...
...

Продюсер Э.Дэлгэрмөрөн: Атгасан гар шиг ажиллах нь амжилтын нууц

Монголын хөгжмийн ертөнцөд өөрсдийн ганхашгүй байр сууриа бий болгож чадсан "Тоонот" рекордс энэ жил дөрвөн жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол туургатан, зон олон нэгэн дээвэр дор оршин буйг илтгэх утга санааг илэрхийлсэн энэхүү нэрийн дор нэгдэн нийлсэн залуус олон улсын төвшинд хүрсэн уран бүтээл гаргах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж буй.  Тус лебелийн захирал, ерөнхий продюсер, саунд инженер Э.Дэлгэрмөрөнг энэ удаагийн ярилцлагын буландаа урилаа. 


- "Тоонот"-ын залуусын хувьд завгүй зун болж өнгөрлөө. Сүүлийн үед хийж байгаа ажлын тань тухай яриагаа эхлүүлье?

- Тийм шүү. Бид дөрвөн жилийн ойгоо тохиолдуулан "21х21" төсөл санаачлан хэрэгжүүлсэн. Үүнийхээ хүрээнд 21 аймгаараа аялан тоглолт хийгээд ирлээ. Хөдөө орон нутагт байгаа сонсогчид маань чанарын өндөр түвшинд зохион байгуулагдаж буй тоглолт орон нутагтаа үзэх боломж тун хомс байдаг. Тийм учраас бид ойн баярын бэлэг болгон сонсогчиддоо уран бүтээлээ илүү ойроос, мөн чанартайгаар хүргэхээр аялан тоглолт хийхээр шийдсэн. Тоглолт маань амжилттай дуусч бид дараагийн ажлууддаа ороод явж байна.

- Хилийн чанадад суугаа Монголчууд тоглолтоор ирэхийг хүссэн сэтгэгдэл нэлээдгүй ирүүлж байгаа харагдсан?

- Гадаадад суугаа Монголчууд болон Улаанбаатар хотын оршин суугчид тоглолт хийх хүсэлт ихээр ирүүлсэн. Эхний ээлжинд бид Улаанбаатар хотынхоо сонсогчдын хүсэлтээр ирэх сарын 9-ны өдөр Сүхбаатарын талбайд тоглолтоо хийхээр болсон. Тоглолтын бэлтгэл ажил хангагдаад явж байна. Тоглолт мэдээж үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Үүний дараа гадаадад суугаа Монголчууддаа зориулсан тоглолтуудаа хийх бодол бий. 

 

 

Соло уран бүтээл эхлүүлэхээ түр азнаж байна 

- Продюсерийн ажлаа хэзээнээс хийж эхэлсэн бэ?

- Анх хотод оюутан болж ирээд найзуудынхаа хамтаар "Eternal" гэдэг хамтлаг байгуулаад дуулж эхэлсэн. Хамтлаг маань 2008 онд байгуулагдаад 2011 онд ерөнхийдөө тарсан гэж хэлж болно. 2013 онд студи нээгээд дууны mix master, продюсер хийдэг болсон. 

- "Eternal" хамтлаг дахин нэгдэх болов уу?

- Дахин нэгдэхгүй байх. Тухайн үедээ бүгд гэр бүлтэй болоод урлагаа орхиж байлаа. Сүүлд 2018 онд Хөвсгөл аймагтаа очиж ойн тоглолтоо хийсэн. Дурсамжаа сэргээсэн сайхан үйл явдал байсан. Гэхдээ хамтлагаараа дахин шинэ уран бүтээл гаргах төлөвлөгөө гаргаагүй. 

 

 

- Продюсер биш уран бүтээлчийн хувиар соло уран бүтээл хийх бодол бий юу?

- Ер нь арван жилээсээ 2002 оноос эхлэн дуулж эхэлсэн. Хамтарсан уран бүтээлд орох байх. Соло уран бүтээл хийх бодол бий. Гэхдээ ойрын хугацаанд бусад уран бүтээлчдээ дэмжиж ажиллах төлөвлөгөөтэй байгаа учраас үүнийгээ түр хойш тавьсан байгаа. 

- "Тоонот"-ын хувьд хэчнээн артисттай байгаа вэ?

- Одоогоор наймуулаа байна. Манай артистууд бүгд өөрсдөө дуугаа продюсерлэдэг. Уран бүтээлчдийн хувьд хийхийг хүсэж байгаа дуугаа өөрөө продюсерлээд гаргана гэдэг чухал зүйл. Хүссэн санаагаа гаргахад маш дөхөм болдог. Манай лебелийн дуунууд сайн явж байгаа нь үүнтэй л холбоотой. Мөн дээрээс нь чанартай уран бүтээл хийхийг зорьдог. 

 

 

Артист сонгохдоо "хөдөлмөрч" байдлыг түлхүү хардаг

- Цаашид артист нэмж авах бодол бий юу. Артистаар орох хүсэлтэй хүмүүст ямар шалгуур тавьдаг вэ?

- Мэдээж артист нэмэх бодол бий. Артист сонгохдоо "хөдөлмөрч" байдлыг нь хамгийн түрүүнд хардаг. Өөртэйгөө ажиллах, өөрийгөө дайчлах, хүсэж буй зүйлдээ эзэн болж чадах артистыг илүүд үздэг. Мянга авьяастай байгаад залхуу байвал тийм ч хол явахгүй. Харин жоохон ч гэсэн авьяасаа өнгөлж, өөрийнхөө төлөө тууштай тэмцдэг залуус хэрэгтэй. Одоогийн залуус харьцангуй нээлттэй болсон байна. Бидэн рүү өөрсдийн хийсэн бүтээлийг явуулдаг. Артистаар авах боломжгүй ч хамтарч ажиллах боломж бол нээлттэй бий. 

- Нээлттэй сонгон шалгаруулалт хийх болов уу?

- Өмнө нь бид нээлттэй шалгаруулалт хийж байсан л даа. Гэхдээ тийм ч амжилттай болоогүй. Одоо бол бүх л цаг үед нээлттэй байгаа. Өөрийнхөө чаддаг зүйлийг харуулах юм бол бид хамтарч ажиллахад ч мөн нээлттэй байгаа. 

 

 

Маш сайн бэлтгэгдсэн артистаа олон улсад гаргана 

- Нэг үеэ бодвол манай уран бүтээлчдийг гаднынхан багагүй сонирхох болсон байна. -Тоонот"-ынхонд гадаад уран бүтээлчдээс санал ирж байв уу?

- Хэд хэдэн удаа санал ирж байсан. Өмнөд Солонгос болон баруун европын орнуудаас хамтарч ажиллах санал ирж байсан. Бид ч мөн хамтарч ажиллах санал илгээж байгаа. Дэлхийн зах зээлд гарахын тулд чамбайлан бэлтгэж байна. 

- Гаднынхан уран бүтээлчдэд ямар шалгуур тавьдаг вэ?

- Ерөнхийдөө зарчим нь адилхан. Хамгийн түрүүнд төгс авьяастай байх хэрэгтэй. Солонгост лебелүүд бүр багаас нь уран бүтээлч болгохоор бэлддэг бол Америк артистуудын олон уран бүтээл дундаас ганц, нэг нь цойлж амжилт үзүүлж, алдар нэртэй болдог. Үүний дараа аль нэг лебелтэй хамтарч ажилладаг байх жишээний. 

Манайх маш сайн бэлтгэгдсэн артистаа олон улсад гаргах бодолтой байна. Яваандаа олон улсын зах зээлд нэг биш, нэлээн хэдэн артист гаргахын төлөө хичээж ажиллаж байна. Олон улсад насны ангилал их чухал байдаг. Ерөнхийдөө 25-с доош насны артистууд гарч ирэхэд илүү тохиромжтой байдаг.

- Эмэгтэй хамтлагтай болох бодол бий юу?

- Эмэгтэй артист, хамтлагтай болох бодол, төлөвлөгөө бий. Бид маш олон зүйл төлөвлөж байгаа. Ойрын хугацаанд нэг уран бүтээлчээ гадаадын зах зээл рүү түлхүү ажиллуулах бодолтой байна. 

 

 

Атгасан гар шиг ажиллах нь амжилтын нууц 

- "Тоонот"-ынхон их амь нэгтэй санагддаг. Атгасан гар шиг ажиллахын тулд ямар байх хэрэгтэй гэж боддог вэ?

- Биднээс сайн уран бүтээл гарч байгаа шалтгаануудын нэг ердөө л энэ. Атгасан гар шиг ажиллах. Статусын хувьд би продюсер, захирал гэж явдаг. Гэсэн хэдий ч артистуудынхаа хийж буй бүхий л зүйлд гар бие оролцож, туслахыг хүсдэг. Гэрлийг нь өргөөд явж л байна, машинаараа үйлчлэх хэрэг гарвал явж л байна. Миний чадах жижиг гэлтгүй бүхий л зүйлд нь оролцоод явдаг. Манайхан ч мөн адил. Цаг нар, өдөр шөнө хамаагүй. Нэгнээ үргэлж дэмжиж чаддаг. 

- Уран бүтээлч, продюсер хүний хувьд хамгийн ямар үед хамгийн жаргалтай байдаг вэ?

- Уран бүтээлчийн хэлэх гэсэн санааг бүрэн дүүрэн гаргаад үзэгчид түүнийг хүлээж авах агшин. Дуу цацагдсны дараа хүмүүсийн гаргаж байгаа тэр реакш. Тайзан дээр гарахад хүмүүсийн дэмжиж хамт дуулах нь уран бүтээлчдэд, ард нь ажилласан хүмүүст ч тэр аз жаргал бэлэглэж байдаг. Энэ л уран бүтээлч хүмүүсийн оршин тогтнох хамгийн том шалтгаан.  

 

 

 
 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ