...
...

Шашин, төр тусдаа байх зарчим МОНГОЛД алдагдаж эхэллээ

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, Номун Хан Д.Чойжамцыг буддын шашны үйл ажиллагаа явуулдаг бусад сүм хийдүүдийн тэргүүн хамба нар ажлаа өгөхийг шаардаж, эсэргүүцэл илэрхийлж эхэлсэн байна.

Тодруулбал, “Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж, Налайх дүүрэгт байрлах “Сайнномуун” хийдийн хамба лам, С.Нэргүй нарын нэр бүхий лам нар нэгдэж, оны өмнө Хамба Номун Хан Д.Чойжамцад шаардах бичиг хүргүүлжээ.

Тэдний зүгээс улсын хэмжээнд буддын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийд, лам нарын нэгдсэн чуулганыг зохион байгуулахыг шаардсан аж. Хэрэв дээрх шаардлагыг биелүүлэхгүй бол эсэргүүцэл зарлаж, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгджээ. Гэвч энэхүү эсэргүүцэл нь үнэн хэрэгтээ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Д.Чойжамцыг үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхийг шаардсан зорилго нь илүүтэй цухалзаж буй гэх эх сурвалжийн мэдээлэл байна. 

Монголын бурхан шашинтны төв-Гандантэгчэнлин хийдийн дүрэмд Тэргүүн их хамба лам нь эрүүл мэндийн шалтгаан болон өөрийн хүсэлтээр албан үүргээсээ чөлөөлөгдөнө гэж заасан байдаг. Тиймээс Д.Чойжамц хамбыг энэ удаа өөрийн хүсэлтээр Гандангийн тэргүүн хамбаас татгалзахыг шаардсан байж болзошгүй байгаа юм.

Энэхүү эсэргүүцлийг “Сайнномуун” хийдийн хамба лам С.Нэргүй нар удирдан зохион байгуулж байгаа гэх бөгөөд түүний хувьд Монгол Улсын шадар сайдын төрсөн ах гэгддэг.

Ганданг чиглэсэн энэ мэт санаачилга, эсэргүүцэл сүүлийн үед идэвхжиж эхэлснээс үүдэн шашны асуудлаарх хууль, эрх зүйн зохицуулалтуудыг ч хөдөлгөх сураг дуулдах болж. Их хурлын гишүүд ч нэлээд санаа тавин, мэр сэр уулзалтууд болж байгаа сурагтай. Тэр байтугай хэсэг шуугиад мартагдсан X богдыг хэрхэн тодруулах тухай асуудал ч босож ирж мадагүй гэх. 

Юутай ч улс төрийн хамаарал бүхий хүмүүс төв гандангийн асуудалд оролцож эхэлсэн нь бурхны шашинтнуудын зүгээс шүүмжлэл дагуулж, Үндсэн хуульд заасан, шашин төр тусдаа байх зарчим алдагдаж байгааг ярьцгаах болжээ. 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ