Цагаан сарын их ёслолын нэг чухал зүйл бол дайллагын ёс, тэр дундаа бүхэл махаар дайлах ёс юм.
Монголчуудын бүхэл махан зоогийг зум, их бүхэл, бага бүхэл хэмээн гурав хувааж болно. Орчин үед монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс, шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна.
Дайллагын ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина. Бүхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж, урд хэсгийн дор нь хүзүү, сээр, хоёр хааг нь, хойд хэсгийн дор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан, мөчийг яг хэвтэж байгаа юм шиг байрлуулна. Ингээд дээрээс нь ууцаараа бүтээж, хамгийн дээр нь толгойг тавьдаг.
Махны эх талыг зочин тийш харуулж засна. Махны эх тал гэдэг нь малын хэвтээ ясны толгой тал руу чиглэсэн үзүүр, босоо ясны газар руу хандсан талыг хэлж байгаа юм. Зочин толгой талаас нь барьж, хажуулдан огтолж идэх ёстой.
Битүүний орой гэрийн эзэн есөн хөндлөнг /толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал/ хөндөж, галдаа өргөдөг. Дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүстээ тарааж өгнө.
Монгол айл цагаан сараар заавал ууц тавих албагүй. Сүүлийн үед залуу гэр бүл үхрийн өвчүү тавьдаг болсон.
Эдгээрээс гадна ирсэн гийчнийг дайлахад хамгийн хурдан болдог хоол бол банш юм. Иймээс хүмүүс баншийг ихээр хийнэ. Чимхэхдээ хуучин цагт алт мөнгийг хадгалдаг ембүү хэлбэртэй хийдэг нь элбэг баян орших бэлгэ дэмбэрэлтэй гэдэг.
Цагаан сарын шинийн нэгний эрхэм зоог нь цагаалга буюу сүү, шар, цагаан тос, аарц зэрэгтэй чанаж амталсан амуу будаа тариатай хоол байсан бөгөөд идэж ёслох уламжлал нь ч их онцлогтой байсан байна.
Хот айлынхан золгож шинэлэх ахмад айлдаа цай, цагаалга, тавагтай идээтэй орцгоож, айл айлаас ирсэн цай идээнээс дээжлэн авч шинээр цай, идээ бэлтгэхийн зэрэгцээ цагаалгыг бүгдийг нэгэн тогоонд хийж, ёслол хүндэтгэлийнхээ хоолыг гал дээр тавьдаг. Үүний дараа сая золгож шинэлэх ба улмаар сар шинийн цай цагаалга эхэлж, ахмад настай хүнээс дараалан цагаалганаас аягалж барих бөгөөд хүн бүр гурван удаа эсвэл долоон удаа идэхийг сайн хэмээн билэгшээж, эхний хийж өгсөн аягатай цагаалган дээр бага багаар тоо гүйцээн нэмж иддэг заншилтай.
Сар шинээс хойш цагаалгыг олон хоног зооглон ёсолбол элбэг баян байхын тэмдэг хэмээн билэгшээдэг. Мэндлэх, хүндлэх, зослох, бие биенээ уучлэн сэтгэлээ цайлгах, цэвэр цэмцгэрийг эрхэмлэх, аж ахуйгаа цэгцлэх, эрэмбэ дарааллыг баримтлах гэхчилэн олон сайхан ёс жудаг энэ л баярт шингэсэн байдаг.