...
...

Н.Тавинбэхийн ажлыг өмнөөс нь хийгээд унасан Н.Уртнасан

Өнгөрөгч нэгдүгээр сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж асан Н.Уртнасан шахмал түлшний цэгүүд болон айл өрхөөр явж дулаан хангамж болон утаа агаарт санаа тавьсан. Үүнийхээ дараа тэрбээр “Өнөөдрийн байдлаар шалгалт эхэлсэн. Өргөн бүрэлдэхүүнээр газар дээр нь ажиллалаа. Үүнд 4500 гэрээт ажилтан ажиллуулж байгаа. Шахмал түлш чийгтэй байна гэсэн гомдол ирж байсан уу гэвэл ирж байсан” хэмээн мэдэгдэж байв. Мөнхүү сайд асан Н.Уртнасан “Тавантолгой түлш” компанийн хатаалт, үйлдвэрлэлийн бүсэд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллав.

Ингээд эцэст нь Улаанбаатар хотын утааны голомт болоод буй газруудад дрон нисгэн, айл өрхүүд шахмал түлш түлж байна уу, түүхий нүүрс түлж байна уу гэдгийг шалгана хэмээн заналхийлээд сайдынхаа суудлаас огцорсон. Үнэн хэрэгтээ Н.Уртнасан нь тухайн үеийн Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн ажлыг урьдуур нь орж хийгээд унасан Монголын анхны сайд болсон түүхтэй. Утаа, агаар гэхээр л “манай ажил” гэж мөчид ойлгосон сайд ийнхүү суудлаасаа буусан эмгэнэлт гэх үү, хошин гэх үү явдлын утга санаа өнөө ч иргэдийн дунд оршиж байна.

Яагаад гэхээр хүйтний ам наашилсан энэ үед Байгаль орчин, аялал жуулчлалын яам, сайд Б.Бат-Эрдэнэ рүү дайрах хандлага ихээхэн гарч буй бололтой. Иргэд ч ийм ойлголттой болчихсон. Иргэдийн хувьд аргагүй байх. Урьд өмнөх Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Н.Уртнасан нь ажлынхаа чиг үүргийг мэдэхгүй түлшний үйлдвэртэй танилцаж, айл өрхийн түлээ түлш шалгаад байхаар хэн ч гэсэн бидний түлж хэрэглэж байгаа түлш энэ яам, энэ сайдад хамаатай юм байна гэж ойлгоно биз дээ. Нэгэнт буруу ойлголт авсан иргэд агаарын хэм хасах зааж буй үед өдгөөгийн сайд Бат-Эрдэнэ рүү “гал” нээх төлөвтэй байна.

Түүнээс бус “Тавантолгой түлш” үйлдвэр нь чиг үүргийн хувьд Эрчим хүчний яаманд 100 хувь хамааралтай. Энэ үйлдвэр нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд чиг үүргийн хувьд огтхон ч хамаагүй зүйл. Үнэн хэрэгтээ өнгөрөгч нэгдүгээр сард үйлдвэрийн ажлыг Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх шалгах ёстой байсан. Сайдынхаа суудлаас буухдаа хүрвэл Н.Уртнасан бус Н.Тавинбэх унах ёстой байсан. Гэтэл бид бусдынхаа ажлыг өөртөө наах, чиг үүргээ мэдэхгүй төөрөлдөж явдгийн нэгээхэн жишээг харуулсан явдал болсон. Сайд, дарга нар нь чиг үүргээ мэдэхгүй төөрөлдөж байхад иргэд аргагүй шүү дээ.

Тэгэхээр цөөн жишээ татъя. Тухайлбал, 2018 оны арваннэгдүгээр сард “Тавантолгой түлш” үйлдвэрийг анх нээхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн очоод уран донгодож зогссон байх юм. Түүнээс бус үйлдвэрийн нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Н.Цэрэнбат очоогүй. Байгаль орчин, аялал жуулчлал гэх стратегийн салбар удирдаж байгаа сайд чиг үүргийн дагуу ажлаа хийж байна биз дээ. Аргаа барсан биш. Өөрт нь хамаагүй үйлдвэрт очиж байдаг ёстой л хийх ажилгүй хүний үйлдэл болно.

Тэгвэл Улаанбаатар хотын зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлтийн ажиллагаа 2020 оны арванхоёрдугаар сард болоход тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, дэд сайд М.Баярмагнай нар очиж тууз хайчилж байв. Хаана нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл байсан юм.

Мөн 2019 оны аравдугаар сард Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн сайжруулсан шахмал түлшний “Тавантолгой түлш” компанийн ажиллагаа, үйлдвэрлэлийн явц байдалтай танилцлаа” гэх мэдээлэл байгаагаас хаана нь ямар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд үйлдвэрийн ажилтай танилцаад бусдын ажлын өмнүүр орж байсан юм. Дараа нь 2019 оны аравдугаар сарын 12-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд Ц.Даваасүрэн сайд “Шахмал түлшний стандартыг шинэчлэн баталсан, сайжруулсан түлш хортой гэдэгтэй санал нийлэхгүй” хэмээн өчнөөн хүн угаартаж байхад өмөөрч байсан баримт ч байна. Тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат үйлдвэр ч эргэж тойрч байсангүй, тааруухан түлшийг энд тэнд ч өмөөрч байсангүй.

Түүнчлэн Эрчим хүчний дараагийн сайд Н.Тавинбэх 2020 оны долоодугаар сарын 10-ны өдөр зүүн бүсэд баригдаж буй сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн явц байдалтай танилцлаа гэх баримт байгаагаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцлаа гэсэн мэдээлэл байхгүй.

Аливаа сайд дарга төдийгүй, иргэн хүн ч өөр өөрийнхөө хариуцсан ажлыг хариуцлагатай хийх ёстой. Түүнээс бус хэн нэгнийхээ ажлын урдуур орж, өөртөө ч өрөөлд ч тээг болох хэрэггүй юм. Үүн лугаа иргэд олон нийт ч зөв зүгт “гал”-аа нээх хэрэгтэй.

Тэгэхээр өдгөө “Тавантолгой түлш” үйлдвэр болон түлшний асуудал байгаа бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд биш, өдгөөгийн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хандаж байж иргэн та асуудлаа шийдэх аж. Өдгөө намрын сүүл сар шувтрах тийшээ хандлаа. “Тавантолгой түлш” үйлдвэр хэрхэн ажиллаж байгаа, түүхий эд байгаа эсэх, түлш боловсруулах цэгүүд хангалттай эсэх, түлшний чанар, утаа угаар хэр байгаа зэрэг асуудалд дүн тавихад арай эрт байна. Гэхдээ нэг л шөнө хүйтний эрч чангарч, түлээ түлшний асуудал үүснэ. Өнөөх л түлшний чанар, утааны асуудал хөндөгдөж эхэлнэ.

Энэ үед Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ажлаа хийх хэрэгтэй. “Тавантолгой түлш” үйлдвэртэйгээ танилцана уу, айл өрхөөр орж түлш шалгана уу, дрон нисгэнэ үү эрхэм сайдын хэрэг. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын гэх том салбар удирдаж байгаа Б.Бат-Эрдэнэ сайд урдуур нь орж үйлдвэр шалгахгүй, айл өрхөөр явж түлээ түлш шалгахгүй байхыг зөвлөж байна. Энэ бол таны хийх ажил биш. Байгаль орчин, аялал жуулчлал бол өөрөө асар том салбар учраас хийх ажил мундахгүй. Иргэд олон нийт ч чиг үүргийн дагуу хандах ёстой газарт нь хандах учиртай. Тодотговол, Эрчим хүчний сайддаа хандах хэрэгтэй. Хаа хамаагүй Байгаль орчны сайдад хандаад асуудлаа  шийдэж чадахгүй шүү дээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ