Монголдоо анхдагч хувийн "Анир" поп оркестр ирэх аравдугаар сарын 1-ний өдөр албан ёсны нээлтийн тоглолтоо хийх гэж байгаатай холбогдуулан "энтертайнмент" хэвлэлийн хурал хийлээ.
Хэвлэлийн хурлын эхэн болон төгсгөлд оркестрын уран бүтээлчид сэтгүүлч, үзэгчдэд зориулан уран бүтээлийн дээжээсээ толилууллаа.
Хуралд "Анир" студийн захирал, "Анир" поп оркестрын үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач Б.Алтанхуяг, "Анир" поп оркестрын гүйцэтгэх захирал Г.Пүрэвдагва, "M Music" компанийн гүйцэтгэх захирал Д.Батмагнай, тоглолтын зочин уран бүтээлч МУСТА Д.Отгонжаргал, Shoppy.mn сайтын үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер Г.Төгөлдөр, “Анир” поп оркестрын ерөнхий менежер Э.Цэнд-Аюуш нар оролцож оркестрын тухай болон тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тоглолтод урилгаар Зэвсэгт хүчний жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, МУГЖ Ө.Уянга, МУГЖ Э.Анхбаяр, МУСТА Д.Отгонжаргал, Монгол поп опера "Увертюра" хамтлаг, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Монголхүү, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Уранзолбоо, дуучин Наки, "UB Drums" хамтлаг оролцох ажээ.
20 гаруй жилийн түүхтэй "Анир" студийн дэргэд байгуулагдаж буй "Анир" поп оркестр нь оркестрын тухай хэвшмэл ойлголтыг тань эвдэх болно. Бүхий л төрөл жанр, салбарт уран бүтээлээ хүргэх боломжтой тэд дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжийг уран бүтээлчдэд олгох юм.
Энтертайнмент салбарыг дуу хөгжимгүйгээр төсөөлөхийн аргагүй. 30 гаруй мэргэжлийн уран бүтээлчээс бүрдсэн тус оркестр рок болон жазз, сөүл R&B, техно, ардын зэрэг бүхий л төрөл жанрт хувирах боломжтой.
Рок попын уран бүтээлчид энэ цагаас эхлэн тоглолтоо мэргэжлийн оркестртойгоор үзэгчдэд хүргэх боломж ийнхүү бүрдлээ. Мөн тайз дэлгэцийн уран бүтээлчдэд киноны үйл явдал, утга агуулгатай нийцсэн, илүү амьд, бодитой киноны хөгжим зохиох боломж бүрдэж байгаа бөгөөд энтертайнмент салбарын бүхий л уран бүтээлчид дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж эхлэх түүхэн үйл явдал ийн тохиож байгааг тус оркестрыг үүсгэн байгуулагч, удирдаач Б.Алтанхуяг онцоллоо.