Арванхоёрдугаар сарын 26-ны өдөр холимог тулааны 66 кг-ын жингийн аваргын бүсний төлөөх тулаан болно. Энэ талаар Таеквондогийн дэлхийн аварга, "MGL-1 Fighting Championship” холбооны Гүйцэтгэх захирал Ө.Гантөмөртэй ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. "MGL-1 Fighting Championship” холбооны зохион байгуулж буй удахгүй болох холимог тулааны аваргын бүсний төлөөх тэмцээний талаар ярилцлагаа эхэлье?
Баярлалаа, энэ өдрийн мэнд хүргэе. "MGL-1 Fighting Championship” холбооны аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр "Бүхнийг нэг дороос” уриатай "Food city”-ийн 3 давхарт зохион байгуулагдана. Энэ нь 66 кг-ын аваргын бүсний төлөөх 16 дугаар удаагийн тэмцээн. Энэ удаагийн тэмцээнийг Нийслэлийн спорт хороотой хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
-Тэмцээнд хэдэн тамирчин оролцож, онцлох ямар тулаанууд хийгдэх бол?
-Энэхүү тэмцээн нь манай холбооны 2009 онд үүсгэн байгуулагдсанаас хойших 16 дахь удаагийн аваргын бүсний төлөөх тулаан байгаа. Энэ тэмцээнд 2021 оны холимог тулааны сорил тэмцээнээс шалгарсан тамирчид, мөн чансаа ахиулах тулаанууд явагдана. Аваргын төлөө Шандас MMA-ын тамирчин Энх-Оргил аваргын бүс хамгаалах тулаан хийнэ. Энх-Оргил нь 2020 онд аваргын бүсийг авч байсан бол одоо өрсөлдөгч нь Гаруда MMA-ын тамирчин Гантүлхүүр. Гантүлхүүр бол сая болсон 66 кг жингийн тулаанд 1 номерыг нэгдүгээр үедээ хүнд цохилтоор, ко буюу ганцхан цохилтоор буулгаж авсан ийм сайн тамирчин байгаа. 57 кг, 61 кг, 77 кг-ийн чансаа өсгөх тулаанаас гадна мөн аваргын бүсний төлөөх тоглолттой нийт 10 тулаан болно. Мөн анх удаа эмэгтэй 54 кг-ийн жинд Энхцэцэг, Уянга нар өрсөлдөнө. 2020 онд бас хоёр эмэгтэй тамирчин 60 кг-ийн жинд өрсөлдөж байсан бол энэ удаа бол 54 кг-ийн төлөө өрсөлдөнө.
-"MGL-1 Fighting Championship” холбоог үүсгэн байгуулахаас өмнө болон дараа нь энэ спортын төрлийн Монгол Улс дахь хөгжилд ямар өөрчлөлт орсон гэж та боддог вэ. Манай улс энэ төрөлд дэлхийн хэмжээнд ямар түвшинд явж байгаа вэ?
-Манай холбоо 2009 онд үүсгэн байгуулагдаж, байгуулагдсанаас хойш холимог тулааны Ази номхон далайн орнуудын "Legend” тэмцээний аваргын бүсийг монголд анх удаа авчирч байсан. Дараа нь мөн "One championship” холбооны дэлхийн аваргын бүсийг 70 кг-ийн жинд Ж.Нарантунгалаг аварга авчирч байсан. Одоо бие хамгаалах урлаг, тэр тусмаа холимог тулааныг дэлхий даяар сонирхдог болсон. Мэдээж хэрэг манай холбооны аваргууд дэлхийд тулалдсаар байна. Тухайлбал, холимог тулааны дэлхийн хамгийн том "UFC” холбоонд 66 кг-ийн аварга Данаагийн Батгэрэл гурван ялалттай буюу хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж авсан өндөр амжилтай явж байна. Мөн 70 кг-ийн жингийн Амарсанаа, 66 кг-ийн жингийн Шинэчагтага гэх зэрэг тамирчид "One championship” холбоотой гэрээ байгуулан тулалдаж байна. Цаашлаад Америкийн бусад том холбоодод, тухайлбал Амартүвшин маань тулаан хийхээр бэлтгэлдээ гарсан байгаа. Отгонтулга аварга АНУ-ын холимог тулааны өөр холбоонд мөн тулалдаж байна. Тэгэхээр манай монголын холимог тулааны холбоо 2009 онд үүсгэн байгуулагдсанаас хойш аваргуудаа харахаар дэлхийн бүх томоохон холбоодод тулалдаж байна гэж хэлж болно. Үүнд бид ч мөн бахархалтай байдаг.
-Танай холбоог байгуулагдахаас өмнө энэ спортын төрөл монголд төдийлэн хөгжөөгүй байсан гэж хэлж болох уу?
-Тэгж хэлж болно. 2003 онд Сумъяабазар аварга, Асашёориү аваргууд энэ төрлийн гэж хэлж болох анхны тэмцээнийг зохион байгуулж байсан. Гэхдээ тухайн үедээ мэргэжлийн бөхийн холбоо гэж байгуулаад, мэргэжлийн бөхийн тэмцээн гэж нэрээр хийж байсан. Яг холимог тулаанаар бол миний санаж байгаагаар 2005, 2007 онуудад хоёр удаа тэмцээн зохион байгуулагдсан байдаг. Гэхдээ яг ингээд манай холбоо шиг 12 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа холбоо холимог тулааны төрөлд бол монголд өөр байхгүй.
-Холимог тулааны спорт нь хэр зардал өндөртэй спортод тооцогддог вэ? Ер нь тулааны төрлийн спортын бусад спортоос ялгарах онцлог нь юу вэ?
-Тулааны спортын ганц ялгарах онцлог нь бусад сонирхогчдын тулаанд ялсан бол медаль авдаг байхад мэргэжлийн тамирчин ялалт байгуулсан бол чансаагаараа тодорхой хэмжээний санхүү авдаг гэж хэлж болно. Ер нь манай холбоо 2009 онд үүсгэн байгуулагдсанаас хойш анхны тулаанд мөнгө өгсөн холбоо. Одоог хүртэл энэ зарчмаараа явж байгаа. Мэдээж хэрэг тамирчдын хүртэх мөнгө чансаанаасаа хамаараад багаасаа эхэлж, 150 мянган төгрөгөөс хамгийн дээд тал нь 5 сая хүртэлх төгрөгийг өгч байгаа. Аваргын бүсийг эзэмшигч 5 сая төгрөгөөр тулаанаа хийж байгаа. Холимог тулааны спорт нь үзэлт, дэмжигчдийн тоогоор дэлхийд тэргүүлдэг. Холимог тулааны спортоор хичээллэж, амжилт гаргахын тулд асар өндөр бэлтгэл, хөдөлмөр шаарддаг. Боксын гарын цохилтууд, каратегийн өшиглөлтүүд, жүдогийн мэхнүүд, байлдааны самбогийн арга техникүүд тулааны төрлийн спортын олон арга техникүүдийг бүгдийг эзэмшсэн байх шаарлага тулгардаг. Эдгээр чадварыг эзэмшихийн тулд тамирчид их удаан хугацаагаар хичээллэж байж амжилт гаргадаг.
-Монголд холимог тулааны төрлөөр үйл ажиллагаа явуулдаг хэчнээн холбоо, клуб байдаг вэ?
-Сүүлийн үед энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб, дэвжээ хангалттай олон байдаг болсон. Харин мэргэжлийн холбоо бол манайхаас өөр байхгүй. Тухайлбал сая "MGL-1 Fighting Championship”-ийн сорил тэмцээн болоход нийт 4 аймаг, 12 клубын 50 тамирчин оролцсон байх жишээтэй. Тэгэхээр сүүлийн үед орон нутагт бие хамгаалах урлагийн, тэр тусмаа холимог тулааны төрөл нэлээн сайн хөгжиж байгаа гэж хэлж болно.
-Энэ удаагийн тэмцээнд оролцох тамирчдаас та хэнийг онцлох вэ?
-Энэ спортыг монголд хөгжүүлэхийн төлөө явж байгаа хүний хувьд тэрийг, энийг гэж онцолмооргүй байна. Бүгд сайн тамирчид чансаа, чансаагаараа тэмцээндээ оролцоод явж байгаа. Харин онцлох тулааны тухайд 66 кг-ийн жингийн аваргын бүсний төлөөх тулаан байгаа. 66 кг-ийн жингийн аваргын бүсийг 12 жилийн турш эзэмшсэн дөрөвхөн тамирчин байдаг. Нэг нь БХЯ-ны тамирчин байсан н.Сүхболд, Шандас MMA-ийн Б.Ганбат, одоо UFC-д тулалдаж байгаа Д.Батгэрэл, Шандас MMA-ийн Б.Энх-Оргил нар байгаа. Энэ удаа аваргын бүсний төлөө тулалдах Энх-Оргил хэрвээ аваргаа хамгаалж чадвал аваргын бүсийг 2 дахь удаагаа эзэмшинэ гэсэн үг. Энх-Оргилтой өрсөлдөх тамирчин Гантүлхүүрийн хувьд урьд нь бие хамгаалах урлагаар хичээллэж байсан, БНХАУ-д холимог тулааны төрлөөр тодорхой хэмжээний тэмцээнүүдэд оролцож байсан, ганц ч ялагдалгүй яваа тамирчин байгаа. Сүүлийн 2 тулаанд ялалт байгуулаад, сая 2021 оны 10 сард хийсэн тулаан дээрээ 66 кг-ийн өрсөлдөгч тамирчнаа knockout-аар ялснаар аваргын бүсний төлөө тулалдах эрхийг олж авсан.
-Цаашид монголд энэ төрлийн спортыг илүү хөгжүүлэхийн тулд зорьж, төлөвлөж байгаа ямар ажил байгаа вэ?
-Мэдээж хэрэг холимог тулааныг дэлхийн түвшинд хүргэхийн тулд манай холбоо хөдөлмөрлөж байна. Монгол тамирчдаа дэлхийд гаргах мөрөөдөл эхнээсээ биеллээ олоод явж байна. Өмнө нь бидний телевизээр л үздэг байсан One championship, UFC зэрэг дэлхийн томоохон холбоодын тэмцээнд манай тамирчид өрсөлддөг болсон байна. Тэгэхээр холбоон хөгжил хэр сайн явж байгаа вэ гэдэг нь эндээс харагдах байх.
--Ярилцсанд баярлалаа.