Хаврын адаг сарын Шинийн 03-ны билэгт сайн өдөр буюу өчигдөр Эрхэт Монгол группийн хэрэгжүүлж буй “Хайрын хот” төслийн шавыг тавьж, бүтээн байгуулалтыг нь албан ёсоор эхлүүллээ.
Байгаль дэлхий сэрж, ан амьтад ичээнээсээ гарч, хөдөлгөөнд орсон энэ л өдрийг монголчууд Ханш нээх өдөр хэмээн нэрийдэж, томоохон бүтээн байгуулалтаа эхлүүлдэг уламжлалтай. Үүний нэгэн адилаар үндэсний шилдэг бүтээн байгуулагч Эрхэт Монгол групп 2022 оны томоохон төсөл болох “Хайрын хот”-ынхоо шавыг тавьсан юм.
“Хайрын хот” төсөл нь нийт 55 га газрыг хамран хэрэгжих, 2224 айлын хаус болон апартмент хороолол байх бөгөөд нэгдүгээр ээлжийн 350 захиалагчаа энэ оны III-IV улиралд хүлээн авахаар төлөвлөөд байна. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс буюу Өлзийт хороололтой хаяа залган сүндэрлэх, цэвэр агаар, эрүүл хөрстэй, нарлаг ээвэр газрыг сонгосон “Хайрын хот” төсөлд хэд хэдэн давуу тал бий. Түүнийг дор өгүүлье. Улаанбаатар хотын хэт төвлөрлийн асуудал нь дулаан эрчим хүчний хязгаарлалттай шууд холбоотой гэж үздэг.
Хаана халаалт байна, тэнд хотхон хөгжих боломжтой гэж хардаг учраас ДЦС-ын дулаан түгээх сүлжээнд уягдсан хөгжлийн төлөвлөлт Монгол Улсад хийгдээд удаж буй. Үүнээс шалтгаалан түгжрэл, хэт бөөгнөрөл, орон сууцын болоод газрын үнийн хөөрөгдөл, агаарын бохирдол, ядуурлын төвшин, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ гээд бүх асуудал нягт уялдаатай байдаг учраас энэ салбаруудын хөгжил ч чөдөрлөгдөөд удаж байна.
Гэвч дэлхий нийт энэ мэт асуудалтайгаа тэмцсээр өнөөдөр бүхэл бүтэн хаус хөгжүүлэлтийн төлөвлөгөөнүүдийг боловсруулж, улс орныхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөө хаус хорооллуудтайгаа уялдуулдаг болжээ. Ингэхдээ овор хэмжээ том, үнэ хөлс их, өндөр зэрэглэл гэхээс илүүтэйгээр чанартай, байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байх чиглэлийг баримталж буй. Сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжил, цэвэр усны нөөцийн хомсдол зэргээ бодоод үзэхэд Монгол Улс ч хаус хорооллуудынхаа хөгжлийг чухалчилж үзэх цаг нэгэнт ирсэн.
Тиймээс Эрхэт Монгол групп иргэдийн эрэлт хэрэгцээнд зориулсан хаус хорооллын бүтээн байгуулалт руу ханцуй шамлан орж буй нь энэ юм. Ярих биш бүтээх, бүтээхдээ эзний сэтгэлээр хандах гэсэн ойлголт бий.
Хаа нэг уулын мухарт, байгалийн үзэсгэлэнгээ түшиглэн хаус хороолол барьдаг нийтийн жишгийг өөрчлөе гэх тэргүүн санааг Эрхэт Монгол группийнхэн түүчээлж буй. Тиймдээ ч хөгжлийг угтсан байршил буюу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Хөшигийн хөндийг угтсан шинэ суурьшлын бүсийг сонгон бүтээн байгуулалтаа эхлүүлээд байна. Тун удахгүй Хөшигийн хөндийд шинэ аеро ситигийн бүтээн байгуулалт эхэлнэ. Тэгэхлээр энэ байршлын үнэ цэн өсөн нэмэгдэх нь цаг хугацааны асуудал. Хотын төвлөрлийг сааруулах, их хот хаяа тэлэн хөгжих боломжийг “Хайрын хот” хаус хороолол олгох юм. Байршлаас гадна иргэдийг тогтоон барих, тэдний хэрэгцээ шаардлагыг хангах гэсэн үндсэн ойлголт бий.
Үүнийг “Хайрын хот” хаус хороолол цогцоор нь шийдэж өгч байгаа нь иргэдийн эрэлт, хэрэгцээг хангах бас нэгэн давуу тал юм. Хэрвээ дэд бүтцээс алслагдсан газарт хямд төсөр атлаа тав тухтай амьдрах боломж байгаа бол маш олон хүн түүнийг сонгох нь ойлгомжтой. Тэгвэл “Хайрын хот” хаус хороолол сургууль, цэцэрлэг, томоохон худалдаа үйлчилгээний төв, кино театр, спорт комплекс, 2500 гаруй авто машины зогсоолыг ерөнхий төлөвлөгөөний цогц төлөвлөлтдөө оруулж өгсөн.
Энэ бол Монголд хэрэгжиж буй ямар ч хаус төсөлд тусгагдаагүй, томоохон бүтээн байгуулалт. Нөгөөтээгүүр том амлалт гэж ч ойлгож болох юм. Үүгээр ч зогсохгүй хотын төвөөс 23 км-т орших тус бүс нутагт төвлөрсөн дэд бүтэц, цэвэр бохирын шугамыг шинээр татах ажил барилгын бүтээн байгуулалттай зэрэгцэн өрнөнө. Ингэснээр нийслэл хотын төвлөрлийг сааруулахад “Хайрын хот” маш том үүрэг гүйцэтгэж байна гэж ойлгож болох юм. Мөн алслагдсан хороо гэгддэг “Өлзийт”-ийн иргэдэд давуу тал үүснэ гэсэн үг.
Тэгэхээр “Хайрын хот” төсөл аль аль талдаа ашигтай, тустай болох юм. Цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй, Монгол орны бүх бүс нутагт тулгамдаад буй цөлжилтийн их нүүдэлтэй тэмцэхэд ногоон байгууламж юу юунаас чухал. Тэгвэл гуравдугаар сарын 30-ны өдөр Эрхэт Монгол группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр БОАЖ-ын сайдаас “Нэг сая мод тарих батламжийг гардахын сацуу, том үүргийг хүлээж авсан юм. Энэхүү үүргийнхээ хүрээнд тарих нэг сая ногоон байгууламжийн 30 га нь “Хайрын хот” хаус хороололд байхаар төлөвлөөд байна.
Энэ талаар өчигдөр болсон шав тавих ёслолын үеэр Эрхэт Монгол группийн Гүйцэтгэх захирал С.Мөнхзул ярихдаа, Эрхэт Монгол групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2030 он хүртэл үргэлжлэх бүтээн байгуулалтууддаа ногоон байгууламжийн цогц төлөвлөгөө хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд Сэлбийн аманд сүндэрлэж буй “Гранд Маршал” тансаг зэрэглэлийн хотхонд 35 мянган ширхэг, “Хайрын хот” төслийн хүрээнд 200 мянган ширхэг, “Хонхор” барилгын материал үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэсэн “Парк сити” төслийн хүрээнд 500 мянган ширхэг, Өмнөговь аймагт 265 мянган ширхэг мод, бут, сөөгийг тарихаар тус тус төлөвлөж байна. Түүнчлэн “Хайрын хот” төслийн хүрээнд залуу гэр бүлийг дэмжсэн урамшууллыг зарлахаар төлөвлөөд байгаа. Тун удахгүй хэрэгжинэ. “Хайрын хот”-ын бүтээн байгуулалт өрнөх энэ хэсгийг Хан-Уул дүүрэг, Яармаг, Нисэхийн айл өрхүүдийн зуслангийн бүс нутаг буюу шинэ суурьшлын бүсийн хотхон, хороолол болгох зорилготой байгаа” гэлээ.
ЗУУН ЖИЛИЙН БАТАЛГААТАЙ ГАН КАРКАЗААР “ХАЙРЫН ХОТ”-ЫГ БОСГОНО
“Хайрын хот” төслийн шав тавих үйл ажиллагаанд Эрхэт Монгол группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр, Дэлхийн аварга М.Анхцэцэг болон түүний багш Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, Аймгийн арслан Э.Нямаа, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Гавьяат жүжигчин И.Одончимэг, СТА Т.Бархүү, “Хайрын хот”-ын албан ёсны нүүр царай, дуучин С.Заяа, нэвтрүүлэгч Д.Одзаяа нар болон Эрхэт Монгол группийн удирдлагууд, туслан гүйцэтгэгч компанийн төлөөллүүд оролцсон юм.
Энэ үеэр “Хайрын хот” төслийн Ерөнхий менежер Э.Энхболд барилгын бүтээц, хийцлэлийн талаар “Бидэнд дэлхий нийтийг хамарсан цар тахал, зарим оронд өрнөж буй зэвсэгт мөргөлдөөнөөс улбаатайгаар хил гааль хаагдсан, валютын ханш нэмэгдсэн, барилгын бараа материалын татан авалт гацсан, ховордож үнэ нэмэгдсэн гэх асуудлууд тулгараад байгаа хэдий ч цаг алдалгүй бүтээн байгуулалтын ажлуудаа үргэлжлүүлж байна.
Сүүлийн хоёр жилд барилгын бүтээцийн гол түүхий эд болох цемент, арматурын үнэ огцом нэмэгдэж, иргэдийн нуруунд үнийн өсөлт мэдрэгдэж эхэлсэн. Тиймээс бид үнийн өсөлтийг хязгаарлахын тулд Турк улсад үйлдвэрлэсэн европ технологийн ган карказны буюу хуурай технологийн үйлдвэрийг эх орондоо оруулж ирэн, “Хайрын хот” төсөлдөө ашиглаж байна.
Ган карказ нь 100 жилийн баталгаатай гэж үздэг. Үүнээс гадна бид хауснууддаа “buffer zone” буюу өвөлдөө нарны дулааныг ашиглан дулаан хуримтлуулах хэсгийг бий болгож өгч байна. Энэ тал дээр Унгар улсад пассив буюу бидний мэдэхээр ухаалаг орон сууцны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан мэргэжилтнүүдийг ажиллуулж байгаа. Энэ манай төслийн бас нэгэн давуу тал гэж ойлгож болно.
Бид эх дэлхийгээ, ирээдүйгээ, эцэг, эхээ, гэр бүл, найз нөхөд, хамт олноо хайрласан эко хотхон барихаар төлөвлөн ажлаа эхлүүлж байгаа нь энэ. “Хайрын хот” төслийн хүрээнд хаалга, цонх, шалыг дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, тэдний борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хонхор” Барилгын материалын худалдаа үйлдвэрлэл технологийн паркаас авах юм” гэж ярилаа. Түүний ярианд дурдагдсан “Пассив хаус” буюу ногоон барилгын технологи нь барилгын дулаан алдагдлыг 90 хувиар бууруулж, дотор нь ажиллаж, амьдарч буй хүний биеэс ялгарч байгаа дулаан, нарны тусгал, тухайн байрыг ашиглах явцад үүсч байгаа ахуйн цахилгаан хэрэглээний дулааныг алдалгүй барьж, эрчим хүч болгодгоороо онцлогтой эрчим хүчний хэмнэлттэй барилгын шийдэл юм.
Орчин үеийн барилгын салбарынхны сонголт болоод буй энэхүү технологи, шийдлээр “Хайрын хот”-ын 11 төрлийн нордик, степпе хаусууд баригдана. Орон орны хэлээр “Хайр” хэмээн уншигдах нэрсээр нэрлэгдсэн тус хауснууд нь залуу гэр бүл, ахмад настнуудын эрэлт, хэрэгцээнд зориулагдсан метр квадратын өргөн сонголттойгоос гадна үнийн хувьд уян хатан байгаа ажээ. Тодруулбал, иргэдийн хэрэгцээнд тохирсон 26.03-98.4 ам.дөрвөлжин мульти хаус, 62.38-147.44 ам.дөрвөлжин твин, таун, сингл хауснуудаас сонгон захиалга өгөх боломжтой юм.
Төгсөлд нь өгүүлэхэд, “Хайрын хот” хаус хорооллын төслийн дэлгэрэнгүй танилцуулга долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад төслийн талбайд болж буй бөгөөд эрхэм та бүхэн цэвэр агаарт амрангаа халуун хоол, цай кофегоор үйлчлүүлэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцах боломжтой. Үүнээс гадна Хайрын хот/ Love city албан ёсны фэйсбүүк хуудсаар зочлон дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН