Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Атар өргөө” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид эрх ашгаа хамгаалахаар нэгдэн, Түр хороо байгуулжээ.
Түр хороо нь жижиг хувьцаа эзэмшигчдийн хууль ёсны эрх, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс гадна тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ), Гүйцэтгэх удирдлагуудын хууль бус үйлдэлтэй тэмцэхээ илэрхийлээд байна.
“Атар өргөө” ХК нь сүүлийн жилүүдэд ногдол ашиг тараахаа больж, компанийг ашиггүй ажилласан мэтээр тайлан гарган, зориудаар дампууруулах үйл явцыг зохион байгуулж, хуйвалдсан гэдгийг Түр хороо баримтаар дэлгэх юм байна.
Одоогийн удирдлагууд “Атар өргөө” ХК-ийг Хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) болгож, компанийн хэлбэрийг өөрчлөхөөр хурал зарласан боловч Санхүүгийн зохицуулах хороо уг хурлаа цуцлах, зохион байгуулахгүй байхыг хуулийн дагуу үүрэг болгожээ. Гэвч тус компанийн Санхүүгийн зохицуулах хорооны даалгаврыг үл тоон ахин хурал зарлаад байгаа ажээ. Мөн “Атар өргөө” ХК-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч “Бэрэн групп” нь Хөгжлийн Банкнаас арматурын үйлдвэрт зориулна хэмээн хоёр ч удаагийн зээл авсан ч “Атар өргөө” зэрэг ХК руу 5,7 сая ам.доллар, хувьцаа эзэмшигч Б.Мөнхтөрийн дансанд 1,5 сая ам.доллар шилжлүүлж, нийт 7,2 сая ам.долларын зээлийг зориулалтын бусаар зарцуулсан болох нь Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр ил болсон.
Энэ мэтчилэн компанийн бусад хувьцаа эзэмшигчдийг үл тоосон, хүнд нөхцөл байдалд оруулсан явдлууд шил даран болсоор байгаа тул дээрх Түр хорооныхон өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо, Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол, мэдээлэл хүргүүлэхээр нэгдээд байна.
Түр хорооны зүгээс мөн “Атар өргөө” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийг эрх ашгаа хамгаалах, эрсдлээс сэргийлэн энэхүү санаачилгад нэгдэхийг уриалсан юм.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Цэнхэр тасалбараар хувьцаа авсан иргэдийн эрх ашгийг бараг бүх компани зөрчиж байгаа. Бүх гишүүдийн хурал зарлан хийдэггүй, ногдол ашиг тараадаггүй олон жил болж байна