МУСТА Б.Хишигжаргал, МУСТА А.Анударь нар хамтарсан "Өнөөдөр чи сайн байлаа" тоглолтоо энэ сарын 16-ны өдөр "Ub Palace"-т ганцхан удаа хийхээр товложээ.
Өөр өөрсдийн гэсэн өнгө аястай уран бүтээлч бүсгүйчүүд тоглолт үзэхээр зорин ирсэн хэн бүхэнд урам өгөх үүднээс тоглолтоо хамтарсан дууныхаа нэрээр ийнхүү нэрлэсэн гэнэ.
Анхдагчид болон түүчээлж байгаа тэдний тоглолтод Өмнөговь аймгаас төрөн гарсан "Танхай ерөөлч" Сүхээ, дуучин Э.Төрмандах, МУГЖ Т.Батсайхан зэрэг говийн нутгаас төрөн гарсан уран бүтээлчид оролцоно.
Арга билэг шиг хорших тэдний тоглолтод "Хилийн цэрэг"-ийн бүжигчид мөн оролцоно гэлээ. Драмчилсан байдлаар зохион байгуулагдах энэхүү тоглолын Ерөнхий найруулагчаар Өмнөговь аймгийн "Хөгжимт жүжгийн театр"-ын найруулагч "Алтан гадас" одонт Г.Амартүвшин ажиллаж байгаа ажээ.
Дуучин Б.Хишигжаргалын хувьд 20 гаруй уран бүтээл үзэгч, сонсогчдын хүртээл болгоод буй. Хилийн цэргийн 0164-р ангийн Соён гэгээрүүлэх албаны ахлах оффицер тэрээр түлхүү говь нутаг руугаа чиглэсэн уран бүтээл туурвидаг нэгэн.
Дуучин А.Анударийг хүмүүс "Шилийн богд" дуугаар андахгүй сайн мэднэ. Өмнөговь аймгийн "Хөгжимт жүжгийн театр"-т гоцлол дуучнаар ажилладаг тэрээр энэ удаагийн тоглолтоороо өөрийгөө хувь уран бүтээлч талаас нь түлхүү танилцуулах гэнэ. Тэрээр говь нутгаас төрөн гарсан цөөн эстрад дуулаачдын нэг билээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250