...
...

OCCRP: С.Баярцогтын “Кредит Свисс” банкан дахь дансаар 2008-2013 онд 24 тэрбум төгрөг эргэлджээ

Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх байгууллага (OCCRP)-аас С.Баярцогтын “Кредит Свисс” банкан дахь дансаар 2008-2013 онд 7.8 сая швейцар франк буюу 24 тэрбум төгрөг эргэлдсэн тухай мэдээллээ 

 

Банкны нууцлалын зарчмуудыг баримталдаг гэдгээрээ алдартай Швейцарын банкууд дахь данс эзэмшигчдийн заримынх нь хөрөнгийн эх үүсвэр авлига, хээл хахуультай холбоотой байж болзошгүй талаарх мэдээллийг OCCRP буюу Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх байгууллагаас мэдэгдээд байгаа билээ.

Түүнчлэн “Кредит Свисс” зэрэг Швейцарын банкуудад данс эзэмшигчдийн мэдээллээс ил болгоод буйтай зэрэгцэн “Кредит Свисс” банкны мэдээллийн систем хакерын халдлагад өртөж, 18 мянган данс эзэмшигчдийн мэдээлэл алдагдсан гэх тайлбарууд ч  цацагдаж эхлээд байна. 

Харин OCCRP-ийн зүгээс Швейцарын банкуудтай холбоотой мэдээллийг сэтгүүл зүйн эрэн сурвалжлах үйл явцын хүрээнд олж авсан гэсэн байр суурийг илэрхийлж байна.

Мөн Швейцарын банканд данстай байх нь буруу биш, гол нь банкууд гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн хууль бусаар төвлөрүүлсэн хөрөнгийг байршуулахаас татгалзах хэрэгтэй гэсэн сануулгыг өгч байгаа юм.

Тэгвэл хууль бус хөрөнгө мөнгөө “Кредит Свисс” банканд байршуулсан дэлхийн нэр бүхий улстөрчдийн жагсаалтад Монгол Улсаас Сангийн сайд асан Сангажавын Баярцогт багтжээ.
 

Түүнийг зэс, алтны томоохон орд болох Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор авлига авч, “Кредит Свисс” банканд данс нээлгэсэн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж, улмаар албан тушаалаа урвуулан ашиглаж, хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэргээр шүүхээс ялласан талаар эх сурвалжийн мэдээлэлд бичжээ.

Мөн түүнийг шүүхээс хорих ял сонссон ч 2021 оны наймдугаар сард шүүхээс батлан даалтад гаргаж шийдвэрлэсэн талаар ч дурьдсан байв. 
 


OCCRP-ийн сайт дахь мэдээллээс үзэхэд, “Кредит Свисс” банкан дахь  С.Баярцогтын дансаар дараах хэмжээний  мөнгө эргэлджээ.
 

  • 2008 – 2013 онд  7,874,819 швейцар франк буюу өнөөдрийн ханшаар 24.4 тэрбум төгрөг
  • 2008 – 2014 онд  3,149,928 швейцар франк буюу өнөөдрийн ханшаар 9.7 тэрбум төгрөг
  • 2008 – 2014 онд 3,968 швейцар франк буюу өнөөдрийн ханшаар 12.3 сая төгрөг

Дашрамд сануулахад, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Гэрэлтуяа 2020 оны долдугаар сард хэвлэлд С.Баярцогтын хэргийн талаар хэлэхдээ,

"Шүүгдэгч С.Баярцогтод хэд хэдэн үндэслэлээр ял оноосон. Тэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 2009 оны долдугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар баталсан "Оюутолгой” ордыг ашиглах хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн орлогчоор томилогдон ажилласан байдаг. Ингэхдээ албан тушаалын байдлаа урвуулан, албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж, оффшор бүсэд буюу Бахамас (Ваhamas) аралд үүсгэн байгуулсан Эн Ди Хармони /ND Harmony LDT/ компанийн Швейцарын Холбооны Улсын “Кредит Свисс Ай Жи” банк дахь данснаас гүйлгээ хийж, 2009 оны наймдугаар сарын 20-ны өдөр “Айвенхоу Майнз” компанийн 150,000 (Зуун тавин мянга) ширхэг хувьцааг 1,393,321.38 (Нэг сая гурван зуун ерэн гурван мянга гурван зуун хорин нэгэн ам.доллар гучин найман цент) ам.доллар буюу 2,016,749,098.26 (Хоёр тэрбум арван зургаан сая долоон зуун дөчин есөн мянга ерэн найман төгрөг хорин зургаан мөнгө) төгрөгөөр худалдан авч, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан гэж шүүх үзсэн.

Мөн албаны чиг үүргийн дагуу олж авсан мэдээллээ хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгод ашиглаж, өөрийн гэр бүлийн гишүүн буюу эхнэрийнхээ 50 хувийн хувьцаа эзэмшдэг компани болох “Кью Эф Эс” ХХК-ийг “Оюу толгой” ХХК-тай 2010 оноос 2012 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах Ханбогд болон Өмнөд кэмпэд ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, 43,225,152,952 төгрөгийн, 2013 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нэрээ өөрчлөн, “Номадс катеринг энд интегратед сервисис” ХХК-аар 20,736,000,732 төгрөгийн, бүгд 63,961,153,685.23 төгрөгийн орлого олж, Монгол Улсад хүнд хор уршиг учруулсан хэрэгт яллагдаж, анхан шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон” гэсэн мэдээллийг өгч байсан юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ