Орчуулгын нийтлэл
Сэтгүүлч: Элизабет Найт
Эх сурвалж: The Sydney Morning Herald
Арав гаруй жилийн хүнд хэцүү хэлэлцээрийн эцэст Rio Tinto Монголын Засгийн газартай зэсийн 9.7 тэрбум ам.долларын өртөгтэй том төслөө хөдөлгөх гэрээ байгуулж чадлаа.
Австралийн нээлттэй тэмцээнд оролцохоор ирсэн, вакцин хийлгээгүй теннисчин од Монголд байдаггүйд Rio Tinto баярлах хэрэгтэй.
Новак Жоковичийг Австралиас албадан гаргаснаас хэдхэн өдрийн дараа Сербийн Засгийн газар Rio Tinto-гийн лити олборлох 3.3 тэрбум ам.долларын төслийн лицензийг цуцаллаа. Улс орных нь бахархал болсон тамирчныг хөөн гаргасан нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн. Сербид сонгууль дөхсөн, лити олборлох төслийг эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөн өрнөж байгаа. Ард түмэн нь ч алдарт тамирчныг нь албадан гаргасан Австралийн Засгийн газрын үйлдэлд эгдүүцэж байна.
Rio Tinto ямар ч уран сайхан дипломат бодлого явуулж, буулт хийгээд Сербийн Засгийн газар бууж өгсөнгүй.
Rio Tinto-гийн Гүйцэтгэх захирал Якоб Стаушхольм мягмар гарагт Sydney Morning Herald-д ярилцлага өгөхдөө төсөл хэрэгжинэ гэж найдаж байна гэж хэлж байсан ч найдвар унтарлаа.
Харин Стаушхольм Монголын Засгийн газартай хэлэлцээр хийхдээ тун чадмаг ажилласан. Rio Tinto, Монголын Засгийн газар хооронд маш их санал зөрөлдөөнтэй, харилцаа нь хүйтэн уур амьсгалтай байсан тул УИХ-ыг зөвшөөрүүлэхийн тулд маш их буулт хийх шаардлагатай байлаа. Rio Tinto дахиад олон жил Монгол дахь төслөө түгжрэлд оруулах уу, мөнгө хаяад хурдхан эхлэх үү гэсэн сонголт байсан юм.
Рио Тинто юуны өмнө 3.3 тэрбум ам.долларын авлагаасаа татгалзсан. Монгол Улс төслийг эрчим хүчээр хангахыг зөвшөөрлөө. (Монголын талаас Rio-д богино хугацаанд Хятадаас эрчим хүч авахыг зөвшөөрлөө)
Стаушхольм Оюутолгой төслийн далд уурхайн ажлыг хурдан эхлүүлэхийн тулд иймэрхүү буулт хийсэн ч ашигтай гэж үзсэн юм. Энэ төсөл гацаж, талууд цаг хугацаа, санхүүгийн хохирол хүлээсэн. Ганцхан жилийн өмнө Rio Tinto Монголын Засгийн газрыг буулт хийхгүй бол төслөөс гарна гэж мэдэгдэж байв. Харин одоо ажил эхэллээ. Бүх асуудал шийдэгдээгүй ч ямар ч гэсэн татварын маргаан байхгүй болжээ.
Энэ бүх ажлыг ганц хүн хийчихээгүй. Rio Tinto-ийн гүйцэтгэх захирлуудын нэг, Монголын иргэн Б.Болд ч их хувь нэмэр болсон.
Стаушхольмын хувьд энэ нь анхны том ялалт. Тэрээр өмнөх удирдагч Жан Себастьян Жакаас илүү уян хатан бодлоготой. Монгол дахь асуудлаа шийдсэн нь Rio Tinto-гийн удаан хүлээсэн ялалт байлаа. Баруун Австралид төмрийн хүдрийн олборлолт буурсан энэ үед Оюутолгой маш хэрэгтэй байсан юм.