...
...

Анна Щербакова олимпын аварга болж, Валиева медаль авсангүй

Өнөөдөр Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрлийн чөлөөт үзүүлбэртэй өдөр байлаа.

Уржигдар болсон богино үзүүлбэрийн дараа Бээжингийн олимпын медаль хүртэх найдвар ОХУ-ын 3, Японы 2 тамирчинд л үлдсэн байв.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн бүх рекордыг Валиева эзэмшдэгийг хэлэх хэрэгтэй. Богино үзүүлбэрийн 90,45 оноо, чөлөөт үзүүлбэрийн 185,29, нийлбэр дүнгийн 272,71 оноо. Энэ бол Камилагийн тогтоосон дэлхийн рекорд. Бээжинд хэрэв Камила энэ рекордоо эвдвэл албан ёсоор бүртгэхгүй гэдгээ Олон улсын тэшүүрийн холбооноос зарлаад байгаа.

Богино үзүүлбэрийн дараа

1. Камила Валиева (ОХУ) – 82,16

2. Анна Щербакова (ОХУ) – 80,20

3. Каори Сакамото (Япон) – 79,84

4. Александра Трусова (ОХУ) – 74,60

5. Вакаба Хигүчи (Япон) – 73,51

Харин алтан медаль авах боломж бол Хигүчигээс бусдад нь байлаа. Допингийн хэргээр шалгагдаж байгаа Камила Валиева сэтгэл зүйн дарамтаа давж, богино үзүүлбэрт тэргүүлж чадсан. Гэхдээ алдаа гаргасан. Аксель дээр унаагүй ч цэвэр биш.

Хоёрт байгаа Анна Щербакова ямар ч алдаагүй гулгасан ч тэрээр хүнд элемент гүйцэтгэхээс илүү найдвартай, эрсдэлгүй үзүүлбэр үзүүлэхийг зорьсон. Дасаж зохицоогүй, шинэ тэшүүр угласнаас болсон гэж дараа нь тайлбар гарсан байв. Гуравдугаар байрт бичигдэж байгаа Каори ч мөн алдаагүй гулгасан бол ОХУ-ын Трусова эрсдэлтэй, зоримог дасгалаар алтан медалийн төлөө зүтгэж, нэг унаснаар оноо нь хасагдсан юм.

Чөлөөт үзүүлбэрт хэн нь ультра-си буюу эрсдэлтэй ч их оноотой элемент гүйцэтгэхээс их зүйл хамаарах байв.

Каори Сакамотод ультра-си элемент байхгүй. Хувийн рекорд нь чөлөөт үзүүлбэрт 150,29 оноо. Хигүчигийн хувьд гурвалсан аксель хийдэг, медалийн төлөө алдсан ч хийхээс өөр аргагүй. Тэгэхээр орос охидын хэн эрсдэл гаргаж, хүнд элемент гүйцэтгэсэн нь түрүүлэх нь гэж дүгнэж болохоор.

Камила Валиева

Ультра-си элемент: Гурвалсан аксель, дөрвөлсөн тулуп, дөрвөлсөн сальхов

Шилдэг оноо: Чөлөөт үзүүлбэр 185,28, нийлбэр 272,71.

Анна Щербакова

Ультра-си: Дөрвөлсөн лутц, дөрвөлсөн флип

Шилдэг оноо: Чөлөөт үзүүлбэр 168,37, нийлбэр 241,65.

Александра Трусова

Ультра-си элемент: Дөрвөлсөн тулуп, флип, лутц, сальхов, гурвалсан аксель.

Шилдэг оноо: Чөлөөт 166,62, нийлбэр 241,02.

Ийм тамирчид Бээжингийн олимпын алтан медалийн төлөө өрсөлдлөө. Чөлөөт үзүүлбэрт тэдний өгсөн мэдүүлгээс харахад Трусова 5 дөрвөлсөн эргэлт, Валиева 3, харин Щербакова 2 дөрвөлсөн үсрэлт хийхээр байв.

Эхлээд гарч ирсэн Хигүчи маш цэвэр аксель хийсэн ч дараагийн үсрэлт дээр шууд унаж, алдаа гаргалаа.  Чөлөөт үзүүлбэр 140,93. Нийт оноо 214,44

Трусова үнэхээр үсрэлтийн хаан гэдгээ харуулсан гайхалтай үзүүлбэр толилууллаа.  Амласан 5 дөрвөлсөн үсрэлтээс 4 нь амжилттай. Дөрвөлсөн тулуп амжилтгүй. Чөлөөт үзүүлбэр нь хувийн рекорд. 177,13. Нийт оноо 251,73.

Каори Сакамото алдаагүй сайн гулгалаа. Чөлөөт үзүүлбэр 153,29 оноо. Нийт 233.13.

Ингээд Щербакова гарч ирлээ. Мэдүүлсэн 2 дөрвөлсөн үзүүлбэрээ хийсэн. Алдаа байхгүй. Дээр нь гурвалсан лутц, ритбергер, гурвалсан флип, гурвалсан сальхов гэсэн каскадтай. Чөлөөт үзүүлбэр хувийн рекорд 175,75, нийт оноо 255.95.

Камила Валиева дөрвөлсан сальхов амжилттай хийсэн ч дараалаад гурвалсан аксель дээр мөсөнд гараараа хүрч, дөрвөлсөн, гурвалсан тулуп дээр уналаа. Гурвалсан риттбергер дээр бас унасан. Сэтгэлийн дарамтыг тэр давж чадсангүй, дараалсан алдаа гаргалаа.

ОХУ-ын нэгдүгээр сувгийн тайлбарлагч Слуцкая “Та нар жаахан хүүхдийг ийм болгочихлоо” хэмээн дуу алдаж байв. Чөлөөт үзүүлбэр 141,93. Нийт оноо 224,09. Хүрэл медаль ч хүртэж чадсангүй, олимпоо дуусгалаа. Валиева медалийн болзол хангавал шагнал гардуулах ёслол хийхгүй, хангахгүй бол ёслол хийнэ гэсэн ОУОХ-ны ганц үг л ямар ч хүнийг дарамтад оруулахаар байсан билээ. 

Ийнхүү Анна Щербакова Бээжин олимпын аварга болж, Трусова удаалан, Каори Сакамото хүрэл медалийн эзэн боллоо.

1. Анна Щербакова (ОХУ) — 255,95 оноо

2. Александра Трусова (ОХУ) — 251,73

3. Каори Сакамото (Япон) — 233,13

4. Камила Валиева (ОХУ) — 224,09

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ