Монгол Улсад эд эрхтний донор болохыг албан ёсоор зөвшөөрсөн 40 гаруй иргэн байдаг. Гэвч 10 мянга гаруй хүн донор хайж, хүлээж өдөр хоногийг өнгөрөөж байна. Нэг донор ойролцоогоор найм орчим хүний алтан амийг аварч, буян үйлддэг ажээ.
Хүмүүний үхэл, сэхлийн тухай нарийн учгийг өгүүлэх 10 ангит “Хүнд хэрэгтэй хүн” уран сайхны киног “Эрхэт Монгол” медиа групп, “Nomadia pictures”, “Moxie” продакшн хамтран бүтээжээ. Тус уран бүтээл тун удахгүй өргөн нэвтрүүлгийн “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болох юм. Цувралын зохиол, найруулгыг Л.Энхбаяр бичсэн бөгөөд түүнийг 60 жилийн өмнө Угтаалын сангийн аж ахуйд гарсан гал түймэрт алтан амиа өргөсөн 13 залуугийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “Халуун сэтгэл” уран сайхны киногоор нь үзэгчид ичнээ таних болов уу.
2008 онд “Халуун сэтгэл” киног өргөн дэлгэцнээ гарахад хүүхэд, хөгшидгүй бүгд кино театрын зүг зүглэж байсан гэдэг. Олон түмний дунд гашуун сургамж болон үлдсэн бодит үйл явдлын тухай өгүүлэх тус уран бүтээлийн зохиолыг тухайн үеийн “Эрхэм элч” нэгдлийн захиалгаар Соргодогийн Жаргалсайхан бичиж, найруулагчаар нь Лувсандоржийн Энхбаяр хэмээх энэ эрхэм ажилласан байдаг. Хэдийгээр бодит түүхээс сэдэвлэсэн ч түүнийг олон нийтийн таашаалд хүртэл найруулан дэлгэцийн бүтээл болгож, тухайн бүтээл нь өнөөг хүртэл чансаа өндөртэй дэлгэцийн бүтээлээр нэрлэгдсээр буй нь яахын аргагүй найруулагчийн ур чадвартай шууд холбоотой. “Халуун сэтгэл” төдийгүй “Тавилан 1, 2”, “Хайр харуусал”, “Найз”, “Дурлалд тавтай морилно уу”, “Өв залгамжлагч”, “Хилэн” зэрэг олны таашаалд нийцсэн олон уран сайхны киног найруулан ажилласан Л.Энхбаярын дараагийн даацтай уран бүтээл “Хүнд хэрэгтэй хүн” цуврал болж байна.
-Арав гаруй жилийн дараа уран бүтээлдээ эргэн ирж байна гэж сонссон. Үзэгчдэдээ дэлгэцийн цуврал бүтээл гэх том бэлэгтээ ирж байна даа?
-Сүүлийн арван жил СУИС-ийн Найруулах, жүжиглэх урлагийн тэнхимд Жүжигчний уран чадварын багшаар ажиллаж байгаад ирлээ. Гэхдээ зүгээр суусангүй өмнө нь бодоод эхлүүлчихсэн байсан 2-3 бүтээлээ дуусгасан. Хамгийн сүүлд 2013 онд “Тавилан 2” киног хийснээс хойших анхны бүтээл маань энэ кино болж байна.. “Хүнд хэрэгтэй хүн” киноныхоо зохиолыг өнгөрсөн намар бичээд одоо ийнхүү 10 ангит цуврал кино болгочхоод л сууж байна даа.
-Энэхүү цуврал анхны олон ангит бүтээл тань болж байна уу. Хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?
-Өмнө нь 20 ангитай цуврал бүтээлийн зохиол бичсэн. Гэхдээ захиалгаар хийж гүйцэтгэсэн ажил учраас хэзээ дэлгэцийн бүтээл болохыг нь мэдэхгүй байна. Энэ кино миний хийсэн анхны олон ангит цуврал боллоо.
Хэдийгээр олон ангит кино хийсэн туршлага байхгүй ч судалж, мэдсэн мэдлэг бий учраас түүн дээрээ тулгуурлаад “усгүй” уран бүтээл хийе л гэж бодсон доо. Урьд нь кино бүтээхийн тулд эдийн засгийн асуудлаас болоод бүх зүйлээ өөрөө хийдэг байлаа шүү дээ. Ингэсний давуу тал нь ажлын ачаалал, ур чадварт суралцдаг байлаа.
Харин одоо тийм байхаа болиод тусгайлсан баг ажилладаг болсон байна. Тийм болохоор хурдтай ажиллах боломжтой болжээ. Кино маань нэгдүгээр сарын 27-ноос “ТВ8” телевизээр болоод IPTV-д байршиж эхэлнэ. Эхний нэг, хоёр ангийг кино театрт гаргах талаар бид мөн ярилцаж байгаа.
-Киноны зохиолыг та өөрөө бичиж, өөрөө найруулсан гэлээ. Сэдвийн хувьд хэзээнээс бодож, санаж явсан бүтээл вэ?
-"MOXIE" продакшн байгуулагдаад анхныхаа уран бүтээлийг надад даатгаж “Эд эрхтний донорын асуудлаар зохиол бичиж, найруулаад өгөөч” гэх саналыг тавьсан. Сэдвийн хувьд надад маш их таалагдсан. Судалж үзэхэд үнэхээр л донор иргэдийн асуудлыг хөндөж, нийгэмд гаргаж тавих зайлшгүй шаардлагатай юм байна гэж бодсон. Барьж авч бичээд 10 ангитай зохиол гарсан.
Магадгүй хүмүүст донор гэж яриад, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн тухай өгүүлээд байхад нэг их сонирхолтой санагдахгүй байж болох. Гэтэл өвчин зовлонд нэрвэгдээд, зайлшгүй донор хэрэгтэй болсон хүнд энэ асуудал хамгийн чухалд тооцогдож байна. Тиймээс энэ сэдэв сонирхлыг маань татсан учраас 2022 оны зургаадугаар сард зохиолоо бичиж, зураг авалт арваннэгдүгээр сарын 20-нд дууссан. Одоо ингээд дэлгэцэд гарахад бэлэн болоод байна.
-Донорын асуудал яахын аргагүй хүнд сэдэв. Эх сурвалжуудтай уулзах, судалгаа хийх тал дээр нэлээд бэрхшээл тохиолдов уу?
-Манай улсад донор хайж буй 10 мянга гаруй хүн байна. Гэтэл манай улсад эд эрхтнээ донор болгохыг зөвшөөрсөн 40 гаруй иргэн байдаг.
Энэ иргэд “Хэрэв надад ямар нэгэн зүйл тохиолдоод эмнэлэгт хүнд хэлбэрээр хүргэгдвэл эхний хоёр удаагийн аврах оролдлого хийгээд үнэхээр сэхэхээргүй, амьдрах боломжгүй, тархи үхжиж эхэлсэн бол гэр бүлийн маань зөвшөөрлийг хүлээлгүй эрүүл эд эрхтнийг минь донор болгоорой” гэх хүсэлт, шийдвэрийг гаргасан, ухамсарласан хүмүүс байдаг юм байна.
Монголчуудын өнө эртнээс сүсэглэж ирсэн шашин номын буруу зөрүү ойлголтоос үүдээд хүмүүс донор болох асуудлыг төдийлөн ойшоодоггүй. Гэтэл нэг донор иргэн дунджаар найман хүний алтан амийг аврах боломжтой. Ингээд бодохоор гайхамшигтай байгаа биз. Ийм үйлийг сурталчлахгүй, хүмүүст хэлэхгүй, таниулахгүй байж болохгүй.
-Үйл явдлыг сонсонгуут гол дүрүүд улам сонирхол татаад байна. Уран бүтээлчдийнхээ талаар яриач?
-Үндсэндээ зургаан гол дүртэй. Онцлох дөрвөн гол дүр бий. Зохиол бичиглэх явц нь уламжлалт байдлыг жаахан эвдээд хоёр шугам барьж үйл явдлыг өрнүүлсэн. Огт өөр хүмүүжилтэй, зан араншинтай хоёр бүсгүйн амьдралыг хоёр өөр шугамаас эхлээд эцэстээ уулзаж байгаа цэгээр нийт арван анги өрнөнө.
Донорын тухай өгүүлэхдээ үзэгчдэд хүчээр ойлгуулах бус маш сонирхолтой, адал явдалтай байдлаар ойлгуулахыг зорьсон. Донор гэдэг бол хүүхэд нь өвдөнгүүт аав нь амиа хорлоод эд эрхтнээ өгчихдөг асуудал биш ээ. Хэрэв ийм маягаар донор болох юм бол та эрүүгийн хариуцлага хүлээнэ гэх мэт донортой холбоотой бүх мэдээллийг кинондоо тусгаж өгөхийг зорьсон.
Мөн энэ асуудал энгийн ард иргэдээс эхлээд ихэс, дээдэст ч тулгамддаг учраас бүх давхаргын эх сурвалжийг ашигласан. Кинонд маань өнөө цагийн чадварлаг жүжигчид болох Ш.Доржсүрэн, Т.Бархүү, Ш.Жавхлан, А.Баттүшиг, Д.Хосбаяр, Д.Мөнх-Од, Н.Мөнхсоёл, Н.Энхтуяа нар оролцож тоглосон. Энэ дүрүүдээрээ дамжуулаад улс төр төдийгүй нийгэмд хүргэхийг хүссэн санаагаа хэлэх гэж бас оролдсон.
-Гол дүрийн тухай бичиж байхдаа жүжигчдийг нь оноогоод бодчихсон байв уу?
-Ер нь бүх зохиолчид тэгдэг байх аа. Тэгэхгүй бол дүрийн үйл явдал цааш хөдөлж өгөхгүй шүү дээ. Жишээ нь, “Энэ дүр дээр Т.Бархүү л тоглож чадна байх” гэж оноогоод дүрийг хөдөлгөөд бичихээр амар байдаг. Гол нь би тэр жүжигчдээ сайн таньдаг, мэддэг, хамтарч ажиллаж байсан болохоор ийм тохиолдолд ингэж л реакцилна даа гэдгийг сайн мэдэж байгаа юм.
-Киноны үйл явц ямар цаг үед өрнөх вэ?
-Сүүлийн 15 жилийн дунд өрнөнө. Үйл явдлууд цаг хугацааны хувьд хоорондоо их холилдоно. Дэлгэцийн бүтээл гэдэг чинь угаасаа өнгө будгийн урлаг учраас өнгөөр тоглохыг оролдсон. Олон жилийн өмнөхийг хар цагаан, тэрнээс хойшхыг нь бараавтар, одоо цагийг нь хурц тод өнгөөр илэрхийлэхийг зорьсон. Тэр маань онож уу гэдгийг үзэгчид үзээд л дүгнэх байх даа. Хэтэрхий их юм бодуулсан кино хийчихвэл үзэгчид уйдчих вий гэх айдас ч төрж байсан. Тиймээс киноны маань үйл явдалд үзэгчдийг уйдаахгүйгээр хөтөлж, сонирхлыг нь татахаар бүтсэн гэж ойлгож болно.
-Та ярилцлагын эхэнд сүүлийн арван жил СУИС-д уран чадварын багшаар ажилласан гэлээ. Энэ давуу тал тань жүжигчдэд их дэм болдог байх?
-Найруулагч хүний гол үүрэг жүжигчидтэй ажиллах. Жүжигчдийнхээ хэлж ярьж буй үгийг зөв хэлүүлэх, зөв гаргуулах тал дээр онцгой анхаарахаас гадна тэдний байгаа байдал, биеийн хэлэмж, дотоод сэтгэлийн илэрхийлэл зэргийг зөв чиглүүлж байж л үзэгчдэд хүргэх гэж байгаа санаа зөв очдог. Жүжигчинтэйгээ ажиллахгүй бол жүжигчин буруу яриад эцэст нь хөөрхий жүжигчид минь муу нэр зүүдэг байхгүй юу. Зарим найруулагч тухайн жүжигчнийхээ туршлагад нь дулдуйдаад орхичихдог нь алдаа болдог.
-“Хүнд хэрэгтэй хүн” цувралаас ямар хүлээлттэй байна вэ?
-Энэ киног IPTV-д байрлуулах учраас хүмүүс сонгож үзнэ. Дээр нь “ТВ8” телевизээр долоо хоног бүр үзэгчдэд хүрнэ. Тэгэхээр хүмүүс энэ сувгуудаас сонгож бүтээлийг маань үзэж байвал л тэр хүлээлтэд хүрч буй явдал юм. Зохиолч, найруулагчийн зүгээс үзэгчдийн ухамсарт донор иргэн хэчнээн чухал юм бэ гэдгийг ойлгуулж, донорын тоог нэмж чадвал тэр хүлээлтэд хүрч буй явдал. Үзэгчид донорын тухай мэдлэгтэй болоод үгүй болсныхоо дараа зүгээр шороонд булагдах бус эд эрхтнээ донор болгож орхивол олон хүний амь аврах юм байна гэдгийг ойлговол хэчнээн монгол ах дүүгээ аврах бол...
-Киноны нэг анги хичнээн минут үргэлжлэх вэ?
-Ойролцоогоор 45 минут үргэлжилнэ.
-Киноныхоо зохиолыг бичээд найруулахаар тэр бүтээлдээ орчихдог болов уу?
-Мэдээж аливаа юмыг төвлөрч хийхээр тэрэндээ хүссэн хүсээгүй орно. Одоо амьдарч буй нийгэмтэйгээ зөрчилдөнө. Жишээ нь, “Халуун сэтгэл” киног хийж байхдаа нэг тиймэрхүү байдалд орж байсан. Энэ кино өөрөө бодит түүхээр хийгдсэн. Зохиолыг нь би Соргодогийн Жаргалсайхан ахад захиалж бичүүлж байсан. Бид богино хугацаанд их дотно нөхөрлөдөг байлаа. Түүнчлэн найруулагч Б.Бадар-Ууган ахтай би маш богино хугацаанд их дотно нөхөрлөсөн хүн л дээ. Уран бүтээлч бүрд л нэг тиймэрхүү зүйл байдаг юм. Тэгээд зохиолоо захиалахаар очихдоо Жагаа ахад “Ахаа та зохиол бичихдээ Уугаа ахад маань зориулсан Ууган багш гэсэн нэг дүр, сцен гаргаад өгөөрэй” гэж аминчлан захисан юм. Тэгсэн Жагаа ах маань нөгөө киноны чинь гол дүрийг Уугаа ах бид хоёрын нэртэй холиод Ууганбаяр гэж нэрлээд зохиол болгочихсон байсан. Тэр хэсэгт нь би өөрөө тоглох ёстой болсон. Гэхдээ өөрөө найруулж байгаа учраас тоглох боломжгүй болоод найруулагч А.Баттүшиг буюу тухайн үедээ кино орчуулгын жүжигчин байсан залууг дуудаж, тоглуулсан. Энэ дүр А.Баттүшигийн анхны дэлгэцийн бүтээл. Тэр киног хийгээд явж байх үеийн процесс л надад хүнд мэдрэмж төрүүлсэн. Тэр үйл явдлын амьд гэрч болсон, амиа алдсан 17, 18-тай хүүхдүүдийн өмнөөс л сэтгэл өвдөөд байсан. Амьдралд дөнгөж хөл тавиад л буюу их сургуульд элссэн жилийнхээ намар тариан талбай руу ажилд очоод галд өртөөд амиа алдчихсан. Тэдэнд ямар их хүсэл мөрөөдөл байсан бол гэж бодохоор л харамсаад... Бусад уран бүтээлийг хийж байхад бол тухайн үеийн сэтгэл хөдлөлөө гаргаж, орох тохиолдол бий л дээ. Гэхдээ “Халуун сэтгэл”-ийг хийчхээд их удаан сэтгэлийн дарамттай явсан. С.Жаргалсайхан ах надад зохиолыг биччихээд авчирч өгөхдөө “Би энэ зохиолыг уйлж бичлээ. Одоо чиний хэр ур чадвартай найруулахыг харах л үлдлээ” гэж хэлсэн. Энэ нь надад их өндөр цензур тавьсан л даа. Харамсалтай нь Жагаа ах киногоо үзэж чадалгүй бурхан болсон. Би хичээгээд л энэ бүтээлийг хийсэн. Хожим нь хүмүүс над руу утсаар их залгаж баяр хүргэсэн.
-Найруулагч хүн сэдэвт их мэдрэг байна биз?
-Найруулагчид бүх цаг үед судалгаа шинжилгээ хийж байдаг. Сонин содон, онцлох үйл явдлыг хайж явсаар сүүлдээ сэдэвт соргог ханддаг мэргэжлийн өвчин маягийн юмтай болчихдог. Байдаг л зүйлд бол айхтар сонирхол төрөхгүй. Гэтэл мэдрэг санагдсан сэдвийг тэмдэглэж аваад, цааш яаж ургуулж болох вэ гэдгийг бичээд орхичихдог. Нэг бүтээл хийж байхад хүртэл дотор нь өчнөөн сэдэв өрнөнө. Би ер нь хувь тавилангийн л тухай бичдэг. Миний бүтээлүүд голдуу эргэж төрөх тухай, энэ насанд хийсэн үйлийн үрийн тухай, бид өнөөдөр үхсэн ч маргааш үр хүүхдээрээ дамжин үргэлжилдэг тухай л байдаг.
-Цаашид ямар уран бүтээл дээр ажиллах вэ. Цуврал бүтээл гаргах уу?
-Одоо уран бүтээлдээ ханцуй шамлан орж байна. Хэд хэдэн бүтээлийн санаа бий.
О.Шинэтуяа
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН