Монголчууд хууль, шүүхэд итгэсээр ирсэн уламжлалт хандлагатай ард түмэн. Тиймээс ч хоорондоо яриад боломгүй, хүнд хэцүү асуудал тулгарахад шүүх, хуулиараа явж учраа олноо гэсэн өндөр гэгээн итгэлтэй. Хууль шүүхийнхээ шийдвэрийг голч, чигч үнэн гэж хүлээж авдаг байлаа. Байлаа гэдгийн учир нь одоо байхгүйд оршино. Шүүх засаглалдаа залбирдаг энэ их итгэл сүүлийн жилүүдэд тэс өөрөөр эргэж, шүүхийн байгууллагад танил тал, эрх мэдэлтэй нэгэн нөлөөлдөг гэх хандлага газар авсныг гэрчлэх хүн ч олшрох болов.
Ийм эмзэг цаг үед шүүхийн шинэчлэл хийх ажил төрийн хэмжээнд яригдаж, түүнийг дагасан хууль тогтоомж батлагдах болсон. Товчхондоо хонгилын үзүүрт гэрэл асаж, хууль шүүхийнхний зам мөр засагдана гэж нийгмээрээ найдаж байв. Гэтэл нөгөө л ужгирсан улс төрчдийн нөлөөлөл, хэн нэгэн эрх мэдэлтний гар хөл бологсдын бие төлөөлөгчид шүүхийн тогтолцоонд тэсэж үлдэхийн тулд янз бүрийн арга залиар үзэлцэх болжээ. Үүний нэгэн тод илрэл бол Шүүхийн Сахилгын хорооны гишүүдийн томилгоо болоод байна.
Сахилгын хороог сайн төлөвшүүлж чадвал шүүхийн шинэчлэлд шинэ эргэлтийг авчирна
Шүүхийн Сахилгын хороо гэж ямар байгууллагыг хэлээд буй талаар хуулийн тайлбарыг нь танилцуулья.
Монгол Улсын шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн зургаа дахь хэсэгт “Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно” гэж зааснаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-аас баталж, энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн билээ.
Өөрөөр хэлбэл, шүүхийн Сахилгын хороо гэдэг нь Үндсэн хуулийн байгууллага гэж ойлгож болох нь ээ. Цоо шинэ энэ байгууллага хуулиар амилах гэж байгаа учраас анхны алхам нь их чухал. Гарааг их зөв тавих ёстой. Буруу эхлүүлбэл энэ бүтэц өөрөө мангас болно. Шүүгч нараа барьж байдаг шинэ хонгил болно. Хонгил болохгүйн тулд маш олон журам зохицуулалт ч гаргасан байна. Шүүгчдэд гагцхүү хуульд заасан үндэслэлээр л хариуцлага тооцдог байхаар Сахилгын хорооны үндсэн үүргийг ч тодорхойлж өгчээ. Ийнхүү шүүх засаглалыг төрийн өндөр албан тушаалтнууд бус шүүгчид өөрсдөө хянаж, дотоод ардчилалаа бүрдүүлэх гэж байгаа нь сайн хэрэг. Харамсалтай нь сайны хажуугаар саар зүйл олон байна. Тэр бол дээр дурдсан Сахилгын хорооны гишүүдийн томилгоо юм.
Сахилгын хорооны шүүгч бус гишүүдэд санаархагчид
Сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдаж байгаа байгууллага болохыг дээр дэлгэрэнгүй өгүүлсэн. Хуульд зааснаар тус байгууллага нь шүүхийн төсвөөс санхүүжих, бие даасан байгууллага бөгөөд орон тооны есөн гишүүнээс бүрдэж, гишүүд нь зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар зөвхөн нэг удаа сонгогдож, томилогдоно. Үүнд Хяналтын шатны шүүхээс нэг, Давж заалдах шатны шүүхээс хоёр, анхан шатны шүүхээс нэг шүүгчийг нийт шүүгчийн чуулганаас нууц санал хураалтаар сонгохоор заажээ. Харин бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно гэжээ. Нэг үгээр бол, тэр тав нь шүүгч бус гишүүд гэж ойлгох нь ээ.
Тэгвэл дээрх таван гишүүнд өөрсдийн нөлөөллийн хүмүүсээ оруулахыг эрмэлзсэн эрх мэдэлтнүүд эрвийх дэрвийхээрээ чармайж байгаа сурагтай, Тодруулбал, Шүүхийн Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 24 хүн нэр дэвшсэнээс таван гишүүн тунаж үлдээд байгаа аж.
Тэднийг нэрлэвэл:
МУИС-ийн Хуульзүйн сургуулийн Ц.Давхарбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн даргаар 2016 оноос хойш ажиллаж буй Д.Ариунтуяа, Эрүүгийн цагдаагийн газар ажиллаж байсан Д.Мягмарцэрэн, АТГ-д албаны даргаар ажиллаж буй Х.Хашбаатар, Улсын Дээд шүүхэд Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэчулуун нар юм. Мэдээллийн эх сурвалж болон шүүгч нарын ярьж буйгаар дээрх нэр бүхий хүмүүс нь нөгөө л ужиг болсон улс төрчидтэй ямар нэг байдлаар хамаатай. Тэдний лоббигоор орж ирж буй нөхөд аж. Тэр ч бүү хэл, эрэн сурвалжлагдаж байсан хүн хүртэл Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүнээр томилогдох гээд явж байна. Жишээ нь, Д.Эрдэнэчулуун нь Хан-Уул дүүргийн шүүхээс эрэн суралжлагдаж байсан нэгэн гэнэ. Түүгээр зогсохгүй түүний эхнэр Дээд шүүхийн шүүгч, дүү нь мөн шүүгч хүн байдаг аж. Мөн Д.Эрдэнэчулуун нь Шүүхийн ерөнхий зөвлөлд гишүүн байсан ч удаатай.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шинэчлэл яригдсанаас эхлээд болохгүй бүтэхгүйгээрээ хамгийн их шүүмжлэлд өртөж байсан үеийн буюу хуучин ШЕЗ-д гишүүн байсан гэсэн үг. Эндээс дүгнэвэл, эхнэр дүү нь шүүгч байна гэдэг нь эрх ашгийн зөрчил, урьд өмнө нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн асуудлаар эрэн сурвалжлагдаж байсан гэдэг нь Сахилгын хорооны гишүүн хүнд байж боломгүй үзэгдэл зэргийг аваад үзсэн ч тэр Д.Эрдэнэчулуун гэх этгээд энэ хорооны гишүүнд тэнцэхээргүй байгаа юм. Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнээр томилогдох санаархал тээж буй дараагийн хүн бол Ц.Давхарбаяр. Түүний хувьд шүүх засаглалд олон жил даналзсан МУИС-ийн Н.Лүндэндоржийн лоббины хүн гэдгийг салбарынхан нь ярьж байна. Нөгөө л Ц.Элбэгдорж, Ч.Өнөрбаяр гэсэн луугаруудын талын хүн гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй болов уу. Нөгөө талаар Ц.Давхарбаяр нь өмгөөлөгч хийж байсан хүний хувьд шүүгч нарт адил тэгш хандана гэдэг юу л бол. Дараагийн хүн бол Думбарай генералын хүү Мягмарцэрэн гэх үе залгамжилсан “хун тайж” Шүүхийн Сахилгын хорооны гишүүнээр сонгогдохоор санаархаж байгаа юм. Нөгөөх нь Х.Хашбаатар гэх АТГ-ын албан хаагч. Энэ хоёр бол эрүүгийн төлөөлөгчид. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажиллагаа л хийдэг байсан гэсэн үг. Ядаж мөрдөн байцаагч хийгээд нотлох баримт цуглуулаад зөрчлийн хэрэг шийдэж байсан бол яая гэхэв.
Гэтэл ийм нөхөд шүүгчдийн сахилгын хороонд гишүүн болно гэдэг нь наад захын шаардлага хангаагүй байгааг илтгэж байгаа юм.Шүүхийн Сахилгын хорооны гишүүн байна гэдэг нь нэг утгаараа шүүгчдийг “шүүх” өндөр хариуцлагатай үүрэгт ажил юм. Тиймээс хуулиндаа шүүгч бус гишүүний хараат бус байдлыг шалгуур болгох үүднээс тусгай шаардлагууд тавьсан байна. Тухайлбал, сүүлийн таван жил шүүгч, Ерөнхий зөвлөлийн гишүүн, шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагатай гэж заажээ. Тэгвэл дээрх шаардлагыг тус таван хүн хангаж байна уу гэдгийг бодох л ёстой асуудал. Харин нөгөө талд нь шүүгчдийн дундаас сонгох шүүгч гишүүдийн хувьд чин шударгаар хурлаа хийж, дотроосоо ярилцаж байж, дөрвөн гишүүнээ сонгожээ.
Тодруулбал, нийт шүүгчийн дунд явуулсан нууц санал хураалтаар олонхын санал авсан Улсын дээд шүүхийн шүүгч Готовдоржийн Цагаанцоож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Очирбатын Номуулин, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Сономдовчингийн Энхтөр, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Баясахын Сугар нарыг Сахилгын хорооны шүүгч гишүүнээр сонгогдсонд тооцож, нийт шүүгчийн чуулганы хуралдааны тогтоолыг батлав.
Шүүх тогтолцооны жаргал зовлонг үүрч яваа шүүгчдийн хувьд өдгөө “Шүүхийн шинэчлэл”-ийг ус агаар мэт хүсэж байгаа. Гэвч тэднээс үл шалтгаалах буюу Сахилгын хорооны гишүүнийг томилох энэ мэт асуудлуудад улс төрч, нам бүлэглэлийн акулуудын гар хөл явсаар байгаа юм. Хөгжингүй улс оронд “Шүүх засаглалаа яаж улс төрөөс хараат бус болгох вэ” гэдэг дээр гойд анхаарч, УИХ шиг албан тушаал, авлигын уул уурхай болсон газраасаа ангид байлгахыг эрхэмлэдэг. Гэтэл манайд эсрэгээрээ. Сахилгын хороог сонгох Ажлын хэсэгт УИХ-ын гишүүд багтах гэж алалцаж байх жишээтэй. Хамгийн хөгийн нь гишүүд нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүдийг сонгох Ажлын хэсэгт орох гэж улайрч байсныг мартаагүй биз ээ.
Шүүхийг хараат бус болгоно гэж байгаа бол бусад улс шиг мэргэжлийн байгууллага нь үндсэн томилгоогоо хийдэг баймаар байна. Тэгэж чадахгүй бол шилний цаанаас чихэр долоолгохын үлгэр гэгч нь Шүүхийн шинэчлэлд тохиохыг ч үгүйсгэхгүй.
Сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг өнөөдөр, маргааш хоёр өдөр хийнэ. Иймээс энэ сонсголд онцгой анхаарч, Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг томилохдоо Монгол Улсын шүүхийн засаглалд шинэчлэл авчрах шинэ хүмүүсийг дэмжвэл яасан юм бэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН