Сүүлийн өдрүүдэд Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Жуковын хөшөөний арын нийтийн эзэмшлийн талбайд хувийн ашиг сонирхлын хүрээнд орон сууцны барилга барих гэж байгаа асуудал ихээхэн шүүмжлэл дагуулаад буй.
Тэгвэл энэхүү газрыг эзэмших эрх авсан байгууллагууд өнөөдөр /2021.09.20/ орон сууцны барилгыг зогсоож, спорт цогцолбор барих болсныг мэдэгдлээ.
"Саран ээж" нийгэмлэгийн тэргүүн, Ардын жүжигчин Н.Сувд “Монголын сайхан ээжүүдийг сурталчлах энэ сурталчилгаагаа өргөжүүлэхийн тулд 2001 оны удирдах зөвлөлийн хурлаар “Ээж музей” төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ асуудлаар 2002 онд удирдах зөвлөл хуралдаад хотоос газрын асуудал шийдвэрлүүлэх хэрэгтэй болсон. Улмаар хотын гүйцэтгэх захиргаанд санал тавьж, Жуковын хөшөөний ард газар олгосон.
Барилгын суурийг 2006 онд тавьсан. Гэтэл Баянзүрх дүүргээс манай барилгын суурьтай тулгаад дөрвөн компанид газар олгосон байсан юм. Энэ нь 16 давхар бүхий дөрвөн блок орон сууцны барилга байсан. Газар давхацсаны улмаас бид тухайн компанитай зөвшилцөөд, хамтарч ажиллахаар болж, ажлаа эхэлсэн. Тухайн газарт дулааны шугам барихаас эхлээд их ажил хийсэн. Гэтэл эцэст нь өндөр барилга барих боломжгүй боллоо. Төсөл хэрэгжүүлэгч компаниас тэр хавийн оршин суугчдын 80 гаруй хувиас зөвшөөрлийн гарын үсэг авсан гэж бидэнд хэлсэн. Нөхцөл байдал ийм байхад юу нь болохгүй байгааг бид ойлгохгүй байна.
Хотын захиргаанаас хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан ногоон байгууламж барих хэрэгтэй гэх чиглэлийг өгсөн. Тиймээс бид “Мөнх сайн санаа” компанитай хамтраад спорт цогцолбор барих гэж байна. Энд хамгийн багадаа 300 гаруй ажлын байр бий болно” гэлээ.
“Алхана трейд” ХХК-ийн дэд захирал Н.Ганболд “Саран ээж" нийгэмлэг тухайн газарт музейн анхны суурийг тавьсан. Манайх тус нийгэмлэгийн авсан газрын дэргэд залгаа газар авсан байсан. Тухайд үед “Саран ээж” нийгэмлэг барилгын компаниудад хамтран ажиллах санал тавьсан. Барилгын суурийг тавьсан боловч санхүүжилт байхгүйгээс үүдэн барилгын ажил нь зогссон байсан. Улмаар бид хамтран ажиллахаар болж, барилгынхаа 800 мкв талбайд “Ээж музей”-н хэсгийг оруулахаар тохиролцож, бүх зөвшөөрлөө авсан байсан.
Бидний барилга барих гэж байсан энэ газарт ургамал, ногоо сайн ургадаггүй байсан. Энэ газрын ойр орчмын барилгыг барихдаа үлдэгдэл материал, хог хаягдлыг овоолсон байсан учраас ямар ч үржил шимгүй болсон. Бид тэр хог, шороог зөөсөн. Үүний дараа ковидын улмаас ажлаа зогсоосон. Энэ хавар үргэлжлүүлэх гэтэл Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд газартай танилцаад өндөр барилга барих зохимжгүй гэж мэдэгдсэн юм. Тиймээс бид төлөвлөсөн 16 давхар бүхий дөрвөн блок барилгын ажлаа зогсоож байна. Харин тэдний барих спорт төвийн кино театрын хэсгийг хариуцаж ажиллана” гэв.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250