Бид энэ удаа Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой уулзаж цаг үеийн асуудал хийгээд иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явц, өөрчлөлт, ирэх жилүүдэд хийгдэх томоохон төсөл хөтөлбөрүүдийнх нь талаар ярилцлаа.
Ярилцлагынхаа өмнө онцлон хэлэхэд, тэд анагаах ухааны хөгжилд суурилсан олон томоохон өөрчлөлтүүдийг хийхээр зорьж байгаа аж.
Бүтэн нэг жилийн ажлаа дүгнэн тайлагнах гээд цаг зав муутай өдрүүд үргэлжилж байгаа байх. Тиймээс юун түрүүнд ярилцлага өгч байгаад талархлаа илэрхийлмээр байна.
Та бүхэнд ч бас зорьж ирж ярилцлага авч байгаад талархая.
Тэгэхээр Нийслэлийн эрүүл мэндийн газарт сүүлийн үед хийгдэж буй шинэчлэл, өөрчлөлтүүдийн талаарх асуудлаар яриагаа эхэлье гэж бодож байна. Танай байгууллагын бүтэц үйл ажиллагаанд нилээдгүй өөрчлөлтүүд ороод байгаа шүү дээ. Энэ талаар та манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч.
Тэгэлгүй яахав. Тэгэхээр одоо манай салбарт 2, 3 эрхзүйн орчин нилээн өөрчлөгдөж байгаа. Нэгдүгээрт нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 онд Улсын их хурлаар батлагдаад 2022 оны 1-р сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх юм. Мөн 2021 онд бүх эрүүл мэндийн байгууллагууд нэг худалдан авалтын тогтолцоонд орж гүйцэтгэлээр санхүүждэг болсныг энд сануулах нь зүйтэй. Хамгийн гол нь энэ хоёр зүйл байгаа. Түүний дараа гурав дахь нь бол Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ч гэсэн орсон нэг юм нь юу вэ гэвэл нийгмийн эрүүл мэндийн бодлогыг нэн тэргүүнд тавьсан. Тэр нь юу гэхээр иргэддээ хүрсэн эрүүл мэндийн боловсрол олгох, зөв зан үйлийг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх анагаах ухааныг хөгжүүлэх талын асуудлыг хөндөж тавьсан байгаа юм. Тэгэхээр эдгээр зүйлүүдээс шууд хамаараад Нийслэлийн эрүүл мэндийн газар стратеги төлөвлөгөөгөө шинэчилж байна.
Тэр нь юу вэ гэхээр Нийслэлийн эрүүл мэндийн газар өмнө нь зөвхөн харьяа 29 байгууллагынхаа толгой компанийн зарчмаар ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагыг л үйл ажиллагаагааг явуулахад нь дэмжин туслах, арга зүйгээр хангах ажлыг түлхүү явуулахын зэрэгцээ төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэгч агентлаг маягтай ажиллаж байсан. Тэгэхээр одоо манай шинэ стратегиэр бид Нийслэлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэ платформ гэдэг шинэ зорилт, концептийг дэвшүүлэн тавьж байгаа. Ингэснээр юу яригдаж байна гэвэл нэгдүгээрт нь энэ 21-р зуунд бүх зүйл цахим шилжилтэнд орж байна. Өөрөөр хэлбэл харилцаа холбоо, зохион байгуулалтын шийдэл, технологийн шинэчлэл гээд бүх зүйлийг мэдээллийн технологийн ололт дээр тулгуурлан хийж байна. Мөн дээрээс нь хүн төвтэй үйлчилгээг бий болгох, иргэндээ хүрсэн тусламж үйлчилгээний шинэ загварыг бид дэвшүүлэн тавьсан. Ингэснээрээ бид нэгдүгээрт нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинээр, бүр цоо шинэ загвараар бий болгох зорилтыг тавьж байгаа юм. Тэгэхээр 2022 оны 1-р сарын 1-нээс мөрдөгдөх хуулиар нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэд хэдэн нааштай талууд тусгагдсан байна. Тухайлбал, нэгдүгээрт нь нэг иргэний санхүүжилт хоёр дахин нэмэгдсэн. Тэгэхээр өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр санхүүжилтийн нилээн том шинэчлэл хийгдэж байна. Тэр өрхийн эрүүл мэндийн төв бол хамгийн нэгдүгээрт нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түлхүү буюу 70-80 хувиар илүү хэрэгжүүлдэг газар. Иргэдийг эрүүл аж төрөхөд сургах, эрүүл мэндийн боловсрол олгох, зөв зан үйлд сургах, дадуулах, буруу дадлаас нь сэргийлэх, хэрвээ өвчилсөн бол тэр өвдсөн хүмүүсийн амьдралын чанарыг баталгаатай байлгах үүднээс зөв хяналтыг тогтоох шаардлагатай. Тэгэхээр
Нийслэлийн эрүүл мэндийн газраас эхлүүлсэн Цахим шилжилт хөтөлбөрийнхөө хүрээнд зөв хяналтыг тогтоох, эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг энэ бүх ажиллагаан дээр мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх гэж байгаа юм.
Ингэснээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас авахуулаад өрхийн эмнэлгүүд, тосгоны эмнэлгүүд, дээрээс нь дүүргийн эрүүл мэндийн төвүүд, хэвтүүлэн эмчилдэг эмнэлгүүд гээд бүгдээрээ хоорондоо мэдээллээ солилцдог байх, давхардсан үйл ажиллагаа явуулахгүй байх, шинжилгээ оношилгооныхоо материалуудыг хоорондоо солилцох гээд олон давуу чанарууд байна. Түүнээс гадна цаг товлох, дээрээс нь телемедициний үйлчилгээг ашиглаад телемедициний төхөөрөмжөөр архаг суурь өвчтэй хүмүүс эмчдээ зайнаас хянуулах боломжтой болно. Ингэснээрээ жилдээ 8, 9 удаа эмнэлэгт хэвтдэг хүн 2-3 удаа хэвтэн эмчлүүлэх, үүнийг дагаад эдийн засгийн хэмнэлттэй байх, нөгөө талаар өвчний хяналт сайжрах, архаг суурь өвчтэй хүмүүсийн амьдралын чанар сайжрах гээд олон талын ололтууд бий болно.
Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газар шинэ платформынхоо хүрээнд Хүн төвтэй үйлчилгээг сайжруулъя, Иргэндээ хүрсэн тусламж үйлчилгээг сайжруулъя гэсэн зорилт тавьж байгаа. Тэгснээрээ нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг өмчлөлийн хэлбэрээс үл хамааран хувийн болон төрийн хэвшлийн бүх эрүүл мэндийн байгууллагуудтай нийслэлийн иргэнд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нь сайжруулах, чанарыг нь нэмэгдүүлэх зорилт тавигдаж байгаа. Тэгэхээр Нийслэлийн эрүүл мэндийн газар бол зөвхөн 29 харьяа байгууллагаараа биш нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаан дээр уялдуулсан зохион байгуулалтын менежмент арга зүйгээр хангасан ийм ажлыг хийх болж байгаа юм. Ингэснээрээ иргэн Дулмаад хүрэх эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ жигд хүртээмжтэй байх, хэнийг ч орхигдуулахгүй байх, нэг иргэнийг ч орхигдуулахгүй байх зарчим биелэх бололцоо нээгдэж байгаа. Энэ болгонд л бид нар үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
Дараагийн дугаарт бол нэгэнт эмнэлгийн тусламж үйлчилгээ авлаа гэхэд тэр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгүүд маань тоног төхөөрөмжөөрөө хангагдах, хүний нөөцийнхөө чадварыг сайжруулах, аль болох өөрийнхөө бүс нутаг, тойргынхоо хүн амдаа яаж эмнэлгийн тусламжийг нь чирэгдэлгүйгээр хүргэх вэ гэдэг асуудлыг тавиад байгаа юм. Ингэснээрээ тухайлбал дүүргийн эрүүл мэндийн төвүүд дээр зарим нарийн мэргэжлийн кабинет байдаггүй, тухайлбал дуран хийж байтал дурангийн эмч нь чөлөө авчих юм бол тэр дурангийн кабинет хаагдчихдаг гээд асуудлууд байдаг. Тэгэхээр бид гүйцэтгэлийн санхүүжилтэнд орсноороо тухайн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд эрэлт ихтэй кабинетүүдээ олноор нь ажиллуулах, зарим кабинетүүдээ цоожилчихдог бол тийм биш, өдөр тутмын үйл ажиллагааг нь хангах ийм менежментэд өөрийн эрхгүй орохоос өөр аргагүй болж байгаа юм. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээг зөвхөн төрийн өмчийн байгууллагуудаар төсөөлдөг байдал арилж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн тойргийн, тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд мөн энэ үйл ажиллагаанаас хуваалцах боломж бүрдэж байна.
Тэгснээрээ бид ямар критериа гаргах вэ гэвэл, тухайлбал Баянгол дүүрэг дээр Баянгол дүүргийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээнд “Номун” эмнэлэг мэс заслынх нь хувьд, эсвэл ходоодны дурангийнхаа хувьд тэр нийт үйлчилгээний хэдэн хувийг эзэлдэг вэ, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв хэдэн хувийг нь эзэлдэг юм, Тухайн тойрогт үйл ажиллагаа явуулдаг бусад хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүдийн оролцоо ямар байна вэ гэдгийг бид нар хангаж ажиллах, тэнцүүлэх бололцоо нээгдэж байгаа. Энэ бол хүртээмжийг нь нэмэгдүүлж байна гэсэн үг. Нөгөө талаар нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, эмийн сангууд, өрхийн эрүүл мэндийн төв, дээрээс нь хүүхэд хамгааллын болон халамжийн төвүүд гээд салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулсан цогц хөтөлбөрийг хэрэгжүүлээд нэг иргэнийг эрүүл мэндээ хамгаалахад нь, эрүүл мэндээ эрсдлээс сэргийлэхэд нь бүх талын оролцоогоор хангаад нэг хүнд жилдээ 7-8 удаа давталттайгаар тэр менежментийн үр дүн хүрч байх зохицуулалтыг бид хийж ажиллана. Ингэснээрээ тухай иргэн эрүүл мэндийн эрсдлээс хамгаалагдах, зөв зан үйлд суралцах, зөв дадалд суралцах замаар өөрийгөө болон хамт олноо эрсдлээс хамгаалах, эрүүл зан үйл төлөвших боломж нээгдэж байгаа юм. Ийм чиглэлээр бид нар үйл ажиллагаагаа явуулахаар ажиллаж байна.
Дараагийн дугаарт нь Найрсаг үйлчилгээ гэдэг асуудал байна. Эрүүл мэндийн байгууллага бол үйлчилгээний байгууллага. Үйлчилгээний байгууллага ирсэн үйлчлүүлэгчээ таатай байлгахын тулд үйлчилгээний соёлыг суралцах зайлшгүй шаардлагатай. Тэртээ тэргүй шинэ зууны технологи нэвтрүүлээд ирэх, дээрээс нь гүйцэтгэлийн санхүүжилт яваад ирэхээр хэн хамгийн сайн технологитой байна, хэн хамгийн шилдэг сайн мэргэжилтэнтэй байна вэ? Тэрийг дагаж л хүмүүс ирнэ. Энэ хоёрын дараагаар бол мэдээж орчин, үйлчилгээний соёл хоёрыг сайжруулж чадсан бол тэнд хүмүүс илүү их үйлчлүүлэх боломж нээгддэг. Нөгөө талаар тухайлсан нэг тойргийн иргэд хаа байсан нөгөө дүүрэг рүү яваад байдаггүй. Бараг л тэр тойрогтоо байж байгаад тэр бүс нутагтаа байгаа эрүүл мэндийн байгууллагад л ихэнх нь үзүүлж үйлчлүүлэх эрмэлзэлтэй байдаг. Гэтэл энэ Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлийн нэг шалтгаан нь эмнэлэг эмнэлгүүд рүү явсан, нэг эмчээс нөгөө эмч рүү явсан иргэдийн хөдөлгөөн юм шүү дээ. Тэгэхээр бид тухайн бүс нутгийн иргэдэд нь хүрсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтраад үзүүлэх бололцоог хангах, чанарыг түвшинг нь үнэлэх, тэгснээрээ төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах, төрийн бус байгууллагууд өөрсдөө эргээд эмч нарынхаа харилцаа, хандлага, лиценз, ур чадварыг нь нэмэгдүүлэх тал дээр анхаардаг оролцоог нь хангах, чанарын түвшингээ бас тодорхойлдог боломж нээгдэж байгаа юм. Жишээ нь өнөөдөр гэхэд шүдний чиглэлийн эмнэлгүүд бүгд хувьд гараад 30-аад жил болж байна. Гэтэл эмнэлэг болгон өөрсдөө чадлынхаа хэмжээнд чанарынхаа бодлогыг хийгээд явж байдаг. Гэтэл яг тэр дунд нь зангидаад “А” эмнэлэг, “Б” эмнэлэг хоёр хоорондоо чанарын түвшин нь ямар юм бэ гэдгийг тодорхойлж бид нар нийтэд зарлаж чадахгүй яваад байдаг. Уг нь магадлан итгэмжлэл гэдгээрээ бид нар хийж байгаа боловч зарим тал дээр хүмүүст ойлгомжгүй байдлууд их байгаа. Тэгэхээр тэрийг бид нар төрийн бус байгууллагуудтайгаа, нийгэмлэг холбоодтой нийлээд Нийслэлийн эрүүл мэндийн газраас зохион байгуулалтын сонгодог загварын менежментийг хийгээд ирэх юм бол нийтэд ойлгомжтой байдал үүсэх байх.
Ингээд эцэст нь үйл ажиллагаагаа нийтэд ил тод болгох, хариуцлагатай болгох, хүртээмжийг нь нэмэгдүүлэх чиглэлд бид бас ажиллаж байна. Тэгэхээр бүх юмыг бид нар цахим технологи дээр тулгуурлаж хийж байна. Хуучин бол цахим технологийг зөвхөн төрийн захиргааны дотоод үйл ажиллагааны, эсвэл өргөдөл гомдлыг шийдвэрлэх, захиргааны арга хэмжээ гэх мэт зүйлүүдээ нийтэд мэдээлэх хэмжээнд хэрэглэж байсан бол өнөөдөр бид нар энэ цахим технологийг иргэний өөрийнх нь яг гарт нь, гэрт нь аваачих гэж байна. Ингэснээрээ юу гэвэл эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний технологиуд, мөн захиргааны хэм хэмжээний үйлчилгээнүүд гээд бүгдээрээ цогцоороо очихоор иргэнд яг цахим технологи үйлчилгээ хүрэх, бодитоор мэдрэгдэх ийм боломж нээгдэх юм. Тэгэхээр энэ чиглэл дээр бид цахим шилжилт гэсэн хөтөлбөрийг хийгээд ажиллаж байгаа. Ингэснээр тодорхой үр дүн гарах байх гэж бодож байгаа.