Бодибилдингийн спортоор цугтаа хичээллэж, бахархам амжилт гаргаж буй Г.Дорж, Б.Оюунгэрэл нартай ярилцлаа. Эхнэр Б.Оюунгэрэл нь нягтлан бодогч мэргэжилтэй хэдий ч ахлах ангиасаа хичээллэж эхэлсэн бодибилдингийн спортоороо амьдралын зам мөрөө хөөх болжээ. Харин нөхөр Г.Доржийн хувьд Монголдоо төдийгүй дэлхийд нэрээ гаргаж амжилтаа баталж чадсан чадварлаг тамирчин аж. Бэлтгэлийн зааланд танилцаж, бие биеэ түшин олон жил цугтаа бэлтгэлдээ явж буй тэд амжилт болон эрүүл амьдралын хэвшлийг бусдад түгээхийн төлөө өдөр алгасахгүй чармайж байгаа нь тэдэнтэй ярилцах үед мэдрэгдсэн юм.
-Анх тус спортоор хичээллэж эхэлж байх үеэс хойш хүмүүсийн хандлага хэр өөрчлөгдсөн бэ?
Б.Оюунгэрэл: -Би бодибилдингийн спортоор тууштай хичээллээд 15 жил болж байна. Энэ хугацаанд бодибилдингийн спортын ОУХМ, Ази тив болон Дэлхийн аваргын хүрэл медаль, олимпын V байрын шагналыг хүртлээ. Тус спорт нь тэсвэр тэвчээр, хувийн зохион байгуулалт их шаарддаг. Тийм учраас ар гэрийн дэмжлэг туслалцаа, амьдралын хэмнэл зэрэг маш чухал байдаг.
Хүн бүр тамирчин болохгүй ч гэсэн эрүүл амьдрахын тулд фитнест явж дасгал хийнэ. Иймээс олон нийтэд үр өгөөжтэй, үлгэр дуурайлал өгдөг спортын төрөл гэж боддог. Манай нөхөр анх миний дасгалжуулагч байсан юм. Тийм учраас миний амьдрал энэ спорттой салшгүй холбоотой болчихсон. Бид хоёр бие биеэ дасгалжуулж, хамтдаа хоолны дэглэмээ барьдаг.
Би бодибилдингийн спортын бикини төрлөөр тэмцээнд оролцдог. Энэ төрөл нь эмэгтэй хүний гоо сайхан, өв тэгш бие галбирыг түлхүү харж шалгаруулдаг. Үүнд, хэт том булчинтай байж болохгүй, ямар хэсгийн булчин нь том байх вэ гэдгийг нарийвчилж үзнэ. Жишээлбэл, хэт том гар, гуяны булчинтай байвал тус ангиллаас хасагдах журамтай байдаг. Миний хувьд 2013 оноос эхлэн тэмцээнд оролцож эхэлсэн. Тэр үед үзэгч болон цуг оролцох тамирчид цөөн байсан. Гэр бүлээрээ энэ спортоор хичээллэж цугтаа өндөр амжилт гаргасан учир хүмүүс биднийг эергээр хүлээж авч байлаа. Мөн тухайн үед би бодибилдингийн спортын бикини төрөлд дэлхийн аваргын хүрэл медаль авсан анхны монгол эмэгтэй тамирчин болж байсан. Сүүлийн үед энэ спортоор хичээллэж тэмцээн уралдаанд оролцох эмэгтэйчүүд тэр үетэй харьцуулашгүй олон болсон байна.
-Бикини төрөл гэдэг нь бодибилдингийн спорт дотроо миссийн тэмцээн гэж ойлгож болох уу?
Б.Оюунгэрэл: -Тус спортод эмэгтэйчүүдийн ангилал нь дотроо дөрөв хуваагддаг. Үзүүлбэртэй буюу гимнастикийн хөдөлгөөнтэй, арай илүү булчинлаг бодифитнесс, бүр илүү булчинтай эмэгтэй бодибилдингийн физик төрөл болон бикини гэсэн ангилалд орно. Харин бикини төрөл нь их хэмжээний булчин хөгжүүлдэггүй учир эмэгтэй хүний гоо зүй, нарийн бэлхүүс, зөв хэлбэртэй өгзөгний булчин гэх мэт өв тэгш галбирыг шаарддаг.
-Жилийн 365 хоногийн өдөр бүр бэлтгэлтэй байхыг шаарддаг уу. Эсвэл тэмцээний өмнө тусгайлан бэлтгэл хийдэг үү?
Б.Оюунгэрэл: -Хэн илүү их бэлтгэлээ хийж формоо хадгалсан нь амжилт гаргадаг. Тэр нь тэмцээний үеэр тайзан дээр илт харагддаг. Тэгэхээр байх. Мэдээж түүнд нь баяр ёслол болон тэмцээнд оролцохоор гаднын улсыг зорихоор онгоцонд зорчсон өдөр хоногууд л ордог. Бусад өдөр тэмцээний бэлтгэлд гарсан гараагүй хамаагүй өдөрт хоёр удаа зааландаа очиж бэлтгэлээ хийдэг. Ингэж байж илүү амжилт гаргах учир бэлтгэл бидний хувьд нэгд бичигдэх чухал зүйл юм.
-Спортын төрлийг хүнд, хөнгөн гэж ангилж болно байх. Үүгээр бол бодибилдингийн спорт хэр хүнд төрөл вэ?
Б.Оюунгэрэл -Бикини ангилалд формоо хадгалах, эмэгтэйлэг байдлаа авч үлдэх чухал шаардлага бий. Ингэхийн тулд торгон мэдрэмж хэрэгтэй. Эмэгтэй хүн аль өнцгөөсөө илүү гоё харагдах вэ, аль булчингаа илүү хөгжүүлэх вэ гэдэгт мэдрэмж ихээхэн шаардагдана. Үүний тулд хүнд дасгал хийнэ. Гэхдээ бэлтгэлээ хийхдээ аль болох мэдрэмжээ ашиглаж дасгалаа хийх хэрэгтэй. Дасгал хийхдээ нэг өнцөг өөрчлөхөд л булчингийн оролт өөр болчихдог. Тиймээс энэ асуудалд манай нөхөр надад маш сайн зааж зөвлөдөг.
-Эмэгтэй тамирчны хувьд биологийн жамаараа амьдралынхаа аль нэг цаг хугацаанд жирэмсэлж, хүүхэд төрүүлнэ. Тэгэхээр тэр явцдаа жин нэмж булчин өөхөлж, суларсан байх тохиолдол бий. Таны хувьд үүнийг хэрхэн даван туулсан бэ?
Б.Оюунгэрэл: -Би хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхдээ кесарь хагалгаагаар төрүүлсэн. Эмэгтэйчүүдийн дунд хагалгаагаар төрсний дараа гэдэс унждаг буцаж турах хэцүү гэсэн ойлголт байдаг шүү дээ. Миний хувьд тэр үгэнд нэг их итгэдэггүй бас өөрөөрөө төрж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Гэтэл эцсийн мөчид өөрөөрөө төрөх боломжгүй болж кесарь хагалгаа хийлгэх шаардлагатай болсон. Харин хэсэг хугацааны дараа хэвийн жиндээ эргэж очих бүрэн боломж байдаг юм билээ.
Хоёр дахь удаагийн төрөлт дээрээ би маш их жин нэмж 85 кг болсон. Тэр юунаас болсон бэ гэвэл эхний төрөлтийн дараа богино хугацаанд их жин хаяж хэвийн жиндээ очсонтой адил байна гэж бодсон байсан. Тэр үед өөрийгөө их ядраасан учир энэ удаад аажуу тайван байя гэж бодоод нэг хэсэг өөрийгөө хаячихсан байлаа. Хасаж чадах юм чинь гэж буруу бодсоноос болоод нэг л мэдэхэд таргалчихсан. Тэгээд хоёр жилийн өмнө хичээж байгаад хэвийн жиндээ буцаж очин бэлтгэлээ үргэлжлүүлсэн. Үүнээс ойлгосон зүйл бол , з гэдгийг ухаарсан.
Тархин дахь буруу бодол л саад болдог болохоос биш таргалсан бие буцаж турдаг, хэт туранхай хүн булчингийн массаа нэмж чаддаг.
Тэгэхээр хүүхдээ төрүүлээд жин нэмсэн ээжүүд үүнийг уншиж байвал битгий санаа зовоорой. Хүүхдээ хөхүүлж байх тэр хугацаандаа өөрийгөө тайван байлгаарай гэж хэлье.
-Таны хувьд сүүлд ямар тэмцээнд оролцож хэдий хэр амжилт гаргасан бэ?
Г.Дорж: -Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-17-ны хооронд АНУ-ын Лас Вегас хотод болсон Мистер олимп тэмцээнд оролцоод ирсэн. Уг тэмцээн нь бодибилдингийн спортын олимп юм. Тэмцээнд нийт 60 орны 1000 орчим тамирчин оролцсон нь урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй болсныг илтгэж байгаа. Миний хувьд тус тэмцээний бодибилдингийн 70 кг-ийн төрөлд алтан медаль хүртсэн. Мөн 2021 онд тус төрөлд алтан медаль авч байсан. Ингээд аваргын медалиа бататгаж хошой аварга болсондоо баяртай байгаа. Харин манай эхнэр тус тэмцээний бикини төрөлд 28 хүнтэй өрсөлдөж шилдэг тавд шалгарсан. Түүнчлэн манай тамирчин н.Хэрлэн тус тэмцээний классик бодибилдингийн төрөлд түрүүлж про картын эзэн болсон. Манай улсаас нийт 10-аад тамирчин оролцож амжилт гаргаад ирсэн.
-Та хоёрын хувьд ямар холбоонд харьяалагддаг вэ?
Г.Дорж- Бид хоёрын хувьд аль аль холбоонд нь л харьяалагддаг. Бэлтгэл хийж эхэлсэн цагаас хойш 25 жил өнгөрчээ. Сүүлийн үед дэлхий нийтэд л хоёр хуваагдчихсан болохоос биш үндсэн буюу IFBB болон WBFF гэж холбоод бий. Бид хоёр сүүлийн үед гадагшаа тэмцээнд их явах болсон. Монголдоо өрсөлдөхөөс илүү дэлхийд гарах гэж зорьж буй нь энэ. Америкт Арнольд классик болон Бодибилдингийн олимп гэсэн хоёр том тэмцээн болдог.
Би Арнольд Шварценеггерийн нэрэмжит Арнольд классик тэмцээнд 2017 онд түрүүлж алтан медаль хүртэж байлаа. Тус тэмцээнд маш олон мэргэжлийн тамирчин ирж оролцдог, Арнольдоос шагнал хүртдэг учир нэр төрийн хэрэг байсан. Мөн 2017 онд IFBB-с зохион байгуулдаг бүх дэлхийн чансааны тэмцээнд оролцож эхний гуравт жагссан. Үүнийг шалгаруулахдаа жин харгалзалгүй тухайн жилд тэмцээнд оролцсон бүх онооны нийлбэрийг нэгтгэж шилдгийг нь тодруулдаг.
-Энэ спорт зэрэглэл, зэрэг тогтоохдоо юуг шалгуур болгодог вэ. Өөрийн рекордоо шинэчлэх, олон удаа аваргалах гэх мэтийн алийг нь голчилж авч үздэг бол?
Г.Дорж: -Жил бүр бүх тамирчдын зэргийг тогтоодог. Жишээ нь 2017 онд би дэлхийд тэргүүлж яваад сүүлийн тэмцээндээ тааруу оролцоод гуравт эрэмбэлэгдэж байсан. Оролцсон тэмцээн бүрд оноо тавиад явдаг. Ингэхдээ хамгийн том хоёр тэмцээн, дэлхийн болон азийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан оноо зэргийг нэмнэ. Жүдо, чөлөөт бөх зэрэг шиг жин тус бүрд нь тогтоодоггүй бүх л тамирчны амжилтыг жагсааж тогтоодог.
-Ингэж асуусан нь манай улсын зүгээс тус спортоор хичээллэдэг тамирчдын амжилтыг хэрхэн үнэлж гавьяа шагнал олгодог, дэмжиж тусалдаг вэ гэдэгтэй холбогдож байгаа юм. Ер нь төр засгаас бодибилдингийн спортыг дэмжиж байна уу?
Г.Дорж: -Манай улс спортын дөрвөн төрлийг л голчилж дэмжээд байх шиг. Үүгээр дамжуулж хэлэхэд бүх спортын үндсэн суурь нь бодибилдинг байдаг. Бөх, жүдо, сагс гээд ямар ч төрлийн спортоор хичээллэсэн бай тухайн тамирчин хүчний бэлтгэл хийнэ. Булчинтай байж, булчингийн ажиллах чадвартай сайн байснаар тухайн тамирчин амжилт гаргадаг. Харин манай улсад энэ спорт нэг их үнэлэгддэггүй. Сүүлийн үед л хүүхэд залуус сайн дураар хичээллэх сонирхолтой болж цахим орчин хөгжсөнөөр төр засгийн удирдлагууд ч хичээллэх болсон харагддаг. Миний гаргасан амжилт, хичээл зүтгэлийг төрөөс үнэлж 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгож байсан. Цаашид тус спортоор хичээллэж амжилт гаргасан тамирчдыг илүү сайн үнэлж дэмжээсэй гэж хүсдэг.
-Та хоёрын дараагийн зорилго юу вэ?
Г.Дорж: - Би өөрийгөө Мистер олимпийн сонирхогчдын төрөлд хангалттай өрсөлдөж болсон гэж үзэж байгаа. Одоо мэргэжлийн тамирчдын зэрэглэлд хүч сорих төлөвлөгөө байна. Манайхан спортыг мэргэжлийн, сонирхогчдын гэхээр ойлгодоггүй. Жишээлбэл, боксоор тайлбарлавал олимпийн бокс сонирхогчдын төрөл. Харин Тайсонд тулалдаж рингэнд гарах нь мэргэжлийн боксын тулаан болдог. Манай спортод про карт гэж бий. Би түүнийг авчихсан тул энэ эрхээрээ мэргэжлийн тэмцээнд оролцож болно. Ингээд харахад мэргэжлийн бодибилдингд хүч үзэх л дутуу байна даа.
Манай эхнэрийн хувьд Мистер олимп тэмцээндээ түрүүлэх зорилго бий. Бид хоёр дуртай ажлаа хийж байгаа учраас мэргэжлийнхээ дагуу бизнес хийх төлөвлөгөөтэй байна. Удахгүй өөрийн гэсэн фитнес клуб нээх мөрөөдөл байгаа. Одоогоор уураг, нэмэлт хүнсний тэжээл, витамины бизнес хийж эхлүүлж байна. АНУ-аас хамгийн нэр хүндтэй брэндийн албан ёсны эрхийг авчихсан. Тиймээс дэлгүүр нээж ажиллуулж эхлэх гэж байна. Манай иргэдийн нэг төөрөгдөл бий. Бодибилдинг бол биед муу, өсөлт зогсоодог, уураг уувал элгэнд муу гэх мэт дам яриа их байдаг. Үүнийг арилгахын тулд өөрийн гэсэн томоохон клуб нээх хүсэлтэй байгаа. Спортын анагаах ухаан төдийлөн сайн хөгжөөгүй учраас эмч нар ч гэсэн өвчтөндөө уураг уух элгэнд муу гэж зөвлөж байна. Уургийн бэлдмэл хийхийн тулд тухайн компаниуд маш олон жил нарийн судалгаа, туршилт хийж тухайн бүтээгдэхүүнээ гарган авдаг. Би 25 жил энэ спортоор хичээллэхдээ уургийн бэлдмэл тасралтгүй ууж байна. Мөн би гурван сар болоод л цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч тогтмол үзлэг, оношилгоонд хамрагддаг. Миний бие тус шинжилгээнүүдийн хариугаар цоо эрүүл гардаг. Үүнээс илүү нотолгоо гэж юу байхав дээ. Маш олон фитнес клуб нээгдэх боллоо. Ингэхдээ буруу сурсан багш хүнд зөв мэдээлэл өгөхгүй, хэт хүнд дасгал хийлгэж байдаг. Ачааллыг нь хэт нэмэгдүүлж бэртэл гэмтэлтэй болгох нь бий. Ингэснээр нийтэд энэ спортын нэр хүндийг сөрөг болгон өөрчилж буй тал байгаа.
Булчин гэхээр л хүмүүс буруугаар ойлгоод байдаг. Энэ үгийг махчилж ойлговол мах гэсэн үг шүү дээ. Энэ булчингууд хүний биеийн тулгуур болсон араг ясыг бэхэлж байна. Тэгээд булчингийн хэмжээ нь багасаж алга болбол дархлаа муутай, бие султай болно. Хамгийн наад зах нь босож суухад хүртэл хөлийн булчингууд маань ажиллаж хэрэг болдог. Бодибилдингийн спортоор хичээллэнэ гэхээр ихэнх нь маш том аварга булчинтай мэргэжлийн тамирчнаар л төсөөлж боддог.
Зүгээр л илүүдэл өөхгүй, эрүүл чийрэг, гоо үзэмжтэй бас ажиллах чадвар сайтай байхын тулд дасгал хийдэг.
Мөн хүн болгон том булчинтай болно ч гэж байхгүй. Эмэгтэйчүүдийн дунд байдаг ойлголтоор эрэгтэй хүн шиг галбиртай, хэт том булчинтай болно гэж бодох нь бий. Тэгэхээр эмэгтэй хүн байгалиасаа эр даавар буюу тестрогены хэмжээ багатай учир эрэгтэй хүн шиг тэгж их аварга булчинтай болохгүй. Хүн өөрийгөө болчихлоо гэж бодох үед л дутуу боловсорсноо ойлгодог. Ямар ч үед биеэ тоолгүй аль болох даруухан хөдөлмөрлөөд л хэрэгтэй гэж боддог.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН