Сүүлийн 10 жилийн дунджаар Монгол Улсад умайн хавдрын 400 орчим тохиолдол бүртгэгджээ. Тухайлбал, 2020 онд 480, 2021 онд 320 орчим эмэгтэй энэ хавдраар өвчилсөн байна. Нас баралтыг сүүлийн 10 жилээр дундчилбал 150 орчим байгаа бөгөөд өнгөрөгч онд гэхэд 145 эмэгтэй умайн хүзүүний хавдрын шалтгаанаар нас баржээ.
Харьяа эмнэлгийн өрх, сум, тосгоны эмнэлэгтээ 30-60 насны эмэгтэйчүүд гурван жил тутамд умайн хавдрыг илрүүлэх эсийн шинжилгээнд 11 удаа хамрагдах ёстой.
Нарийвчилбал, эмэгтэйчүүд 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 насандаа эрт илрүүлгийн эсийн шинжилгээг үнэ төлбөргүй өгдөг юм.
УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛС:
Өндөр эрсдэлтэй ХПВ-ийн халдвар (Хүний папиллома вирус!)
16 наснаас өмнө бэлгийн харьцаанд орох
Бэлгийн олон хавьтагчтай байх
Тамхи татах
ХДХВ-ийн халдвар
УМАЙН ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ
Human Papiloma Virus буюу Хүний хөхөнцөр вирусийн халдвар 140 гаруй хэв шинжтэй байна. Үүнээс 30 орчим хэв шинж нь умайн хүзүүний хортой хавдар үүсгэж байна. Энэ 30 орчим хувийг өндөр эрсдэлтэй, дунд, бага эрсдэлтэй гэхчлэн тогтоочихсон.
Дэлхийн хэмжээнд 10 хүн тутмын 8 нь Хүний хөхөнцөр вирусыг халдвартай байна гэсэн үг. Тэгэхээр эрэгтэй хүн тээгч байдлаар байна. Гэхдээ халдвар авсан эмэгтэй бүрт умайн хүзүүний хавдар үүсэхгүй. Халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувь нь өөрийн дархлаанаас хамаараад вирусыг устгадаг. Өнөдөр эрсдэлтэй вирусын халдвар авсан бол хавдар үүсэх эрсдэл өндөр.
Эрт бэлгийн харьцаанд орох, олон бэлгийн хавьтагчтай байх, олон удаа төрсөн зэрэг нь эрсдэлийг нэмдэг.
Вирусын халдварыг аваад 10 болон түүнээс дээш жилийн дараа хавдар үүсэж эхэлдэг. Мөн эрсдэлээс хамаараад 5 болон түүнээс дээш жилийн дараа умайн хүзүүний хавдрын урьтал өвчин бий болдог. Умайн хүзүүний хавдар шууд үүсдэггүй. Урьтал үе шатыг дамжиж, хортой хавдар үүсгэдэг. Вирусын халдвар авсан эмэгтэйд таван жилийн дараанаас эхлээд эрсдэл нэмэгдэж байна гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.
Тиймээс ч гурван жил тутамдаа эрт илрүүлгийн эсийн шинжилгээнд хамрагдаад явбал хавдраас сэргийлэх боломжтой гэдгийг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.