН САР” юм. Энэ үеэр оюун санаа, ахуй амьдрал, шашин мөргөл, гүн ухааны бүхий л бэлгэдэлүүд хуран цогцолдог. Цагаан сараар өргөө цагаан гэртээ, гал голомтоороо цуглаж, цагаан морин хүлэглэж, цагаан өмсгөл хувцас өмсөж, цагаан хадаг дэлгэн золгож, цагаан сэтгэлийн цайлган халуун үг яриа хэлэлцэж, цагаан идээ, цагаалгаа хуваалцан хүртэж, цагаан зүст халуун хошуут малаа сааж, цагаан зүг зүглэх, цагаан сэтгэлийн тоглоом наадгай наадаж,  энх жаргаланг билэгддэг жамтай.  

 

Тэгвэл Улаанбаатарт байдаг цагаан өнгөөр бэлгэдлээ хийсэн байгууллага, брэндүүдийг түүвэрлэн авч үзье.

 

  1. WHITE HOUSE HOTEL

Баянгол дүүргийн 8-р хороонд Амарсанаагийн гудамжинд байрладаг White House Hotel  нь бид бүхний нэрлэж заншсанаар Модны 2-т байрладаг. Зочид буудал, ресторан,  зочлох үйлчилгээний 6 давхар төв байна. Нэр нь white буюу цагаан гэсэн агуулгатай ч байшин нь бор саарал өнгөтэй.

 

  1. ХОЁР ЦАГААН ХААЛГА

Социалист нийгмийн үед 19-н цагаан хаалга, нисэхийн цагаан хаалга гэж Улаанбаатар хотыг чимдэг алдартай 2 хаалга байсан.  1957 онд ЗСБНХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга К.E.Ворошилов БНМАУ-д хийх айлчлалд зориулж Нисэхийн ба Үйлдвэр комбинатын гэгддэг хоёр цагаан хаалгыг барьж хүндэтгэлтэйгээр угтсан түүх байдаг. Түүнээс хойш Ворошиловын бас Найрамдлын хаалга гэдэг болж сүүлд нь ЗСБНХУ ба БНМАУ-ын төрийн сүлдийг товойлгож энхийн тагтаа, бас бус хээгээр чимсэн байна. 1990-ээд оны үед 19-н хаалгыг Хан-Уул дүүргийн билэг тэмдэг болгож, дүүргийн нэрийг оройд нь тогтоогоод хээ чимэг нэмсэн байна.

Харамсалтай нь хотын дахин төлөвлөлт, авто зам шинэчлэлийн хүрээнд 2012 онд 19-ийн цагаан хаалгыг, 2013 онд нисэхийн цагаан хаалгыг буулгасан байна. 19-н цагаан хаалга буусаны хожуу тэр хавьд нь White Gate буюу Цагаан хаалга нэртэй нэгэн ресторан нээгдсэн байдаг.

 

  1. СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

Сүхбаатар дүүргийн Чингисийн талбайн зүүн урд талд байрлах Соёлын төв өргөөний барилгын өвөрмөц цагаан өнгө нь хүний анхаарлыг яалтгүй татдаг. СТӨ-г  1988 онд ОХУ-н буцалтгүй тусламжаар барьж ашиглалтанд оруулжээ. Тус барилга нь Монголын ард түмний соёл урлагийн алтан тайз болон өнөөдрийг хүртэл сүндрэлсээр байна. 15,000м2 талбайтай, сүрлэг өндөр багануудтай, 1325, 280, 150 хүний багтаамжтай их бага дунд 3 заалтайгаас гадна концерт, кино, лекцийн танхим, номын сан, музей, үзэсгэлэнгийн танхим, 12 давхар захиргааны барилгаас бүрддэг.

 

  1. СҮҮН ЦАГААН ГЭРЛЭХ ЁСЛОЛЫН ОРДОН

 

Улаанбаатар хотын чимэг, аз жаргалын ордон бол яах аргагүй цорын ганц, сүүн цагаан хуримын ордон билээ. Анх БНМАУ тунхагласны 50 жилийн баярыг тэмдэглэх үед ЗХУ-ын тэргүүн Л.И Брежнев Монгол айлчилахад А.И.Цэдэнбал Филатова авхай 2 орны бат найрамдал болон  ариун үнэнч хайрыг бэлгэдэл болгож орд цагаан хуримын өргөө бариулах хүсэлт санаачлагыг гаргажээ. Улмаар ЗХУ-ын буцалтгүй тусламжаар тус ордныг барьж, 1976 оны 6-р сарын 14-нд нээлтээ хийжээ. Зөвлөлт-Монголын уран барилгачид тус бүтээл дээр ажиллаж, дотоод заслыг Ардын зураач Д.Амгалан, сийлбэрч Л.Чуваамид нарын уран бүтээлчид ур ухаанаа хослуулан бүтээжээ.

 

  1. THE WHITE HILL RESIDENCE- цогцолбор хотхон

Ар зайсанд Богд Хан ууландаа хамгийн ойр Вайт хилл цогцолбор хотхоны цагаан өнгөтэй метад пасад, нумарсан хэлбэр нь үнэхээр өвөрмөц. Худалдаа үйлчилгээний цогц төлөвлөлттэй 124 айлын хотхон нь минималист, эргономик хэв маягийг шингээж, эрүүл  идэвхитэй амьдралын хэв маягийг хангасан орон сууц хэмээн онцолж байна.

Учир нь дотроо усан бассейн, фитнес төвтэй, мөн байгальд ойр учраас эрүүл агаарт ууланд алхах боломжтойгоор барьсан байна.  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ