Монгол Улсын Гавьяат жүжигчин, нэрт балетчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын балетын үндэсний сургууль "Соёлын төв өргөө"-ний тайзнаа сонгодог урлагийн нэгэн шинэ тоглолтыг дэглэн тавилаа.
Балетын залгамж халаа, бүжгийн урлагт анхлан суралцаж байгаа бяцхан сурагчдын хүсэл мөрөөдөл, тэднийг сургасан багш, тэднийгээ дэмжсэн эцэг, эхчүүд гээд Балетын үндэсний сургууль руу баяр баясал тээн зорьж очдог бүх хүмүүс хамтдаа цуглан, “Хаврын баяр” тайлан тоглолтод оролцлоо.
Балетын сургуулийн “Хүүхдийн хөтөлбөр”-ийн хамгийн бяцхан сурагчид болох “Гараас гарт” ангийн хоёр настнуудаас эхлээд “Сонгодог балет”-ын хөтөлбөрийн дунд шатны 3, өсвөр, насанд хүрэгчдийн ангийн 200 гаруй сурагч тоглолтод оролцсон нь Монголын бүжгийн урлагийн сургалтыг шинэ шатанд гаргасан тайлан байв.
Урилгаар тоглолтод Дуурь, бүжгийн эрдмийн театр, СУИС-ийн оюутнууд мөн оролцлоо.
Балетын үндэсний сургуулийн “Хаврын баяр” тайлан тоглолт жил бүр болдог ч энэ удаад тус сургуулийн сурагчид П.И.Чайковскийн "Нойрссон гүнж" балетын прологийг толилуулсан нь балетын сургалтын чадавхи, чансаа, сурагчдын авьяас, үнэлэмжийг мөн өндөр түвшинд харуулсан үзүүлбэр байв.
Балетын үндэсний сургуульд хоёр настнаас эхлээд насанд хүрэгчид хүртэл хичээллэдэг бөгөөд өнгөрсөн хугацаанд тус сургуульд 1000 гаруй хүүхэд суралцаж, балетын анхан болон дунд шатны мэдлэгтэй болжээ.
“Хаврын баяр”-аа тэмдэглэж, багш, сургууль, аав, ээжүүддээ тайлан тоглолтоо тавьсан Балетын сургуулийнхан одоо дараагийн аялалдаа бэлдэж байгаа. Учир нь тэд “Монголын балетын хөгжил сан”-гаас ирэх сард зохион байгуулах Олон Улсын балетын II уралдаанд оролцож, дэлхийн өнцөг булан бүрээс Монгол Улсыг зорин ирэх бүжигчидтэй авьяас сорин, өрсөлдөнө.
Балетын урлагийн хөгжил, төлөвшил, залгамж бэлтгэх бүрэн дүүрэн сургалт, өөрийн нэрийн школтой болсноо жилээс жилд батлан харуулж буй Монголын балетын үндэсний сургуулийн хамт олонд дахин дахин баяр хүргэе.
Долоон жилийн хугацаанд 1000 гаруй хүүхдийг сонгодог урлагийн аливаа шатны мэдлэгтэй, эвсэлтэй, авьяастай болгож, тэдэн дундаас мэргэжлийн бүжигчдийг шигшин төрүүлж байгаад талархал илэрхийлэх нь зүйтэй.
Балетчин Д.Алтанхуягийг бид П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын ханхүү Зигфрид, “Щелкунчик” балетын Щелкунчик, “Нойрссон гүнж” балетын Дизере, “Парисын дарь эхийн сүм” балетын Фебси, “Ромео Жульетта” балетын Ромео гэхчлэн дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдийн гол дүрд тоглож, Монголын балетын урлагийг дэлхийн сонорт хүргэснээр нь бүх цаг үед бахархдаг.
Өнөөдөр тэгвэл түүний бүтээсэн хүүхдүүд “Нойрссон гүнж”-ийг бие даан амилуулж, “Щелкунчик”-ийг жил бүр тайзнаа тоглож, өөрийнх нь хайртай Щелкунчикийг, Дизерег тайзан дээр бүтээж байна. Үүгээрээ та бүхэн бахархаарай, Балетын сургуулийн багш, сурагчид аа.