...
...

Б.БАТГЭРЭЛ: Монгол эрчүүдийн тэмцэх чадвар муу байдгаас сэтгэл гутралд ордог

“Монгол цэргийн өдөр”-тэй холбоотойгоор өрх гэрийн ноён нуруу, айл гэрийн тэргүүн болсон эрчүүдийн сэтгэл зүйн онцлог, сэтгэцийн эрүүл мэндийн талаар “Medfeel” сэтгэл засал, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийн эмч Б.Батгэрэлтэй ярилцлаа.

-Сэтгэц засал, сэтгэл зүйн зөвлөгөөний ялгаа нь юу юм бол?

-Сэтгэл зүйн зөвлөгөө нь  клиникийн хувьд эрүүл /сэтгэцийн эмгэг, өвчтэй бус/ боловч өдөр тутмын амьдралд тохиолдох сэтгэлзүйн хүндрэл бэрхшээл, асуудал, зан ааш, зан төлөвтэй холбоотой асуудлууд, мөн сэтгэл санаа хэвийн ч цаашид хэрхэн өөрийгөө бие хүний хувьд хөгжүүлэх талын асуудал зэрэгтэй тулгараад байгаа хүмүүст үзүүлж буй мэргэжлийн зөвлөгөө юм. Үүнийг өөрөөр сэтгэцийн хувьд эрүүл боловч стресстэй, мухардалд орсон, амьдралынхаа хямарлын үед яваа, гэр бүл хосын харилцааны асуудалтай байгаа хүмүүст үзүүлдэг нэг төрлийн ярилцах засал гэж ойлгож болно.

Харин сэтгэл засал бол сэтгэцийн эмгэг /түгшүүр, сэтгэл гутрал, гэмтлийн дараах стрессээс үүдэлтэй эмгэг гэх мэт/ болон зан үйлийн эмгэг /түрэмгий байдал, цочмог зан, хор хохирол учруулах үйлдэл гэх мэт/ хүмүүст ярилцлага болон бусад аргаар эмчилгээ хийдэг.

Энэ нь сэтгэл засалчийн заавар, зөвлөгөө, удирдлагын дагуу сэтгэц-зан үйлийн эмгэгийг өөрчлөхөд чиглэдэг. Сэтгэл заслын үед сэтгэл судлалын онол, сэтгэл заслын арга зүйд суурилсан хөтөлбөр гаргаж, өөрийн өвчнийг ухамсарлан ойлгох байдлыг нэмэгдүүлэх, тэнцвэртэй бус байдлыг өөрчлөх, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг арилгах, дахин сэдрэх байдлыг багасгахад үйлчлүүлэгчид тусалдаг юм.

-Танайд хандаж байгаа хүмүүсийн хүйсийн харьцаа ямар байдаг вэ?

-Манайд хандаж сэтгэл засал авч байгаа арван хүн тутмын нэг нь эрэгтэй хүн байдаг. Ээж, аавууд өвсөр насны хөвгүүдээ дагуулж ирэх нь элбэг. Ихэнх шалтгаан нь элдэв муу зуршлыг нь засуулах, зан авирыг нь төлөвлшүүлэх зорилготой.

Эцэг, эхийн 20 жил тоолгүй орхисон зан үйл, төлөвшил, сэтгэл зүйг 2-хон цагийн дотор өөрчлөх гэдэг боломжгүй зүйл. Тэдний өөрчлөгдөнө гэсэн итгэлийг буруутгаж болохгүй. Ер нь ирж байгаа хүний өөрийн итгэл, хүлээлт үүнд хамгийн чухал нь байдаг. Сэтгэцийн эмгэг, сэтгэл зүйн асуудал эрэгтэй, эмэгтэй бүх хүнд тохиолддог.

-Өсвөр насны хүүхдүүдийн хувьд танайд их ханддаг гэж ярилаа. Гол шалтгаан нь юу байх уу?

-Өсвөр насныхан тэр дундаа хөвгүүд сүүлийн үед манайд их хандаж байна. Шалтгаан нь янз бүр. Тухайлбал, цар тахлаас болж хичээлдээ удаан яваагүй, анги хамт олноосоо тусгаарлагдсанаас үүдэн дасан зохицож чадахгүй болох, үеийнхэнтэйгээ үл ойлголцож гадуурхалт, дээрэлхэлт үүсэх улмаар ганцаардах мэдрэмжийг хэт удаан авсанаас сэтгэл зүйн асуудалтай болж ирдэг. Мэдээж хайр дурлал, шохоорхол, эсрэг хүйстэнтэй холбоотой гарч байгаа асуудлууд ч байгаа.  Мөн гэр бүлтэйгээ үл ойлголцох, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ярилцахгүй байх, үүнээс үүдэн сэтгэл санаа хямарсаар нойргүйдсэн, сэтгэл санааны тогтворгүй байдалтай болсон хүүхдүүд ч их ирж байна.

- Монгол эрчүүдийн сэтгэл зүйн онцлог гэж бий юу?

-Эрэгтэй хүмүүс ярьж чаддаггүй биш чаддаг. Одоо манай эрчүүд чөлөөтэй байдалд буюу архи уусан эсвэл сэтгэл нь хөдөлсөн үедээ ярих гээд байдаг. Ярих боломжийг, дотор байгаа зүйлээ уудлахын тулд мансуурлын байдлыг сонгоод байна. Хоёрт, монгол эрчүүдийн тэмцэх чадвар харьцангуй бага. Аливаа зүйлд амархан бууж өгдөг. Тэгсэн хэрнээ бүлгийн сэтгэлгээ давамгай учраас бүгдээрээ тэмцдэг, бүгд л тэгье ингэе гэвэл тэмцэх хандлагатай болохоос биш өөрөө удирдан манлайлаад явах, ар гэрээ авч явах чадвар муу. Гэхдээ үүнийг нотолсон баримт тоо одоогоор алга л даа. Ажиглалтын үр дүнд ингэж харагдаж байна.

Ийм шинж чанартай байгаа шалтгаан эцэг эх нь тэднийг өсгөхдөө хатуу чанга бай, битгий уйл, сул дорой байж болохгүй, тэмцэх хэрэгтэй, чи өөрөө биеэ даагаад яв, би эмэгтэй хүүхэддээ илүү боловсрол олгоно ч гэдэг юм уу эмэгтэй хүүхдийг илүү халамжилж, хайрлана гэж хэлдэг. Үүний сул тал нь эргээд нөгөө хөвгүүд маань өөрийн мэдрэмж гэдэг хамгийн чухал зүйлээ гаргадаггүй хүн болж төлөвшиж байна.

-Танайд хандаж буй эрчүүдийн сэтгэл зүйн гол асуудал нь юу байна?

-Гэр бүлийн асуудал, донтолт, сэтгэл түгшил, сэтгэл гутрал зэрэг асуудлуудаар хандаж байна. “Би өөрийгөө ойлгохгүй байна”, “Өөрийгөө голж эхэлж байна”, “Нэг зүйлд донтоод өөрийгөө татаж авч чадахгүй байна” гэсэн амьдралын хэвшилтэй холбоотой асуудлаар ирэх нь элбэг. Эрэгтэйчүүдийн ганцаардсан, хаагдмал байдал нь бугласаар архины хэрэглээ нь хэтрэх гэх мэт амьдралын буруу хэвшилд оруулсан байх нь бий.

-Сүүлийн жилүүдэд эрчүүдийн амиа хорлолт ихэслээ гэж ярих болсон. Үүнд мэргэжлийн хүний хувьд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс арван насаар бага буюу эмэгтэйчүүд 76, эрчүүд  66 насалж байна. Дундаж наслалт бага байгаагийн шалтгааны 36 хувь нь архинаас үүдэлтэй, 19 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой. Үлдсэн нь бусад шалтгаанаас үүдэлтэй байдаг. Эрэгтэй хүмүүсийн сэтгэл зүйг судалж байхад эрчүүд бодож байгаа зүйлээ шууд хэрэгжүүлдэг сул талтай. Тиймээс эрчүүдийн амиа хорлолт их байгаа юм. Тэдний сэтгэл гутрал хуримтлагдсаар амиа хорлоход хүргэдэг.

Эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр ялгаж болохгүй. Тэд бүгд л хүн. Эрчүүд гомдол, бухимдал, уур уцаараа гаднаа ил гаргадаггүй учраас тайван харагддаг. Харин дотроо бүхий л зүйлийг нууж, шаналж, бухимдаж байдаг.

-Эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэл зүйн ялгаа гэж байдаг уу?

-Хүн бүрийн сэтгэл зүй өөр өөр. Эмэгтэй хүн мэдээллийг баруу, зүүн тархиа ашиглан авдаг байхад, эрэгтэй хүн зөвхөн зүүн талын тархиа ашигладаг. Эмэгтэй хүний хувьд сэтгэл хөдлөл ихтэй бол эрэгтэй хүн нэг сэтгэл хөдлөлийн төлөвтөө илүү удаан байх хандлага их байдаг. Мөн дээрээс нь аливаа асуудал үүсэхэд эмэгтэй хүн бусдаас санаа зоволгүй туслалцаа авдаг бол эрчүүд өөрөө бие дааж шийдэхийг илүүд үздэг. Энэ нь тэдний  сэтгэл зүйн асуудал илүү хүндэрхэд нөлөөлдөг.

-Эрчүүд эмэгтэйчүүдээс 3 дахин их архины хамааралд ордог гэх судалгаа байна. Энэ нь сэтгэл зүйн дарамттай холбоотой юу, эсвэл хувь хүний ухамсар уу?

-Монголд архигүй баяр алга. Нийт эрчүүдийн 56.1 хувь нь тамхи татдаг. Эрэгтэй хүмүүс  эмэгтэй хүнээс 3 дахин их архины хамааралтай, насанд хүрсэн эрчүүдийн 51 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг. Эрэгтэй хүн 2-10 жилийн хугацаанд архи хэтрүүлэн хэрэглэсээр байх юм бол донтдог. Хувь хүний ухамсар, сэтгэл зүйн дарамт ч үүнд хамааралтай.

Эцэст нь хэлэхэд эр хүн ч гэсэн уйтгарладаг, гунигладаг, сэтгэлээр унадаг, баярладаг, догдолдог, орилж гүймээр санагддаг. Эр хүн та зүгээр л хүн. Хүн бүр мэдрэмжээ илэрхийлж байх хэрэгтэй. Тиймээс уйлмаар үедээ уйлчихаж байгаарай, дуулмаар үедээ ч дуулчихаж байгаарай.

Ярилцсан: Н.Еркегүль

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ